М.Мөнхбаясгалан: Надтай маргасан иргэнээс хууль биелүүлэхийг л шаардсан

М.Мөнхбаясгалан: Надтай маргасан иргэнээс хууль биелүүлэхийг л шаардсан

Энэ сарын 18-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны замын цагдаа жолооч болон иргэдтэй маргалдаж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан. Бичлэгийг үзсэн иргэдийн олонх нь замын цагдаагийн зөв хэмээн дүгнэж байсан. Болсон үйл явдлын талаар Чингэлтэй дүүргийн замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч М.Мөнхбаясгалантай ярилцлаа.

БИЧЛЭГ ҮЗЭХ: 

-МАШИНАА ХОЛДУУЛ ГЭХЭД "ТҮЛХҮҮР БАЙХГҮЙ" ГЭСНЭЭС БОЛЖ МАРГААН ЭХЭЛСЭН-

-Таны жолоочтой маргаж улмаар маш олон хүн тань руу дайрч байгаа бичлэг цацагдсан. Тухайн өдөр чухам ямар үйл явдал болсон юм бэ. 

-Тухайн иргэн албан байгууллагын үүдэнд явган хүний гарц хааж тээврийн хэрэгслээ байршуулсан байсан. Тэгээд ачих гэж байтал жолооч нь гараад ирэхээр нь машинаа холдуулахыг хүссэн юм. Гэтэл надад машины түлхээр байхгүй хэмээр хариулсан. Тэгэхээр нь би замын хөдөлгөөний дүрэм журмын дагуу ачих гэтэл тухайн иргэн болон хамт ажилладаг гэх хэдэн хүн хэл амаар доромжилсон. Та нар муусайн цагдаа нар дандаа ард иргэдээ шулдаг, торгодог, дарамталдаг, зогсоол байхгүй байхад бид нар хаана машинаа байршуулах ёстой юм бэ гэх мэтчилэн бага зэрэг маргаан болсон.

Тэгээд сүүлдээ уурлаад багагүй маргаан болох гээд байхаар нь та машиныхаа түрхүүрийг авчраад машинаа холдуулчих гэсэн. Удалгүй нэг эмэгтэй машины түрхүүрийг нь авчраад тэрхүү хөдөлгөөн хаагаад тавьсан машинаа холдуулсан байгаа.

-Явган хүний гарц хааж тавьсан машиныг ачаагүй л юм байна. Тийм үү?

-Ачаагүй. Цагдаагийн алба хаагч заавал хяналт тавьж, зөвшөөрөл өгч ачуулах ёстой байдаг. Зөрчил гаргасан тохиолдолд шүү дээ. Тухайлбал, нэгдүгээр эгнээнд байршуулсан, явган хүний гарц хаасан, бусдын хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг заавал цагдаагийн алба хаагчийн зөвшөөрөлтэйгөөр ачиж байгаа юм.

Харин тэрхүү маргасан жолоочийг цагдаагийн алба хаагчийг хэл амаар доромжилсон, хууль ёсны шаардлага биелүүлээгүй гэх үндэслэлээр арга хэмжээ авах гэсэн боловч мөн л хамт байсан хүмүүс нь дайраад байхаар нь чадаагүй.

-ЖОЛООЧ НАР НЭГ ХҮНИЙ ЭРХ ЧӨЛӨӨГӨӨР БУСДЫН ЭРХ ХӨНДӨГДӨӨД
БАЙГААГ ОГТ ОЙЛГОХГҮЙ БАЙНА-

-Ер нь ийм зөрчил их байдаг байх гэж анзаарагддаг?

-Ихэнх жолооч нэг хүний эрх чөлөөгөөр бусдын эрх хөндөгдөөд байгааг огт ойлгохгүй байна. Ер нь цагдаа нар иргэдийг дарамталдаг, торгодог гэж л хараад байгаа юм. Харин  тээврийн  хэрэгслээ буруу байршуулснаар бусдад саад болж байна гэдгээ ухамсарлахгүй байна. Мөн тэмдэг тэмдэглэгээгээ анзаарддаггүй. Анзаарсан ч тоохгүй байрлуулдаг. Түүнчлэн иргэдийн нэг буруу хандлага байна. Аль болох л тухайн байгууллагынхаа ойр тавих гээд байдаг.

Тэр газраас нь ойрхон төлбөртэй зогсоол, сул зай, машин байршуулахыг хориглоогүй талбай байсаар байхад зөрөөд хориглосон газар очоод байршуулаад байдаг. Ингээд хаа хамаагүй тээврийн хэрэгслээ байршуулснаараа ард иргэд нийт хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарт саад болж байгаа хэрэг. Замын хөдөлгөөн ачаалалтай үеэр бүр их удаашруулдаг. Манай Нийслэл хотод хэдэн мянган тээврийн хэрэгсэл байгаа билээ. Үүнийг зохицуулах хэдэн замын цагдаа байгаа билээ.

Цагдаа нар энэхүү ачаалалтай хөдөлгөөнийг саадгүй явуулах,ачаалал түгжрэлгүй болгох гэсэн санаагаар л ажиллаж байгаа. Тэрнээс биш зөрчил гаргасан жолооч бүрийг торгоод байдаг юм биш шүү дээ. Үнэхээр тэр жолооч зөрчил гаргасан бол ямар үйлдэл гаргасан, ямар зөрчил үйлдсэн гэдэг дээр нь хуулинд заасны дагуу л торгох арга хэмжээ авдаг.

-Жолооч нар гаргасан зөрчлөө ойлгохгүй байгаа харагдаад байдаг?

-Тийн. Ер нь зөрчил гаргасан жолооч нар хэзээ ч зөрчлөө хүлээн зөвшөөрч байгаагүй.

-Ойрын өдрүүдэд замын ачаалал их байна шүү дээ. Замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар ихэнхдээ ямар зөрчил ихэвчлэн гаргаж байна вэ?

-Дийлэнхдээ эгнээ байр буруу эзлэх, гэрэл дохио зөрчих, дохиогоо өгдөггүй. Жолооч нар дуртай газраа зогсож хүн буулгаж, хүн хүлээх, дуртай газраараа шууд эргэх зэрэг үйлдэл их гаргаж байна. Энэ чинь л ачаалалтай замыг улам түгжрүүлээд байна. Энэ нийтэд саад болоод байгаа үйлдлээ ойлгохгүй байна. Зогсоогоод хэлэхээр “Би өнөөдөр их ажитлай, яарч байна, Би их ядарч байна, Та нар ядарсан иргэнээ торгох гэж байна” хэмээн дайрдаг.

-ИРГЭД БУХИМДЛАА ӨӨРСДӨӨ БИЙ БОЛГООД БАЙНА-

-Жолооч нар ачаалалтай замаар хөдөлгөөнд оролцох үедээ илүү бухимдалтай байна шүү дээ?

-Жолооч нар өөр өөрсдөдөө бухимдал үүсгээд байна. Нэг жолооч түгжрэл үүсгэхэд араас нь олон жолооч сигнал дарах, гэнэт эргэх зэрэг үйлдлээс болоод бие биенийгээ бухимдуулж байна. Тэр бухимдлаа шаардлага тавьж байгаа цагдаа нарт гаргана шүү дээ.

-Бүх жолооч нар бухимдлаа та нарт гаргаад байх нь их хэцүү байдаг байх даа?

-Хэцүү байсан ч гэсэн цагдаагийн тангараг өргөсөн алба хаагчид шүү дээ. Аль болох л хурдан замын хөдөлгөөнийг чөлөөлөх үүрэгтэй.

-ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЖОЛООЧ НЬ ИРСЭН БОЛ АЧИХГҮЙ-

-Замын цагдаа нарыг машины эзэн нь ирчихээд байхад машин ачаад аваад явчихдаг гээд байдаг шүү дээ. Жолооч нь байсаар байхад ачиж байсан тохиолдол бий юу?

-Байхгүй. Иргэд өөрсдөө буруу ойлгох, хэн нэгний үгээр сонссоноороо л тайлбарлаад байдаг. Журмандаа ч тийм юм байхгүй. Заасан журмандаа жолооч ирсэн тохиолдолд буулгана гэсэн заалт бий. Гаргасан зөрчил дээр нь торгох арга хэмжээ аваад явуулна. Мөн замын цагдаа нарыг иргэд зогсоосон машин болгоноо торгодог гээд байдаг. Үнэндээ тийм биш. Иргэд жолооч нар зарим тохиолдолд аргагүй байдлаас үүдээд дүрэм зөрчсөн байдаг. Тухайлбал, ар гэрийнхэн нь хүнд байдалд орсон, төрөх эмнэлэгт хүн хүргэх гэх мэтчилэн тэр үед бид заавал таныг торгоно гээд байдаггүй. Сануулаад анхааруулаад явуулах тохиолдол байдаг. Зөрчлийн хуулинд сануулах гэсэн заалт байхгүй. Гэхдээ бид сануулаад зөвлөөд явуулна. Гэтэл иргэд та нар сануулах ёстой гээд уурлаад байдаг. Үнэн хэрэгтэй зөрчил гаргасан бол шууд торгоно гэж заасан байдаг.

-Замын цагдаагийн тавьсан шаардлагыг хүлээн авахгүй, хэл амаар доромжлох юм бол ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?

-Зөрчлийн тухай хуульд зааснаар 250 нэгжээр торгоно. Бүүр биед халдаад хувцас урах зэрэг үйлдэл гаргасан бол Эрүүгийн хуулиар зохицуулагдаад явна. Гэхдээ бид маргасан, шаардлага биелүүлээгүй жолооч бүрийг торгуулах гээд байдаггүй.