Х.Тэмүүжин: Үндсэн хуулийн цэцэд МАН өөрсдийн хүмүүсээ хийж цоожлоод, 6 жилийн турш хөдөлгөхгүй байх хууль батлуулах гэж байна /ВИДЕО/

Х.Тэмүүжин: Үндсэн хуулийн цэцэд МАН өөрсдийн хүмүүсээ хийж цоожлоод, 6 жилийн турш хөдөлгөхгүй байх хууль батлуулах гэж байна /ВИДЕО/

Бусад улсын жишгийн дагуу иргэний үндсэн эрхийн маргааныг Үндсэн хуулийн цэцээр хэлэлцдэг болох зорилгоор Үндсэн хуулийн цэцийн тухай хууль болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэх эсэхийг УИХ-аар хэлэлцэж эхлээд байна. Иргэний үндсэн маргааныг Үндсэн хуулийн цэцээр хэлэлцдэг болох чухал агуулгыг дагуулж Цэцийн гишүүдийн эрх мэдэл, улс төрчдийн оролцоог нэмэгдүүлэх заалтыг тус хуулинд оруулсан талаар зарим хуульчид анхааруулж байгаа юм.

Тухайлбал, дээрх агуулгыг эсэргүүцсэн УИХ дахь Ардчилсан намын бүлэг хэлэлцүүлгийн шатанд “Бид оролцохгүй. Олонхоороо хэлэлцэж шийдвэрлээрэй” гэж мэдэгдсэн.  Тэгвэл тус хуулийн талаар Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй ярилцлаа.

ВИДЕО: 

ЭРХ МЭДЭЛТНҮҮДИЙН ХҮСЛЭЭР ХӨДӨЛЖ БАЙДАГ “ТУУЛАЙНУУДАД”  ИРГЭНИЙ ҮНДСЭН ЭРХИЙГ ШИЙДВЭРЛЭХ БОЛОВСРОЛ, УР ЧАДВАР БАЙХГҮЙ-

-Цэцийн тухай хуулийг 32 жилийн дараа өөрчлөх гэж байна. Суурь үзэл баримтлал, агуулгын хувьд бүхэлд нь шинэчилсэн найруулга хэлбэрээр өөрчилнө гэж хууль санаачлагчид хэлсэн.  Тухайлбал, тус хуулийн гол үзэл санаа нь иргэний үндсэн эрхийн маргааныг Үндсэн хуулийн цэцээр хэлэлцэж, шийдвэрлэдэг болох тухай. Үүнийг та хэр зөв гэж бодож байгаа вэ?

-Иргэний үндсэн эрх, эрх чөлөөтэй холбоотой маргааныг шийддэг эрх мэдлийг Үндсэн хуулийн цэцэд шилжүүлэх асуудлыг 1992 оны Үндсэн хууль батлагдаж, Үндсэн хуулийн цэц байгуулагдсанаас  хойш 30 жил ярьж байна. 1992 оны Үндсэн хуулиар иргэний  үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалж, бэхжүүлсэн. Үндсэн хуулийн цэц гэж яг юу юм бэ. Иргэний үндсэн эрх чөлөөг хянадаг, энэ төрлийн маргааныг шийдвэрлэдэг шүүхийг Үндсэн хуулийн шүүх гэж хэлдэг юм. Харин манай зарим судлаач, улс төрчид болон Үндсэн хуулийн цэцэд ажиллаж байсан хүмүүс “Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн шүүх биш. Энэ бол Франц маягийн Үндсэн хуулийн зөвлөл. Нэгэнт Үндсэн хуулийн шүүх биш учраас иргэний үндсэн эрхийг хэлэлцээд байх шаардлагагүй” гэдэг тайлбарыг хэлж ирсэн. Тэд энэ тайлбарыг хоёр учир шалтгаанаар хэлдэг байх гэж би боддог юм.

Нэгдүгээрт, хэрэв Үндсэн хуулийн шүүхээр иргэний үндсэн эрхийн маргааныг шүүхийн статустайгаар шийдвэрлэдэг болвол Цэцийн гишүүдэд тавигдах шаардлага нь шүүгчдэд тавигдах шаардлагатай ижил хатуу, чанга болно. Тэгэхээр олон жил цэцэд ажиллаж хоолоо залгуулж байгаа эсвэл дараа нь тийшээ очих мөрөөдөлтэй хүмүүст дээрх хууль тээг болж байгаа юм.

Өөрөөр хэлбэл, ийм шаардлага тавьчихвал цэцэд очих нь тэдний бүтэшгүй мөрөөдөл болно. Зүгээр нэг улс төрийн даалгавраар цэцэд гүйж очиж, эрх мэдэлтний хүслээр хөдөлж байдаг “туулайнуудад” боломж олгохгүй болно гэсэн үг. Хоёрдугаарт, Үндсэн хуулийн шүүхтэй орнуудад иргэний үндсэн эрхийн маргаан нь нийт шийдэж буй маргааны 94 хувийг эзэлдэг. Тэгэхээр манай Үндсэн хуулийн цэц нь тэр улсын шүүхүүдтэй харьцуулбал огт ажил хийдэггүй байгаа биз. Ажилгүй сул сууж цалин авдаг, улс төрийн хор найруулганд орж өөрийгөө үнэлдэг хүмүүсийн хувьд дааж давашгүй ачааллыг авна. Энэ нь тэдний хувьд сайн дураараа өөрсдийгөө тамд аваачихтай ижил ойлголт юм. Үүнийгээ  Үндсэн хуулийн шүүх ачааллаа дийлэхгүй гэсэн үгээр халхалдаг. Тэдний мэдлэг боловсрол нь ч хүрэхгүй. Цэцэд томилогдож буй зарим хүний боловсролыг харахад бараг ТМС-ийн түвшнийх байна. Туршлагыг нь харвал хүмүүсийн хоорондын маргааныг шийдвэрлэх нь бүү хэл өөрсдийнхөө асуудлыг шийдвэрлэх чадваргүй хүмүүс томилогдож байна. Ёс, зүй ур чадвар нь хүртэл чамлалттай. Ямар хүмүүс томилогдож, юу болгож байгааг харж байгаа биз дээ. Цэцийн гишүүд иргэний үндсэн эрхийн маргааныг шийдвэрлэдэг болвол улс төрчдийн дунд захидал зөөж гүйдэг ажилгүй болно. Гэхдээ өнөөдөр хэлэлцэгдэж буй нь ямар түвшинд хууль болж байгаа нь дахиад өөр түүх байх.

-Өөр бусад хүмүүсийн захиалга байх магадлалтай гэж хэлэх гээд байна уу?

-Миний санаж буйгаар Үндсэн хуульд хоёр удаа нэмэлт өөрчлөлт оруулахдаа хоёуланд нь энэ агуулгыг оруулахаар ярьж байсан. 2019 он болон өнгөрсөн жил хийсэн өөрчлөлтөд иргэний үндсэн эрхийн маргааныг шийдвэрлэдэг Үндсэн хуулийн шүүхтэй болвол яасан юм бэ гэдэг санааг багтаах гэж оролдсон. Хамгийн эхэнд тухайн үеийн Ерөнхийлөгч болон эрх баригчид “энэ санаагаа хас” гэсэн. Учир нь Үндсэн хуулийн цэцийн есөн гишүүний бараг зургааг нь Ерөнхийлөгч томилдог. Тиймээс Үндсэн хуулийн цэцэд байгаа зургаан хүнээр дамжуулан Ерөнхий сайд, УИХ-ын гишүүдийг атгах боломжоо алдах гээд байна. Үндсэн хууль зөрчсөн гэдэг шийдвэр гарсан л бол Засгийн газар, УИХ-ын гишүүн хэн байхаас үл хамааран тэр хүний карьер дуусна. Хаанаасаа хаалгач гэдэг шиг Ерөнхийлөгчөөр ажилласан хүмүүсийн гарт байгаа хамгийн том зэвсэг бол Үндсэн хуулийн цэц. Ерөнхийлөгчийн гарт байгаа энэ хайчинд хяргуулсан бодит түүхтэй хүн бол Ц.Нямдорж шүү дээ. Үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэлээр УИХ-ын даргаасаа бууж байсан. Тэгэхээр хамгийн эхэнд ийм төрлийн өөрчлөлтийг хийх хүсэл эрмэлзлэл Ерөнхийлөгчид байх ёстой. Энэ хүсэл Ерөнхийлөгчид байж энэ хууль бодитоор урагшлана. 2015 онд яг энэ төрлийн хуулийг санаачлаад УИХ-аар хэлэлцүүлэх гэж оролдож байсан туршлагыг би мэдэж байна.

Тухайн үеийн Ерөнхийлөгч “Энэ хуулиа татаж ав. Үндсэн хуулийн цэцийн гишүүд дургүй байна” гэж надад хэлж байсан. Тэгэхээр Үндсэн хуулийн цэцийн хуулинд хийх өөрчлөлтийн хэд, хэдэн удаагийн оролдлого нь бүтэлгүйтэж байсан гэсэн үг. Энэ бол дөрөв дэхь оролдлого.

-Тэгэхээр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил нарын өргөн барьсан энэ шинэчилсэн найруулгын төсөл ч урагшлах боломжгүй гэж та хэлэх гээд байна уу?

-Улс төрийн тохироо нь бүрдсэн эсэх нь эргэлзээтэй байна.

- МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ЯМАР Ч АЛБАН ТУШААЛТАНД БАЙХГҮЙ ХУУЛЬ ЗҮЙН ДАРХЛААГ ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙНХЭН ӨӨРСДӨДӨӨ БИЙ БОЛГОХ ГЭЖ ОРОЛДОЖ БАЙНА -

-Энэ удаагийн парламентын сүүлийн хугацаанд хэлэлцүүлж, яаралтай батлах гээд буй эрх баригчдын үйлдлийг та хэрхэн харж байгаа вэ?

- Үндсэн хуулийн энэ хуулийг тойрсон гурван том сонирхол байна гэж харсан. Нэгдүгээрт, эрдэмтэн судлаач, хүний эрхийн үзэлтнүүд “Иргэний үндсэн эрхийг хяналтыг Үндсэн хуулийн цэцэд өгөх замаар шүүх болгох ёстой” гэж зорьж байгаа байх. Хоёрдугаарт, Үндсэн хууль дэхь иргэний үндсэн эрхүүд баталгаатай хамгаалалттай болох ёстой гэж үзэх хүмүүс байгаа байх. Гуравдугаарт, Үндсэн хуулийн иргэний эрх болон Үндсэн хуулийн шүүх хоёрын хамтын маргаан шийдвэрлэх үйл ажиллагаа хууль тогтоомжууд иргэний эрхийн үзэл санаанд суурилсан хүний эрхийн мэдрэмжтэй болох ёстой гэсэн зорилгын төлөө нэг хэсэг хүмүүс явж байгаа байх.

Бүр насан туршийн баталгаа бий болгохыг хүсэж байгаа. Хуульд бичсэнээр, Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг ажиллаж байх хугацаандаа гаргасан санаачилга, шийдвэртэй нь холбогдуулан гишүүн байх хугацаанд нь болон гишүүнээс больсон ч хэрэг үүсгэж, мөрдөн шалгахыг хориглох утга бүхий заалт орсон байгаа. Монгол Улсын төрийн ямар ч албан тушаалтанд байхгүй хууль зүйн дархлааг үндсэн хуулийн цэцийнхэн өөрсдөдөө бий болгох гэж оролдож байна. Үндсэн хуулийн нэрээр Үндсэн хуультай огт хамааралгүй шийдвэрүүдийг Цэцийн гишүүний эрх мэдлийн тусламжтайгаар гаргаж байдаг. Тогтолцооны авлигын гол тоглогч буюу авлигын гэмт хэргийн гол хүмүүс нь цэцийн гишүүд өөрсдөө. Тэд хуулийн дагуу шалгагдахаас үхтлээ айж байгаа. Иймд Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар далимдуулан хуулиас гадуур байж, Монгол Улсын 3.5 сая иргэнээс тусдаа анги бүлэг гаргах гэсэн зорилгоор энэ хуулийг хийж байна гэсэн үг. Мөн Цэц бол хамгийн хаалттай, нууц байгууллага. Шийдвэрээ ямар үндэслэлээр гаргаж байгаа, ямар байр суурьтай байгаа нь ойлгомжгүйгээр бүгдийг нь нууцалчихдаг. Маргаан хянан шийдвэрлэж байгаа протоколыг нь авах гэтэл “бид өөрсдөө шийдвэр гаргаад нууцалсан юм. Өгөхгүй” гэдэг л хүмүүс шүү дээ. Хамгийн хаалттай, нууц ихтэй, салхи оруулдаггүй бүтэцтэй байгууллага.  Гэтэл тэр бүтцийг нь задалж, ил болгосон маягтай хууль гаргахаар дандаа эсэггүүцэж, унагаж байдаг хүмүүс. 2016 оны хавар болсон зүйлийг санаж байгаа бол тэр үед Цэцийн үйл ажиллагааг нээлттэй болгох гэсэн хуулийг баталсан. Гэтэл батлагдаад ёсчлоогүй байхад Ламжав гэдэг хүнд захиалга өгч байгаад маргаан үүсгээд “үндсэн хууль зөрчсөн байна” гэсэн үндэслэлээр хүчингүй болгож байсан шүү дээ. Тэгэхээр хаалттай л байх хүсэл сонирхолтой тэр хүмүүсийг Үндсэн хуулийн цэцийн тухай хууль нээлттэй болгож байгаа эсэхт би эргэлзэж байгаа. Түүнчлэн энэ хуулийг маш их сонирхож байгаа хүмүүс бол улстөрчид. Учир нь энэ хууль батлагдсаны дараа маш хурдан Үндсэн хуулийн цэцийн зарим нэг томолгоог хийгээд 2024 оны сонгууль хэрхэн болсноос үл шалтгаалан үндсэн хуулийн цэцийг огт хөдлөхгүй байлгах сонирхолтой улс төрийн ажиллагаа явж байна гэж харж байгаа. Хэрвээ сонгуулиас өмнө хуулиа батлаад гишүүдээ зургаан жилээр сонгочихвол энэ ямар ч шинэчлэл болохгүй.

Зүгээр л МАН-ын эрх мэдэл туйлын байх үедээ Үндсэн хуулийн цэцэд өөрсдийн хүмүүсээ томилж аваад цоожлоод, зөвхөн тэдний зааснаар байх хэмжээний цэцийг бий болговол ямар ч утгагүй.

Өөрөөр хэлбэл сүүлийн найман жилд Үндсэн хуулийн цэц, эрх баригч нар зоосны хоёр тал шиг хамтарч ажилладаг болчихсон шүү дээ.Тухайлбал, 2019 онд гишүүд давхар дээлтэй байж болохгүй гэж попроод Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан хэрнээ хоёрхон жилийн дараа ахиад өөр шийдвэр гаргасан.

-Өнгөрсөн баасан гарагийн чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг энэ хуулийг дэмжиж болохгүй гэж хэлсэн. Ер нь АН-ын бүлэг энэ хуульд дургүй байгаа. Шалтгаанаа тайлбарлахдаа Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Цэцийн гишүүнийг эргүүлэн татах заалт байна. Энэ заалт нь аюултай байж болох бөгөөд Цэцийн дээр УИХ гарах гээд байна гэдэг агуулгыг ярьж байгаа. Энд та ямар тайлбар хэлэх вэ?

-Ард түмнээс сонгогддог парламент өөрөө огт сонгогдоггүй томилгооны системийг хянах үүрэгтэй. Алдаа гаргаж, хууль зөрчсөн бол шүүгч, прокурор, цэцийн гишүүн, Засгийн газрын гишүүд, Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийг хүртэл нээлттэй хэлэлцэж хариуцлага тооцдог байх ёстой байгууллага. Тэгэхээр зайлуулдаг механизм нь парламентад байхаас өөр аргагүй. Харин үүнийг ашиглаад Үндсэн хуулийн цэцийн шүүгчийг улс төрчид дарамталдаг байж болохгүй. Манайд бол парламентыг парламент болгож чадахгүй байгаагаас болж улс төрчид цэцийн гишүүдийг дарамтлаад байна. УИХ бол хуралдааны хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулдаг байгууллага. Гэтэл манай парламентыг нэг дарга төлөөлөөд байна. Хэн нэгэн дарга парламентыг төлөөлж хувиараа шийдвэр гаргадаг байж болохгүй.

-Энэ хуульд Үндсэн хуулийн цэцийн гишүүнд тавих шаардлага, хариуцлагыг хэр өндөрсгөж өгсөн гэж харж байна. УИХ-ын зарим гишүүд шаардлага, хариуцлагыг багасгасан байна гэж шүүмжилж байгаа. 40 нас хүрсэн хууль зүйн дээд боловсролтой л Үндсэн хуулийн цэцийн гишүүн болж болох нь буруу гэж зарим гишүүд хэлж буй. Мөн дээд шүүхийн шүүгчийг томилж болно, болохгүй гэх маргаан байна?

-Манай Үндсэн хуулийн цэц иргэний үндсэн эрхийн маргааныг огт шийдвэрлэдэггүй. Мөн  эрх мэдлийн хуваарилалтыг хамгаалдаг зохицуулалт нь бүдэг. Үндсэн хуулийн шүүгч нь наад зах нь дээд шүүхэд томилогдох шалгуурыг хангасан байх ёстой. Ийм шалгуурыг Герман, Австарид мөрддөг. АНУ болон бусад улсад дээд шүүх нь энэ эрх мэдлийг хэрэгжүүлдэг учраас дээд шүүхийн шүүгч хэн байх нь ойлгомжтой  байдаг. Манай Үндсэн хуулийн цэцийн гишүүдэд тавьдаг шаардлагыг харахаар наад зах нь хуульчид томилогдож чадахгүй байна. Хуульч  биш хүмүүс томилогдохоор шүүхийн ажлыг яаж хийх юм. Шүүгчид тавигддаг ёс зүйн өндөр шаардлагууд тэр хүмүүст ямар ч хамаагүй болчхоод байна. Хүний бөгс барьсан ч асуудалгүй байна шүү дээ. Шүүгчид тавигддаг ур чадвар, мэдлэгийн шалгуур бүр байхгүй байна. Процессын ур чадвартай байх шаардлага ч алга. Үндсэн хуулийн шүүхийг онолын шүүх гэдэг. Яг бодит үйл хэргийн тухай ярьж байгаа боловч илүү онолын, урт хугацааны төлөвлөлт дотор хараад шийдэх хэмжээний чадвартай шүүгч нар байх ёстой. Тэнд нотлох баримтаас илүү үзэл санааг үнэлнэ. Гэрчийн мэдүүлэг, үйл баримт ярихаас илүүтэйгээр онол үзэл санаагаараа Үндсэн хуулийг зөвтгөж байгааг ярина. Тиймээс эрдэмтэн судлаачид, хуульчид Үндсэн хуулийн шүүхэд байх нь их зөв. Мөн бодлогын мэргэжилтнүүд  Үндсэн хуулийн шүүхэд байх ёстой. Ер нь л цэцийн гишүүнд тавигдах шаардлагыг өндөрсгөх ёстой.

Дээд шүүхийн шүүгчийг томилж болохгүй Үндсэн хуулийн заалттай.