LIVE: "Хаврын чуулган зургаадугаар сарын 01-н хүртэл үргэлжилж Дэгийн тухай хууль зэргийг батална" гэж МАН-ын бүлэг мэдэгдлээ

LIVE: "Хаврын чуулган зургаадугаар сарын 01-н хүртэл үргэлжилж Дэгийн тухай хууль зэргийг батална" гэж МАН-ын бүлэг мэдэгдлээ

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын хаврын чуулганаар нэн даруй хэлэлцэн батлах шаардлагатай хуулийн төслүүдийг авч хэлэлцсэн байна. Хаврын чуулганаар УИХ-ын тухай хууль, УИХ-ын чуулганы дэгийн тухай хууль, Засгийн газраас өргөн барих Баялгийн сангийн тухай хууль, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, Ахмадын тухай хууль, Биеийн тамирын тухай хууль болон намрын чуулганаар хэлэлцэх эсэхийг дэмжсэн, ажлын хэсэг ажиллаж байгаа хуулиудыг хэлэлцэн батлах аж. 

ШУУД: 

Мөн хуралдаанд УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан зудын эрсдэлийг бууруулах чиглэлд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийсэн байна. Зудын нөхцөл байдлаас улбаалж нийт 16 сая мал хорогдохоор байгааг танилцуулсан тул Засгийн газарт зудын эрсдэлийг бууруулах чиглэлд хэрэгжүүлэх тодорхой саналыг боловсруулж, УИХ-д танилцуулах үүрэг чиглэл өгчээ. 

Энэ үеэр МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Нэгд, УИХ 126 гишүүнтэй болох учраас УИХ-ын дэгийн тухай хуулийг тавдугаар сарын 10-наас өмнө хэлэлцэж батлах шаардлагатай гэж үзлээ. Баялгийн сангийн тухай хуулийг ойрын хугацаанд Засгийн газраас өргөн барина. Энэ долоо хоногийн Лхагва гаригт уг төслийг хэлэлцээд УИХ-д өргөн барих болов уу. Хоёрт, МАН-ын 2020 оны мөрийн хөтөлбөрт Баялгийн сангийн тухай хуулийг батлахаар заасан. Байгалийн баялагтаа зөв менежмент хийх шаардлага байгаа. Гурав дахь асуудал нь Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг батлах шаардлага үүсч байна. Дөрөвт, хувийн хэвшлийг дэмжих чиглэлийн хуулиуд байгаа. МХАҮТ -ын тухай хууль, Үйлдвэрчний эвлэлийн тухай хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Ахмадын тухай хууль зэрэг хэд хэдэн төслийг УИХ, Засгийн газраас өргөн барихаар хэлэлцэж батлах нь зүйтэй гэж үзсэн. Мөн УИХ-ын төвшинд Ажлын хэсэг ажиллаж байгаа хуулийн төслүүд бий. Бэлэн болонгуут хэлэлцээд явах нь зүйтэй гэж үзсэн. Хуулиараа нэр дэвшигчийн хугацаа дуустал чуулган үргэлжилдэг. Тэр жишгээр УИХ-ын хаврын чуулган тавдугаар сарын сүүл, зургадугаар сарын 1-н хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд дээр дурдсан хуулийн төслүүдийг хэлэлцэн батална" гэсэн юм. 

Дараа нь сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар зөвхөн Улаанбаатар хотын асуудал орж ирэх үү. Эсвэл Эрдэнэт, Дархан-Уул аймгийн асуудлууд ч давхар яригдана гэсэн үг үү. Мөн Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг дагаад нийслэлийн Засаг даргыг сонгодог болох уу. Зохицуулалтын талаар мэдээлэл өгөөч?

-Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл 2019 онд боловсруулагдсан. Хуулиараа Засгийн газар энэхүү хуулийн төслийг өргөн барихаар заасан тул ажиллаж байна. Энэ хуулиар нийслэлийн доторх хотуудын асуудал ч яригдна, Дархан-Эрдэнэтийн асуудал ч яригдана. Цаашдаа шинээр бий болох хот, аймгийн асуудал ч энэ хуулиар зохицуулагдана. Энэ хуулийг УИХ амжвал хаврын чуулганаараа батлаад намар орон нутгийн сонгуулийн дараачаас эхлээд орон нутгийн сонгуулийг хот тосгоны сонгуультай хамтатгаж хийгээд нэг чиглэлтэй болгож авах шаардлага бий. Энэ агуулгаар Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль боловсруулагдсан.

-Хөрөнгө оруулалтын тухай хуулийг УИХ-ын хаврын чуулганаар батлах уу?

-Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг өмнөх чуулганаар хэлэлцээд УИХ ын дарга чиглэл өгөөд хойшлуулсан. Мөн 100 мянга гаруй иргэнээс санал ирсэн. Ойрын хугацаанд эдгээрийг нэгтгэж УИХ шийдэл гаргана. Ер нь өмнөх Хөрөнгө оруулалтын тухай хуульд байгаа газрын тухай асуудалтай холбоотой асуудлыг ярих болов уу.

-Орон нутгийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулаагүй байна. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн өөрчлөлт бүрэн хаагдсан. Хуулиараа сонгууль болохоос нэг жилийн дотор хөндөхгүй гэсэн заалттай. 2023 оны аравдугаар сарын 30-наас өмнө энэ хуульд өөрчлөлт оруулах санал дэмжигдсэн бол явах байсан. Дэмжигдээгүй учраас хаагдсан. Гэхдээ орон нутгийн сонгуулийн тойрог ямар байх вэ гэдэг дээр тогтох эрх нь суманд, аймагт өөрт нь байгаа. Аймаг, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд энэ эрх нь байгаа учраас тойргийнхоо асуудлыг өөрсдөө шийдэх эрхтэй. Нэгжийн дотор хот байна. Нийслэлийг Үндсэн хуульд заасан учраас нийслэлийн Засаг даргын асуудлыг хөндөхгүй. Харин шинээр хот байгуулсан газар дээр хотын захирагчийн сонгууль явагдана. Тэр нь ард нийтийн сонголтоор явна. Энэ хаврын чуулганаар Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль батлагдвал орон нутгийн сонгуультай бататгаад хотын захирагчийн сонгууль явна.

-Импортын улаан буудай, гурилыг Гаалийн албан татвараас чөлөөлөх асуудал оройтосон гэдэг зүйл яригдаж байна. Бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?

-Хоёр талын байр суурь илэрхийлж байгаа. Нэг хэсэг нь Засгийн газраас өргөн барьсан гурил, тэжээлийн Гаалийн албан татварыг тэглэх асуудлыг дэмжих ёстой гэж үзэж байна. Нөгөө нэг хэсэг нь болгоомжтой хандах ёстой гэдэг байр суурь баримталж байна. Газар тариалангийн ажил эхлэх гэж байхад импортын улаан буудай оруулж ирнэ гэдэг нь газар тариалангийн салбарт сөрөг нөлөө үзүүлж болзошгүй. Тийм учраас нэг бол төслийг буцаах байх, эсвэл хугацаан дээр хязгаар тавих байх. Шийдвэр гараад явна.

-Хүний үндсэн эрхтэй холбоотой асуудлыг Цэц хянадаг болох нь зөв үү. Цэцийн хуультай холбоотойгоор энэ зохицуулалт орж ирж байгаа юм байна?

-2019 онд хийгдсэн Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу л өөрчлөлт хийгээд яваа юм. Үндсэн хуулийн Цэцийн маргаан хянан шийдвэрлэх асудлыг шинэчлэх зайлшгүй шаардлага үүссэн. Нарийн процессын асуудал олон гардаг болсон. Тийм учраас УИХ-аас Ц.Мөнх-Оргил гишүүн ахалсан ажлын хэсэг ажиллаад жил болж байна. Хүний үндсэн эрхтэй холбоотой асуудал байгаа. Хуульчид мэргэжлийнхэн санал зөрүүтэй зүйл байгаа. Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ долоо хоногт хэлэлцэнэ. Хэлэлцэх эсэхийг шийдсэний дараагаар шаардлагатай гэж үзвэл төслийг бүлгээр хэлэлцэнэ. Уг нь дээрх заалт нь их дэвшилттэй юм байгаа юм. Төсөл санаачлагчдын үзэж байгаагаар хүний эрхийн зөрчил гурван шатаар яваад Дээд шүүхээр шийдэгдсэний дараа асуудал бүрэн шийдэгдэж чадаагүй бол Цэц хэлэлцдэг байхаар оруулж ирсэн гэж ойлгосон.