Ган, зуд, зовлонгоор улс төрийн оноо хийх гэж малчдад тусламж үзүүлэх дүрээр хэдэн шуудай тэжээл, хивэг, өвс тараагаад явах нь УИХ-ын гишүүний ажил биш шүү дээ. Харин малчдын мал, мах, малын түүхий эдийг нь Экспортод гаргах үүд хаалгыг нээх бодлогын өөрчлөлт, эрх зүйн орчин, хуулиудыг санаачлан батлуулах нь УИХ гишүүд бидний ажил юм. Бид малаас гарч буй түүхий эдээ экспортолж, үнэд хүргэж байж малчдын амьдралын нийтээр нь өөд татаж чадна. Тэгж байж зуд, гангийн хүндрэлээс айхгүй болно.
Энэ эрс өөрчлөлтийг хийхийн тулд хувийн хэвшлийг энэ салбарт оруулах ёстой юм. Хувийн хэвшил энэ салбарт орж ирснээр малын идсэн тэжээл эрүүл, өсгөсөн газар нь эрүүл, төхөөрсөн газар нь эрүүл байх тогтолцоо бүрдэж байж мах, малын түүхий эд экспортын бүтээгдэхүүн болж хувирна.
Улс төрчид бид малчдыг малаа эрчимжүүлэх ёстой гээд ямарч өөрчлөлт гарахгүй. Малчид өөрсдөө өөрчлөгдөж чадахгүй. Малчдад малаа эрчимжүүлэх шилжилт хийхэд хөрөнгө оруулалт, мэдлэг, зөвлөгөөний тусламж хэрэгтэй. Энийг хийж чадсан орнуудад хувийн хэвшил маш чухал үүрэгтэй байсан байдаг. Энэ чиглэлээр хууль эрх зүйн орчин бүрдүүлэх ёстой. Энэ бол УИХ-ын гишүүдийн ажил. Малын идэж байгаа өвс, тэжээл эрүүл, Малыг өсгөж үржүүлж буй газар нь эрүүл, халдваргүй гэдгийг батлах, Малыг гаргасан газар нь ОУ-ын стандартыг хангасан байх эрх зүйн орчныг бид бүрдүүлж байж малчдын амьдрал дээрдэнэ.