Э.Тэмүүлэнг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлаж, хохирогч, яллагдагч нартай уулзахыг хориглоод суллалаа

Э.Тэмүүлэнг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлаж, хохирогч, яллагдагч нартай уулзахыг хориглоод суллалаа

Яллагдагч Э.Тэмүүлэнг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа, прокуророос яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгуулах тухай санал гаргажээ.

Шүүх хэргийн материал, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явц, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хяналтын прокурорын санал, яллагдагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбартай танилцаж үзэхэд яллагдагч Э.Тэмүүлэнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгуулах тухай саналд тусгасан хууль зүйн үндэслэл тодорхойгүй, мөн саналд дурдсан “үйлдсэн гэмт хэргийн шинж буюу бусадтай бүлэглэн нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдан, эрүүл мэндэд нь хохирол учруулж, нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан байдал, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол зэрэг нөхцөл байдлыг харгалзан дээрх таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэх шаардлагатай” гэх үндэслэл хуульд тусгагдаагүй, прокурор гаргасан саналынхаа хууль зүйн үндэслэл, түүний нотлох баримтыг хуульд заасны дагуу шүүх, шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдод танилцуулаагүй, энэ талаар нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдаагүй байх тул хяналтын прокурор саналыг хангахаас татгалзаж шийдвэрлэв.

​Харин шүүхийн хэлэлцүүлэгт яллагдагчийн өмгөөлөгч “Яллагдагчид хэргийн бусад оролцогчидтой уулзахыг хязгаарлах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсан тохиолдолд зөрчихгүй гэдгээ илэрхийлж байна. Иймд прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авч өгнө үү.” гэх хүсэлт, ​Хяналтын прокурор шүүхийн хэлэлцүүлэгт “Яллагдагчийн өмгөөлөгчийн зүгээс таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлттэй байгаа бол ямар төрлийн таслан сэргийлэх арга хэмжээг авхуулах гэж байгаагаа тодорхой илэрхийлэх нь зүйтэй байна.” гэсэн тайлбар гаргаж байна. ​Иймд яллагдагч Э.Тэмүүлэнд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хохирогч, яллагдагч нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авч, энэ талаар гаргасан яллагдагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзлээ.