2020 ОНЫ СОНГУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ: Гадаадад амьдарч буй иргэд санал өгөх эрхгүй болж, сурталчилгааны хоногийн тоо нэмэгдлээ

2020 ОНЫ СОНГУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ: Гадаадад амьдарч буй иргэд санал өгөх эрхгүй болж, сурталчилгааны хоногийн тоо нэмэгдлээ

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийг эцэслэн баталлаа. Ингэснээр 2020 оны Сонгууль явуулах “тоглоомын дүрэм” тодорхой болов. 

Ирэх оны сонгууль 26 том тойргоос 76 гишүүнийг сонгох хэлбэрээр явагдана. Мандатын тоогоор хүн дугуйлна гэсэн үг юм.

УИХ-ын 76 гишүүнийг 26 тойргоос сонгох нь манай сонгогчдын хувьд шинэ зүйл биш. УИХ-ын 1992, 2008 оны ээлжит сонгууль энэ хэлбэрээр явсан. Эхний ээлжинд буюу 1992 онд нэг намын гишүүдийг тойргийн мандатын тоогоор дугуйлна гэсэн пиар хүчтэй явж тэр дагуу болсон гэж хэлж болно.

Харин 2008 онд нэг намын нөхөд хоорондоо өрсөлдөх байдал цухалзсан гэж үздэг. Гэхдээ сонгуулийн дүнд нөлөөлөх хэмжээнд хүрээгүй. Тухайн тойргийн  мандатын тоогоор нэг намын нэр дэвшигчийг дугуйлах зарчим урьдын адил давамгайлсан гэж хэлж болно. Харин одоо тэдэн дээр  сонгуулийн ямар шинэ технологи нэмэн орж ирэхийг урьдчилан хэлэх боломжгүй байгаа юм.

Ямартай ч сонгогчдын саналыг машинаар тоолно гэж СЕХ-оос мэдэгдэж буй. Өнгөрсөн жилүүдэд Ерөнхийлөгч, УИХ, орон нутгийн сонгуулийг цуг явуулдаг байсан. Харин 2020 онд УИХ-ын сонгуулийг дангаар нь явуулахаар хуульчилж, зохицуулж буйгаараа онцлогтой юм.

2020 ОНЫ СОНГУУЛИЙН ХУУЛЬ ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ ДЭЭР ОЧИХ УУ

2020 оны УИХ-ын Сонгуулийн хуульд “Авлига, албан тушаалын гэмт хэрэгт нэр холбогдож шүүхээр тогтоолгосон” хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй гэдэг заалтыг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан байнгын хорооны хуралдааны үеэр гарган дэмжүүлж УИХ-ын чуулганаар хэлэлцүүлсэн. Ингээд чуулганы чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн саналаар уг санал дэмжигдсэн юм.

Ингэснээр МАХН-ын дарга Н.Энхбаяр УИХ-ын сонгуульд нэр дэвших боломжгүй болж байгаа юм. Н.Энхбаярын хувьд “Хүнийг насан туршид нь яллаж болохгүй” гэсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт бий учраас энэ заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж мэдэгдсэн. Тиймээс тэрбээр Сонгуулийн хуулийг Үндсэн хуулийн цэцэд өгч магадгүй байгаа юм.

СОНГУУЛИЙН ХУУЛЬД ОРСОН ӨӨРЧЛӨЛТҮҮДИЙГ ТОВЧХОН ХҮРГЭВЭЛ

Сонгуулийн хуулиар чухам ямар, ямар зүйлүүд өөрчлөгдөж буй мэдээллийг товчхоноор хүргэе.

  • Иргэдийн хувь мэдээлэл болох регистрийн дугаар, нэр гэх мэт хувь хүний мэдээллийг ажлыг хэсэг дээр намуудад өгөхийг хориглоно.
  • Иргэдийн гар дээр тэмдэглэгээ хийхгүй.
  • Нэг мандаттай аймгуудыг хоёр болгон нэмэгдүүлнэ. Харин хоёр мантадтай аймгуудыг гурав болгон нэмэгдүүлнэ.
  • Хотын зургаан мандаттай тойргуудын мандатыг хасна.
  • Сонгогч сонгуулийн санал авах хэсэг дээр очихдоо заавал иргэний үнэмлэхтэй очих албагүй
  • 2020 оны хоёрдугаар сарын 1-ээс эхлэн сонгууль дуусах дуустал иргэдийн шилжилт хөдөлгөөнийг зогсооно
  • Гадаадад амьдарч буй иргэд санал өгөхгүй
  • Нэр дэвшигч нь үнэмлэх авсан өдрөөсөө эхлэн сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлж болно. 
  • Иргэн 5 сая, хуулийн этгээд 20 сая төгрөгийн хандив өгч болно.
  • Цахим орчныг тодорхой түвшинд хянаж, шийдвэрлэнэ. Нэр дэвшигчийн үнэмлэх авсан хүн гурав хоногийн дотор Харилцаа холбооны газраас үнэмлэх авна.
  • Цахим орчинд гүтгэх, доромжлохыг зохицуулна. 
  • Намууд эвсэж сонгуульд оролцож болно. Эвсэл нь сонгуулийнхаа жил хүчинтэй байна. Олонх нь тарсан бол эвслийг тарсанд тооцно.
  • Сонгуулийн сурталчилгааг 18 хоног байсныг 22 хоног болгож нэмэгдүүлнэ. 
  • Тойрогт мандатын тоотой тэнцүү нэр дэвшигчийн төлөө саналаа өгнө. Илүү дутуу тэмдэглэсэн саналыг хүчингүйд тооцно.
  • Фэйсбүүк, твиттерийн орчинд тодорхой хэмжээний хяналт тавина. 
  • Нэр дэвших хүмүүс нэгдүгээр сарын 1-ны өдрөөс өмнө ажлаа өгнө. 
  • Нэр дэвшигчид телевизээр хоёр цагийн туршид л сурталчилгаагаа явуулна