Мөрдөгч асан Ч.Батзаан: Хүчингийн хэргийн хохирогч болсон 11 настай охины хэргийг илрүүлж, эцэст нь өөрөө ажилгүй болж, ял сонсох болоод байна

Мөрдөгч асан Ч.Батзаан: Хүчингийн хэргийн хохирогч болсон 11 настай охины хэргийг илрүүлж, эцэст нь өөрөө ажилгүй болж, ял сонсох болоод байна

Нялх балчир 11 настай охины хүчингийн хэргийг илрүүлсэн ч өөрөө хохирогч болоод байна гэх мэдээлэл цахим орчинд цацагдсан. Тодруулбал Дорноговь аймгийн Замын-Үүд суманд болсон бага насны хүүхдийн хүчингийн хэргийг илрүүлсэн мөрдөгч Ч.Батзаан нь өөрөө буруутгагдаж, ял авахдаа тулаад байгаа аж. Улмаар эл хэргийн анхан шатны шүүх хурлын бичлэг олны анхаарлыг татсан юм. Иймд бид уг хэргээс болж ажлаасаа чөлөөлөгдөж, ял авахдаа тулаад байгаа мөрдөгч асан Ч.Батзаантай ярилцлаа.

ВИДЕО:

-Та юун түрүүнд манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Миний бие Ч.Батзаан. 2016 онд Хууль сахиулахын их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөөд, тухайн жилдээ ажлын гараагаа эхэлсэн. Улмаар Замын-Үүд суманд эрүүгийн хэргийн мөрдөгчөөр ажиллаж байгаад ажлаасаа чөлөөлөгдсөн.

-11 настай охиныг хүчирхийлсэн хэргийг хэрхэн илрүүлсэн юм бол. Энэ хэрэг чухам юу болов гэдэг талаар мэдээлэл өгөөч?

-Тухайн хэргийг би 2023 оны хавар илрүүлсэн байдаг. Хэргийг илрүүлсэн нөхцөл байдлын хувьд хохирогчийг эхлээд олж тогтоосон. Тогтоохдоо бага насны охины тэмдэглэлийн дэвтэр дээрээ зурсан зургийг нь тайлж унших байдлаар хэргийн хохирогч болсон байна гэсэн нөхцлийг тогтоогоод, тухайн нөхцөл байдлаа мөрдөн шалгалтын явцад бага насны хүүхдийн эсрэг үйлдэгдсэн онц ноцтой хүчингийн хэрэг байна гэж олж тогтоосон байдаг.

-Тухайн хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн болов уу. Шүүхээс ямар шийдвэр гарсан байдаг юм вэ?

-Тухайн хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн. Шүүхээс мөрдөгчийн бүрдүүлсэн нотлох баримт нь хангалттай гэж үзээд, гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр шүүхээс 12 жилийн хорих ял оноосон байдаг. Надад холбогдсон хэрэгт шүүхийн хавтаст материал тусгагдсан байсан учраас би энэ талаар мэдээлэлтэй байгаа. Түүнээс биш тухайн хэргийн материалыг өөр байдлаар харсан зүйл байхгүй.

-11 настай хүүхдийн хүчингийн гэмт хэргийг илрүүлээд өнөөдөр яагаад өөрөө хэрэгтэн болчихов гэдэг нь олны анхаарлыг татаад байна л даа. Энэ дээр чухам яг юу болов?

-Тухайн хэргийг мөрдөх явцад хэрэг үйлдсэн этгээд тодорхой хэмжээний шан харамжийг амлаж байсан. Миний хувьд тухайн нөхцөл байдлаас шууд татгалзсан. Татгалзаад энэ асуудлыг шийддэг журмаар нь шийдсэн. Үүний ар дээр тухайн хэргийн холбогдогч надад өс санах, эсвэл ямар нэгэн байдлаар намайг уналтад оруулж, барьцаалах байдлаар өөрт ашигтай нөхцөл байдлыг үүсгэхээр гомдлыг гаргасан.

-Гэмт этгээд өөрийнх нь хэрэг илэрсэнд уурлаж, буцаагаад таныг хэрэгт татаж байна гэж ойлгож болох уу?

-Тийм. Энэ бол цэвэр гүтгэлгийн шинжтэй гомдол. Үүн дээр АТГ мөрдлөгийн ажиллагаа явуулсан. Мөн Замын-Үүд сумын сум дундын прокурорууд хяналт тавьж ажилласан байдаг.

-Хэрэг шүүхийн шатандаа яваа гэж ойлгоод байна. Энэ хэргийг тодруулж ярьж болох болов уу?

-Би энэ хэргийн шүүхтэй холбоотой асуудлыг ярихгүй. Миний бие Үндсэн хуульд заасан эрх үүргийнхээ хүрээнд үзэл бодлоо илэрхийлэх үүднээс, шударга бус энэ шийдвэртэй санал нийлэхгүй байгаа тул дуу хоолойгоо илэрхийлж байгаа. Мөн хууль бус шийдвэрээр намайг яллаад байгаа прокурорын гаргасан шийдвэрийг эсэргүүцэж байна. Хүчингийн хэргийн үйлдэгч надтай нэг удаа уулзалт хийсэн. Үүнтэй холбогдуулаад надтай уулзахын өмнө дэлгүүрээс худалдан авалт хийсэн байсан. Үүний дараагаар тухайн этгээд нь суманд байдаг авто угаалгын газар машинаа угаалгасан. Улмаар миний нэрээр тухайн байгууллагын дансанд төлбөр тооцоогоо хийсэн. Мөн манай эхнэрийн ажиллуулдаг байсан онлайн дэлгүүрээс өмд худалдан авч, түүний тооцоо нь манай эхнэрийн данс руу орсон ийм л нөхцөл байдал. Үүнийг яллах талын нотлох баримт болгож гаргаж ирсэн байдаг.

-Тэгэхээр магадгүй тэр хүн хэрэгт холбогдсон үедээ таныг буруутан болгох гээд энэ бүх зүйлийг зохион байгуулжээ гэсэн нөхцөл байдал харагдаад байх шиг байна?

-Тийм. Жишээлбэл миний прокурорын гаргасан шийдвэрийг эсэргүүцээд байгаа гол шалтгаан нь тухайн этгээд шат шатны шүүхээс гэм буруутай нь тогтоогдоод бага насны хүүхдийг онц ноцтойгоор хүчирхийлсэн нь тогтоогдсон. Тухайн хэрэгтний эрх ашиг гэж байдаг бол надад ч гэсэн байх ёстой. Тиймээс би прокурорын байгууллагаас эрх зүйн зарчмыг хангаж өгөөч гэж удаа дараа хүссэн. Энэхүү хүсэлтээр би мөрдөн шалгах ажиллагаанд тухайн этгээдийн ярьсан  яриаг нь яллах талын гол нотлох баримт гэж үзээд байгаа бол Миний зүгээс илэрхийлээд байгаа хэрэгт шаардлагатай баримтуудыг гаргаж өгөөч. Тухайн этгээдийн хэлээд байгаа гүтгэлгийн шинжтэй баримтууд үнэн зөв эсэх мэдээллийн эх сурвалжийг тогтоож өгөөч гэсэн хүсэлтийг удаа дараа тавьсан. Гэвч энэ ажлыг огт хийгээгүй. Үүнийг тогтоосон бол намайг гэм буруугүйг хангалттай тогтоочих байсан. Учир нь тухайн этгээд надтай хамт дэлгүүр орсон гэсэн асуудлыг дурддаг. Тэгвэл Замын-Үүд сум нь бүрэн камерын системтэй. Тэгэхээр прокуророос тухайн камерын бичлэгүүдийг ил тод болгож, хэргийн материалд хавсаргаж өгөөч гэж хандсан. Гэвч энэ ажиллагааг огт хийгээгүй. Үүнийг хийсэн бол намайг гэм буруугүйг хангалттай тогтоочих байсан. Иймээс би прокурорын байгууллагын шийдвэрийг эсэргүүцэж, хууль бус шийдвэр гаргасан гэж үзээд байгаа юм.

-Машин угаалгын газар төлбөрөө төлүүлсэн гэдэг асуудал яригддаг шүү дээ?

-Тухайн машин угаалгын газарт ажиллаж байсан настай хөгшин байдаг. Тухайн хөгшний дансанд хүчингийн хэргийн хохирогч угаалгын тооцоо гээд тодорхой хэмжээний мөнгөн дүнг “Заанаа” гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн байдаг. Тухайн хөгшнөөс мэдүүлэг авахдаа гэрийнх нь хувцастай байхад айлгаж ичээж авчраад, мэдүүлэг авах албан ёсны өрөө биш прокурорын бичиг хэргийн өрөө рүү оруулаад мэдүүлэг авсан байдаг. Мөн тэр хүчингийн хэргийн холбогдогчтой цуг байлцуулж байгаад мэдүүлэг авсан асуудлууд гарсан. Үүнтэй нь холбогдуулаад би прокурорын газарт хандсан. Энэ настай хөгшинтэй нүүрэлдүүлэн байцаалт өгмөөр байна гэсэн. Миний хүсэлтийг хүлээж аваагүй.

-Ер нь яагаад гэмт хэрэгтэн тантай холбоотой асуудал гаргаж ирээд, хэрэгтэй болгох гээд байна гэж харж байна?

-Нэгэнт хэрэг шийдэгдээд, яллагдагчаар татах шатандаа оччихоод байхад ар гэрийнхэн нь мөнгөнд хууртагдсан мэт ийм зүйл болоогүй болж хувирав гэдэг нь маш том хардлагыг төрүүлдэг. Прокурорын шатанд ийм ажиллагаа хийгдчихээд байгаа шүү дээ. Тэгэхээр би энэ прокуроруудыг хардах бүрэн дүүрэн нөхцөл байдал үүсэж байгаа юм. Хүчингийн хэргийн үйлдэгч надаас удаа дараа гуйгаад бүтэхгүй болохоор нь прокурорын шатанд хүслээ гүйцэлдүүлсэн болов уу гэж харддаг.

-Хүчингийн хэрэгт холбогдсон хүн нь ямар хүн байсан юм бол. Магадгүй хууль хүчний байгууллагад нөлөөлөх боломжтой хүн байсан юм болов уу?

-Би нэр усыг нь нууцална. Өмнө нь уг этгээд согтууруулах ундааны зүйл их хэрэглэдэг, үүнээсээ болж бусдын бие махбодод халдсан гэсэн зүйл ангиар шалгагдаж байсан хүн. Ажил мэргэжлийн хувьд тодорхой цалинтай, өндөр албан тушаал хашдаг хүн байсан. Замын-Үүд суманд өөрөө буулгагч механизмын оператор хүн байсан. Энэ нь өөрөө ковидын үед томоохон албан тушаалтнуудын ачаа барааг оочер дайруулсан асуудлуудтай холбогдох боломжтой байдаг.

-Таныг яагаад ажлаас нь чөлөөлсөн юм бол?

-Хууль журамд зааснаар төрийн алба хаагч энэ төрлийн хэрэгт холбогдох нь төрийн алба хаагчийн ёс зүй алдагдсан асуудал байна хэмээн албанаас чөлөөлсөн.

-Ер нь энэ хэрэг дээр прокуророор ажилласан х.Ганцэцэг, н.Батбаяр нар таны хүсэлтийг удаа дараа биелүүлээгүй нь магадгүй энэ бүх хэрэгт холбоотой юу гэсэн хардалгыг танд төрүүлж байх шиг байна?

-Байлгүй яах вэ. Энэ хардлагыг эргэлзээгүй болгосон шалтгаан байгаа. Надад бас эрх гэж бий. Угаас надад холбогдох баримтаар тухайн хэрэгтний эрхийг хангаад миний эрхийг хангахгүй гэж байгаа бол би бас годмол гаргана. Энэ хүн миний нэр төрд халдаад байна гэсэн гомдол гаргасан. Миний гомдлыг мөрдөн шалгах явцад намайг гэм буруугүйг нотлох зүйл гарч ирсэн байдаг. Тэр нь юу гэхээр тухайн угаалгын газрын ажилтан гэх настай хөгшин “миний дансанд мөнгө орсон асуудлыг мөрдөгч мэдээгүй. Энэ хүн та дансаа өгчих гээд мөнгө шилжүүлсэн” гээд үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн. Мөн угаалгын газрын эзэн нь “Энэ хүн өөрөө машинаа угаалгасан. Мөрдөгч машинтайгаа ирээгүй. Энэ хүн машинтайгаа ирж угаалгасан” гэсэн тайлбарыг өгсөн. Энэхүү нөхцөл байдал нь тухайн этгээд намайг гүтгэсэн гэх хангалттай нотлох баримт болж байна гэсэн үг. Нөгөөтэйгүүр намайг буруутгаад байгаа нотлох баримтуудыг няцаасан нотлох баримтууд орж ирж байгаа юм. Гэтэл тухайн гомдлыг нэр бүхий прокурорууд шууд хаачихсан. Тэгээд миний бие "энэхүү нөхцөл байдал нь энэ гомдлыг цааш үргэлжлүүлэн шалгахаар байна. Ядаж энэ хэргийг мөрдөн шалгах хэрэг бүртгэлтийн хэрэг нээж бусад шаардлагатай мөрдлөгийг хийж өгнө үү" гэсэн хүсэлт гаргасан боловч миний хүсэлтээс татгалзсан. Ингэснээр намайг жижиг суманд дахиж дуугарах эрхгүй болгож, боломжуудыг маань бүдгийг нь хаасан юм.




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө