АН-ын даргыг тодруулах сунгаа саяхан явагдаж, тус намын даргаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл сонгогдож, Улсын дээд шүүхэд бүртгэгдээд байгаа.
Харин АН-ын даргын сунгаа эхлэх үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан намын даргад өрсөлдөнө гэдгээ мэдэгдсэн ч, түүний эзэмшсэн боловсролын асуудал шүүмжлэл дагуулсан юм. Тодруулбал, тэрээр Монголын хэвлэлийн хүрээлэнгийн сэтгүүлчийн коллежийг төгссөн бөгөөд дээд боловсрол эзэмшээгүй нь шүүмжлэл дагуулсан юм. Энэ тухайгаа УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан, "Боловсрол эзэмшиж чадаагүй нь миний буруу" хэмээн мэдэгдэж байв.
Тэгвэл УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн хугацаанд оюутан болсон тухайгаа мэдэгдсэн байна.
Тэрээр өөрийн facebook хуудастаа, "2025-2026 оны хичээлийн шинэ жил эхэлсэн тул үүнийг бичиж байна. Мань чинь оюутан болсон, эрхзүйгээр сурч байгаа гэдгээ хэлмээр санагдаад….. Миний хувьд Монгол улсад бараг ганцаараа дипломгүй тул хамгийн жигшмээр этгээдээр тодроод сар ч болоогүй байна. АН-ын даргад нэр дэвшихээ зарласантай энэ дуулиан холбоотойг та бүхэн мэднэ. “Би боловсролгүй” гэдэг нийтлэл маань шуугиан дэгдээсэнд уучлал хүсье. Гэхдээ би үнэнээ л хэлсэн.
Ер нь үнэнээ хэлчихвэл амар байдаг. Тухайн бичвэрийн дараа надад дургүй сэтгүүлч, сэтгүүлч бус хэдэн бүсгүй “Боловсрол хэрэггүй гэж хэллээ…. Боловсролгүй юм байж долоон буудалд очиж нохойны хоол зар. Өндөр боловсролтой хүмүүс хэрэггүй гэлээ ” гэцгээсэн. Бас “арчаагүй ядуу зүдүү амьдрал туулснаа бүү гайхуул” гэсэн. Мөн намайг дэмждэг хэсэг ”Диплом хэрэггүй. Боловсролтойнууд нь улсаа зарж идсэн” гэв. Уг нь “Би боловсролгүй” нийтлэлдээ “боловсрол хэрэггүй” гэж бичээгүй. Харин “боловсрол эзэмшээгүйд аав ээжийн минь буруу байхгүй. Миний л арчаагүйнх. Намайг уучлаарай” гэсэн юм. Энийг тэд улс төрийн зорилгоор гуйвуулсан…. За энэ ч яах вэ. Уг нийтлэлд би суралцсаар байгаа гэснийг хэн ч тоогоогүй. Харин одоо залуус дүү нартаа хандаж хэлэхэд “Сурах ёстой шүү. Диплом хэрэгтэй. Насны залууд сур, боловсор” гэж хэлье. Бас өөрөөрөө үлгэр болгон сурахад оройтдоггүй хэмээгээд 50 насныхаа босгон дээр сурч буйгаа зарлаж байна. Залуусаа, дүү нар аа…сурлагаараа уралдах уу. Хичээлээ таслахгүй шүү. Хэдхэн жилийн дараа дипломоо гардахдаа дүнгээ ил тавьцгаах уу. Би зөвхөн эрх зүйн чиглэлээр биш бас өөр нэг чиглэлээр сурч байгаа шүү. Ингээд сурч мэдэхийн төлөө урагшаа. Гэхдээ өрсөлдөөнтэй шүү ккк. Бүгдэд амжилт хүсье." гэжээ. Харин тэрээр ямар их сургуульд эрх зүйн бакалаврын зэрэг олж буйгаа тодорхой дурдсангүй.