С.Жадамбаа: Төр чөлөөт зах зээлд оролцож, эдийн засагаа унагачихаад түүнийгээ засахын тулд татвар төлөгчдийн мөнгийг үрдэг /ШУГАМ/

С.Жадамбаа: Төр чөлөөт зах зээлд оролцож, эдийн засагаа унагачихаад түүнийгээ засахын тулд татвар төлөгчдийн мөнгийг үрдэг /ШУГАМ/

1990-ээд он бол социалист нийгмээс ардчилал руу шилжих түүхэн чухал үе байсан. Гэвч энэ үеийн нийгэм, боловсролын салбар ороо бусгаа байсан гэхэд хилсдэхгүй. Тэгвэл тухайн үеийн хүүхэд, залуус боловсрол болоод бие бялдрын хувьд шилжилтийн нийгмийн золиос болсон талаар тухайн нийгмийн төлөөллүүдийн нэг С.Жадамбаа богино хэмжээний бичлэг хийн олон нийтийн анхаарлыг татсан. Иймд бид “ШУГАМ” нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаарт АН-ын дэд дарга С.Жадамбааг урьж, чөлөөт эдийн засаг болон 1990-ээд оны залуусын аж амьдралын талаар ярилцлаа.

ВИДЕО:

-Бид энэ удаа 1980-аад оны залуучуудын төлөөлөл болгож, өөрийг чинь урьж оролцуулж байна. Өөрийн чинь цахим орчинд байршуулсан богино хэмжээний бичлэгийг үзээд нэг зүйл миний анхаарлыг их татлаа. “Монголын нийгмийн эргэлтийн цэгийн золиос бол би болон бидний үе” гэж та хэлсэн. Үүнээс надад асуух хоёр асуулт байна. Та тэр бичлэгтээ 1990 оны үеийн нэг нийгмээс нөгөө нийгэмд шилжих үеийг хэлж байгаа юм уу? Эсвэл та өөрийгөө энэ эргэлтийн цэгийн бодит золиос гэж үзэж байгаа юу?

-Энэ бичлэгийг хийсний дараа манай үеийнхэнд их таалагдсан. Би өөрөө бодитойгоор биеийн хувьд ч боловсролын хувьд ч бүх талаараа энэ эргэлтийн золиос нь. Учир нь би бол 1990 оны нэгдүгээр ангийн хүүхэд. Нэгдүгээрт бид боловсролын золиос болсон. Манай үеийнхэн бүгд эгшигт гийгүүлэгчээ алдаж бичдэг. Крилл үсэг үзэж байсан. Зарим нь монгол бичгээр эхэлсэн. Тэгээд энхтайвны корбусын замаар монгол хэлнээс англи хэл үздэг боллоо. Нэг багш ирээд нэг жил англи хэл заасан. Гэтэл дараа жил нь ахиад нэг шинэ багш ирээд дахиад үсэг заагаад эхэлсэн. Ийнхүү гурван жил англи үсэг үзсэний дараа ерөөсөө больё гэж бодоод Орос хэлний групп руу орсон чинь аль хэдийнээ биднээс тасраад явчихсан байсан. Ингээд хэлний хувьд бид золиос болсон. 2000 онд 10 дугаар ангиа төгслөө. Тэр үед хувийн сургуулиуд бүгд лебариалчлагдсан. 2004 онд бид төгсөөд ажлын байран дээр гарсан чинь эргэлт нийлүүлэлтийн хуулиар бид илүүдээд, ажлын байргүй болсон. Бид нарт ганц сонголт байсан нь Солонгост ажиллах. Тухайн үед Солонгост гэрээт ажилтан авна гэсэн байсныг хараад ихэнх нь явж байлаа.

Ийнхүү бид өөрсдөө бүх зүйлийн золиос болсон. Картын системд шилжих үе яг бидний өсөлтийн нас болж таараад давс, мах, төмс, лууван зэрэг хэдхэн төрлийн ногоо байсан тул тухайн үеийн хүүхдүүд бүгд намхан болчихсон. Манай үеийнхэн дунд өндөр хүүхэд ганц хоёр л байсан. Үүнийг би “золиос” гэж томьёолж байгаа. Тэр агуулгаар л уг бичлэгээ хийсэн. Бидний үе олон зүйлд золиослогдсон ч гоншигноогүй. Энэ нь дахиад бизнес дээр илэрсэн. Бид өмч хувьчлалд оролцоогүй. Бид үнэгүй юу ч аваагүй, хэн ч бидэнд мөнгө өгөөгүй. Гэтэл өнөөдөр төр бизнесийг улам л хумиад байна. Чөлөөт эдийн засгийг байхгүй болгох гээд байна. Ардчилсан улсын үндэс бол баян иргэн. Энэ байхгүй бол хоногийн хоолны талаар л бодно. Өнөөдөр Монголчуудын 50-аас дээш хувь нь ядуу байна. Бүгд халамж руу шилжчихлээ. Иргэд улс төр, парламентад итгэхээ больсон. Энэ агуулгыг л би нэг өнцгөөс нь хөндсөн юм.

-Бидний үеийн залуус нийгмийн өмч хувьчлал, баялгийн тэгш бус хуваарилалтанд үнэхээр оролцоогүй. Миний хувьд Монгол бичиг үзэж байсан. Гэхдээ гүйцэд сураагүй. Орос хэл, крилл үсэг үзсэн. Бидний үеийн залуус бол тэр үеийн нийгмийн золиос болчихсон. Бас нэг зүйлийг асуумаар байгаа нь та ер нь баруун, зүүн, төвийн аль үзэлтэй хүн бэ?

-Би бол баруун төвийн үзэлтэй хүн. Тийм ч учраас АН-ын гишүүн. Баруун төвийн үзэл гэдэг бол чадварлаг жижиг төр. Чадалтай хувийн хэвшил. Иргэн баян байх ёстой гэдэг маш энгийн үзэл. Зүүн төвийн үзэл гэдэг нь бүгд ижил тэгш байя гэсэн үзэл. Энэ үзэл Монгол Улсад нэлээд давамгайлаад байх шиг байна. Учир нь эрх баригчид өөрсдөө зүүн төвийн үзэлтэй. Энэ ч утгаараа хувийн хэвшлийг хэт их боомилсон буюу төр хүчтэй байх тухай ойлголтыг маш ихээр бодлогын түвшинд гаргаж ирж байна. Энэ өөрөө эрсдэл.

-Миний хувийн дүгнэлтээр бол таны хувийн бизнес амжилттай яваа. Ер нь баруун төвийн үзэл бол эдийн засаг дахь төрийн оролцоо бага байх, зах зээл төрийн оролцоогүйгээр нийгмийн зарчмаар хөгжих ёстой гэж үздэг. Та бизнес эрхлэгч, татвар төлөгч хүний хувьд энэ зарчим хэрэгжиж чадаж байгаа юу?

-Яг үнэндээ энэ зарчим алдагдаад их удчихлаа. Хамгийн сүүлийн жишээ гэхэд гурилын үнийг чөлөөлөх, гурилын үнийг хямдруулах асуудлаар төр үндэсний үйлдвэрлэгчид рүүгээ дайрч эхэлж байна. Хуулийг нь батлаад нэг тийш нь болгочих шиг боллоо. Гэхдээ дотор нь задлаад үзэхээр маш олон асуудал байдаг. Гол зарчмын алдаа нь юу байна вэ гэхээр төр өөрөө чөлөөт зах зээлд хэт ороод ирэхээрээ буруудчихдаг. Дахиж сэргэхгүй болох суурь бүрдэж байна гэсэн үг. Буцаагаад түүнийгээ төр авч явахын тулд татвар төлөгчдийн мөнгийг зарцуулдаг. Ингэснээр ажлын байр хадгалах, дэлхийд өрсөлдөх гэдэг ойлголт байхгүй болно. Төрийн оролцож байгаа бизнес дандаа л унаж байдаг байхгүй юу. Төрийн оролцох ёстой салбар, бизнес гэж байна. Гэхдээ хэмжээнээсээ л хальж болохгүй. Үүнээсээ халиад ирэхээрээ л чөлөөт бизнесийг үндсэнд нь байхгүй болгодог. Яг одоо бид үндэсний хэмжээний том корпорациудыг илүү олон бий болгох ёстой. Стратегийн том төслүүдээ явуулах ёстой. Гэхдээ тэр төслүүдээ төр өөрөө хийх бус хувийн хэвшлүүдээр хийлгэх ёстой. Түүнд тохирсон эрх зүйн орчин, менежментийг л бүрдүүлэх хэрэгтэй юм. Энэ нь нийгмийн жижиг асуудлууд, цалин, тэтгэмжийг шийдэх гол зүйл байдаг. 1962 онд Солонгосын Пак Жү Хи нэг том шийдвэр гаргасан нь БНСУ дэлхийд өрсөлдөх электрониксийн үйлдвэртэй болно гэж шйидсэн. Гэхдээ тэрийгээ төр хийгээгүй. Компаниудыг дуудаад шууд зээл өгсөн. Тэдний нэг нь самсунг. Самсунгийн үндсэн эхлэл нь даавууны компани. Түүнийг засгийн газар нь бодлогоор дэмжээд 72 жилийн дараа Солонгос улс дэлхийд электронисоор тоглолт хийж байна шүү дээ. Мега төсөл буюу урт хугацааны төслүүд л улсыг хөгжүүлэх гол суурь байдаг. Өнөөдөр бид зах зээлийг чөлөөлж, минимум төслүүдийг тавьж өгөөд бүх бизнесийг нь хийлгэх хэрэгтэй. Бид гуанз байгуулж өгөөд рестораны түвшний стандартыг мөрдөх ёстой гэдэг нь утгагүй. Бидний шүтээд байдаг Солонгост хүмүүс нь гудамжиндаа байдаг гуанзанд ороод л хоол иддэг. Тэр нь хотод муухай харагдаад байгаа зүйл огт байхгүй. Улсын бодлого иргэнээ сайхан амьдруулахад оршдог. Бид бодлогоор иргэдийг өөрсдийг нь ажилгүй байлгах орчныг бүрдүүлж өгөөд байгаа юм. Бидний хамгийн чухал зүйл нь чөлөөт зах зээлийг тавьж өгөх хэрэгтэй.

-Та чөлөөт зах зээлийн үндсэн зарчмыг ярьж байна. Гурилын гаалийн татварыг тэглэх хуулийн тайлбарыг хэлэхдээ манай улсын гурил үйлдвэрлэгчид зах зээлд ноёлоод үнээ нэмээд байна гэсэн. Улмаар гурилын импортыг чөлөөлж, квотгүй болгосон. Гэхдээ энэ хуулийг Засгийн газар шийдээгүй. УИХ батлаад өгсөн. Эрх баригчид Үндсэн хуулинд өөрчлөлт оруулаад парламентийг 126 гишүүнтэй болгочихлоо. Энэ парламентийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа хоёр хүрэхгүй сарын дараа дуусах гэж байна. Ер нь 126 гишүүнтэй байх шаардлага байгаа юу. Мөн парламентийн засаглал бол тусгаар тогтнолын баталгаа гэж би хувьдаа үздэг. Та АН-ын дэд даргын хувьд 126 гишүүн сонгох талаар ямар байр суурьтай байгаа вэ?

-Монгол Улсын Үндсэн хуулинд тусгагдсан энэ өөрчлөлтөнд би хувьдаа сайшаалтай байгаа. Учир нь өнгөрсөн хугацаанд Орос, Хятад гэдэг хоёр том гүрний дунд байгаа манай орны хувьд их гүрнүүдийн бодлогын нөлөө байсаар ирсэн. Цаашдаа ч байсаар байх болно. Дэлхийн геополитик маш хурдацтайгаар хувьсан өөрчлөгдөж байгаа энэ үед 126 гишүүн сонгох талаар Үндсэн хуульд тусгаж өгсөн нь алт шиг шийдвэр. Өөрөөр хэлбэл үнэмлэхүй олонх байх үедээ геополитикоо хараад гаргаж байгаа энэ шийдвэрт миний хувьд их баяртай байгаа. Учир нь цаашдаа байнгын олонх, байнгын эрх баригч гэсэн ойлголт байхгүй болно. Энэ бол Монгол Улс хөгжихөд онцгой хувь нэмэр оруулна. Мөн урт хугацааны бодлогоо баримтлах нь хамгийн чухал зүйл. Иргэд тоог нь олон болгохоор парламентад итгэх итгэл сулраад байгаа юм. Учир нь өнгөрсөн 30 жилийн хугацаанд парламентийн гишүүд л баяжиж ирсэн. Гэхдээ энэ цаг үед 76 гишүүн байгаад лобби бүлэглэл үүсээд байсан бол одоо 126 болгож тэр бүлэглэлийг сулруулж байна. Өөрөөр хэлбэл лобби бүлэглэл үүсгэх боломжууд нь хязгаарлагдаж байгаа юм. Энэ давуу талууд урт хугацаандаа ажиглагдана.

-Сүүлийн нэг жишээ байгаа нь Болосролын ерөнхий хуулинд Англи хэлийг Монгол сурагчдын заавал судлах хоёр дахь гадаад хэл байна гэдэг заалт ороход бусад их гүрний нөлөө байсан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ хуулийн заалтыг парламентийн гишүүд баталчихсан. Энэ л парламентийн засаглалын нэг том мөн чанар. Тийм үү?

-Хэрвээ нэг хүний засаглалтай байсан бол энэ хуулийг батлуулж чадахгүй. Бид олон намын засаглалыг үгүй хийх аваас нэг хүний засаглалд шилжээд зарим нэг гүрний араас орно. Иргэд өөрсдөө улс төрийн тогтолцоог ойлгохоо больчихсон. Сонгогчийн боловсрол байхгүй байгаа учраас мөнгөтэй бүлэглэл худалдаж авах боломжийг бүрдүүлээд байна хэмээн үзэж байгаа. Олонхийн саналыг хэн ч худалдаж авч чаддаггүй юм.

-Ярилцсанд баярлалаа.




Өнөөдөр бич өдөр

13 минутын өмнө