Д.Пүрэвдаваа, Ж.Батзандан, Л.Гүндалай нарын нам 60 мянга, Н.Номтойбаярын эвсэл 80 мянган хүний санал авч байж тэд “ногоон гэрэл”-ээр УИХ-ын гишүүн болно

Д.Пүрэвдаваа, Ж.Батзандан, Л.Гүндалай нарын нам 60 мянга, Н.Номтойбаярын эвсэл 80 мянган хүний санал авч байж тэд “ногоон гэрэл”-ээр УИХ-ын гишүүн болно

“Холимог тогтолцоо”-оор бүсчилсэн 13 том тойргоос парламентын 126 гишүүнийг сонгох УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт болоход ердөө гурван сарын хугацаа үлдээд байна.

-Д.ПҮРЭВДАВАА, Н.НОМТОЙБАЯР “НОГООН ГЭРЭЛ”-ЭЭР УИХ-ЫН ГИШҮҮН БОЛОХЫН ТУЛД ЖИЖИГ НАМУУДЫГ АВЧ БАЙНА-

Сонгуультай зэрэгцэн дөрвөн жил нам, гүм байсан улс төрийн жижиг намууд “амь” орж эхлэв. Тухайлбал, Баянзүрх дүүргийн засаг дарга асан Д.Пүрэвдаваа саяхан АН-ын гишүүнчлэлээс татгалзаж, Монголын либерал намын дарга болсон. Мөн УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр Монголын ногоон нам, Монголын үндэсний ардчилсан намыг хамтруулж, эвсэл болгоод өөрөө даргаар нь ажиллаж байна. 

Тэгвэл Д.Пүрэвдаваа, Н.Номтойбаяр нар жижиг намуудыг удирдах болсон нь шинээр батлагдсан “УИХ-ын сонгуулийн тухай” хууль, тэднийг нийт 2 сая орчим сонгогчоос “намын нэр, нэр дэвшигчдийнхээ авсан 60 гаруй мянган хүний саналын нийлбэрээр буюу 4 хувийн үзүүлэлтээр “ногоон гэрэл”-ээр парламентын гишүүн болгох боломж олгож буйтай холбоотой юм.

Товчхондоо, Д.Пүрэвдаваа, Н.Номтойбаяр нар “МАН, АН-д сонгуулийн хандив гэж олон тэрбум төгрөг төлж, аль нэг тойрогт очиж “азаа үзэх” үү, эсвэл МАН, АН-д өргөх  хандивынхаа жаахан хэсгийг өөрийн жижиг намынхаа нэр дэвшигчдэд тусааж, өөрөө жагсаалтын эхэнд бичигдээд “ногоон гэрэл”-ээр парламентын гишүүн болох уу” гэсэн хоёр сонголтоос өөрт ашигтай хувилбарыг нь сонгосон гэсэн үг. Тодруулбал, 2012 онд явагдсан УИХ-ын сонгуулийн анхны холимог тогтолцоот сонгуульд 11 нам, хоёр эвсэл өрсөлдсөнөөс Ардчилсан нам 31, МАН 25, Шударга ёс эвсэл 11, Иргэний Зориг-Ногоон нам 2, Бие даагч 3 суудлыг авч, парламентад сууж байсан. Энэ нь сонгуулийн “холимог тогтолцоо” бол улс төрийн жижиг намуудыг парламентад суудалтай байх боломж олгодог гэсэн үг.

-Д.ПҮРЭВДАВААГИЙН НЭГ ЖИЖИГ НАМ 4 ХУВИЙН САНАЛ АВАХ ЁСТОЙ БОЛ, Н.НОМТОЙБАЯРЫН ХОЁР НАМЫН ЭВСЭЛ 5 ХУВИЙН САНАЛ АВАХ ЁСТОЙ-

Сонгуулийн хуулийн дээрх өөөрчлөлтийг 2023 оны хаврын чуулганаар “Улс төрийн намын тухай” хуулийн шинэчилсэн найруулгыг дагуулж батласан. Нөгөөтэйгүүр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн “Олон намын тогтолцоотой болно” гэсэн амлалт ч тэдэнд түлхэц болсон биз. 

Тодруулбал, “УИХ-ын Сонгуулийн тухай” хуулийн 74.2.1-д “Энэ хуулийн 4.3.1-д заасан тойрогт ногдох нийт мандатын 50 буюу түүнээс дээш хувьд нь нэр дэвшүүлсэн байх” гэж заажээ. Энэ нь улс төрийн жижиг намууд сонгуулийн 13 бүсчлэлд доод тал нь 39 хүнийг нэр дэвшүүлнэ гэсэн үг юм. Мөн хуулийн 74.2.2-д “Намын тухайд нам, эвсэлд өгсөн нийт саналын 4 буюу түүнээс дээш хувийн санал авсан байх” гэж заажээ.

Энэ нь 39 хүнийг тойрогт нэр дэвшүүлсэн улс төрийн жижиг намууд сонгуульд оролцсон нийт иргэдийн 4 хувийн саналыг авч байж жагсаалтын эхэнд бичигдсэн хүн нь парламентын гишүүн болно гэсэн үг юм. Товчхондоо, Д.Пүрэвдаваагийн Монголын либерал нам 4 хувийн санал авч байж, тэрбээр УИХ-ын гишүүн болно.

Харин “УИХ-ын Сонгуулийн тухай” хуулийн 74.2.3-д Хоёр нам бүхий эвслийн тухайд нам, эвсэлд өгсөн нийт саналын 5 буюу түүнээс дээш хувийн санал авсан байх” гэжээ. Энэ нь Н.Номтойбаярын Монголын ногоон нам, Монголын үндэсний ардчилсан намын эвсэл нь сонгогчдын 5 хувийн саналыг авсан тохиолдолд жагсаалтын эхэнд бичигдэх Н.Номтойбаярыг УИХ-ын гишүүн болсонд тооцно гэсэн санаа юм. Харин тус хуулийн 74.2.4-д “Гурав буюу түүнээс дээш нам бүхий эвслийн тухайд нам, эвсэлд өгсөн нийт саналын 7 буюу түүнээс дээш хувийн санал авсан байх” гэж заажээ. Харин одоогоор гурван нам нэгдэж эвсэл болж сонгуульд оролцохоор болсон гэх мэдээлэл хараахан гараагүй байна. Хэрэв ингэсэн тохиолдол гурван намын эвсэл 7 хувийн санал авах ёстой.

-1,6 САЯ СОНГОГЧ СОНГУУЛЬД ОРОЛЦСОН ТОХИОЛДОЛД Д.ПҮРЭВДАВАА, Л.ГҮНДАЛАЙ НАРЫН НАМ 64 МЯНГАН ХҮНИЙ САНАЛ АВЧ БАЙЖ ТЭД УИХ-ЫН ГИШҮҮН БОЛНО-

Үнэндээ, хуулийн энэ бүх боломжийг ашиглахаар Д.Пүрэвдаваа АН-аа орхиж жижиг намын дарга болсон бол, Н.Номтойбаяр эвсэл байгуулсан юм. Мөн ШИНЭ намын дарга Ж.Батзандан, Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан, Ардын чуулган намын дарга Ш.Сайхансамбуу нар ч идэвхжиж, сонгуулиар яаж ажиллахаа тухайгаа хаа нэг хэвлэлд ярьж байх шиг байна. 

Мөн “Ард түмнээ хайрлая нам”-аа эхнэр Л.Аззаяадаа өгч АН-ын гишүүнчлэлээ сэргээж буйгаа хэдхэн жилийн өмнө мэдэгдэж явсан Л.Гүндалай саяхан АН-аас гарч “Ард түмнээ хайрлая нам”-даа буцаад очсон гэх мэдээлэл ч байна.

Энэ нь холимог тогтолцоогоор Л.Гүндалай өөрийнхөө Ард түмнээ хайрлая намаасаа УИХ-д сонгогдох боломжтой гэдгийг харсан байж магадгүй. Сонирхуулахад, сонгуульд саналаа өгч 1.6 сая иргэн оролцсон тохиолдолд тэдгээрийн4 хувь буюу 64 мянган хүний саналыг авч байж намынхаа жагсаалтын эхэнд бичигдсэн Д.Пүрэвдаваа, Л.Гүндалай, Ж.Батзандан, Б.Жаргалсайхан, Ш.Сайхансамбуу нар “ногоон гэрэл”-ээр УИХ-ын гишүүн болох боломжтой.

Улс төрийн нам, эвслүүд энэ сарын 25 /2024.03.25/-ны өдрийн дотор мөрийн хөтөлбөрөө хянуулахаар Аудитын байгууллагад хандах ёстой. Иймд энэхүү цаг хугацаанаас өмнө улс төрийн намуудын шинэ эвсэл төрөх эсэх тодорхой болох юм. Тиймээс хөшигний ард дахь уулзалтууд эрчимжиж буй бол МАН, АН одоо ч дотроо учраа олохгүй бужигнаж байна.