Адчилсан намын 4/11 мэдээллийн цагаар Ардчилсан намын дэд дарга Т.Пүрэвхатан, Ардчилсан намын даргын зөвлөх Г.Ганбаатар, Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж, ҮБХ-ны гишүүн Б.Пунсалмаа, НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа нар мэдээлэл хийлээ.
Ардчилсан намын дэд дарга Т.Пүрэвхатан, "Монгол Улсын хэмжээнд зудын байдал нэн хүнд байгаа бөгөөд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудын буюу зүүн гурван аймгийн хувьд хамгийн их зудад нэрвэгдсэн, малын хорогдол өндөр гамшгийн бүс болоод байна. Ардчилсан намаас санаачлан хэрэгжүүлсэн “Өрийн дарамтгүй Монгол” аяны хүрээнд 10, 11-р сард аймаг, сумдаараа явж байх үед гэнэтийн маш олон удаагийн цас орж байсан. Яг түүнтэй зэрэгцэн бид анхааруулж байсан боловч ямар нэг арга хэмжээ авалгүй, шагнал, тэмдэг тарааж өдий хүрлээ. Монгол Улсад Уул уурхайн салбарын дараа хөдөө аж ахуйн салбар ордог.
1996 онд нийт ДНБ-ны 38% -ийг хөдөө аж ахуйн салбар эзэлж байсан бол 2023 оны байдлаар 12.3% болтлоо буурсан байна.
Өчигдөр Хэнтий аймагт зудын нөхцөл байдалд ажиллаж байгаад ирлээ. Яг малчдын хотонд юу тулгамдаж байгаа юм гэдгийг хараад, ажиллаад ирлээ. Малаасаа гадна хүнийхээ эрүүл мэндийг авч үзэх шаардлагатай байна. Малчдад зам гаргах асуудал хамгийн чухал байна. Өнөөдөр зам гаргалаа гэхэд 2-3 цагийн дараа байхгүй болчхоод байна. Замаа гаргачих юм бол иргэд өөрсдөө яваад эрүүл мэндийн тусламж үйлчилгээгээ авах боломжтой. Тиймээс малчид, иргэд замын асуудлаа шийдэж өгөөч гэдэг саналыг хамгийн ихээр хэлсэн" гэлээ.
Ардчилсан намын даргын зөвлөх Г.Ганбаатар, "Сүүлийн 7 хоногт Говьсүмбэр, Дорноговь аймагт ажиллаж байгаад ирлээ. Дорноговь аймаг гэхэд л нийт мал сүргийнхээ 15% орчмыг зудын улмаас алдчихаад байна. Маш их малын хорогдол бий болж малчдын эрүүл мэнд, сэтгэл санаа хүнд үед байгаа үед иргэн рүүгээ чиглэсэн арга хэмжээнүүдийг авах нь чухал. Тухайлбал банк, санхүүгийн байгууллагууд гэрээн дээр заасанчлан давагдашгүй хүчин зүйлийн үед ямар арга хэмжээ авах ёстой, зээлээ сунгах, хөнгөлөх, асуудлыг яаралтай хийх шаардлагатай. Малын тэжээл өвснөөс гадна тусламж үзүүлэх хүч хөдөө орон нутагт маш их хэрэгтэй байна.
Энэ зуднаар ч биш хөдөө аж ахуйн салбарыг цогцоор нь өөрчилж хөдөө аж ахуйн бодлогыг цогцоор нь хэрэгжүүлэх шаардлагатай.
Үндсэн хуульдаа эрдэнэт мал сүрэг төрийн хамгаалалтад байна гээд заачихсан. Гэтэл малаа, малчдаа хамгаалах бодитой шийдлүүд үгүй байна. Малын индексжүүлсэн даатгалыг бий болгох нь бид аливаа асуудлыг гарсан хойно нь биш яг тухайн цаг үед нь бодитоор хамгаалах юм. Ингэж даатгалын системийг бий болгох, урьдчилан сэргийлэх шаардлагатай. Байгаль цаг уур, гамшгийн давтамж маш өндөр байгаа тул малчдад тулгамдаж буй эдийн засгийн эрсдэлийг үгүй хийх юм. Харин өнөөдөр бодит байдал дээр махнаас бусад арьс шир зэрэг нь үнэгүй учраас малчид өвс, тэжээлээ авах хангалттай эдийн засгийн боломжгүй байна" гэлээ.