-“Boeing 737-8MAX” ОНГОЦООР ОРЛОГО ОЛДОГГҮЙ МӨРТЛӨӨ
ТҮРЭЭСИЙН ӨНДӨР ТӨЛБӨР ТӨЛДӨГ ҮҮ-
Одоогоос 11 сарын өмнө Монголын Иргэний Агаарын тээвэр ХК “Boeing 737-8MAX” нэртэй шинэ онгоцоо хүлээж авч байв. АНУ-ын Сиэтл хотоос долоон цаг нисч, 9000 гаруй км, агаарын замыг туулж ирсэн шинэ агаарын хөлгийг УИХ-ын гишүүн, тухайн үеийн ЗТХ-ийн сайд Я.Содбаатар, “МИАТ” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баттөр, ИНЕГ-ын удирдлагууд цэцгийн баглаа, мөнгөн аяга, сүү хадагтай угтан авч сүр дуулиан болж байлаа. Хөл, хөөр болсон албаныхан тус онгоцыг авснаар дэлхийн агаарын тээврийн хөгжилтэй хөл нийлүүлж чадлаа хэмээн тодотгоод “Тулуй хаан” хэмээн нэр хайрлаж байв.
“Тулай хаан” хэмээн нэрийдэх шаардлага байсан ч юм уу, үгүй ч юм уу бүү мэд.
Гэхдээ үүнээс илүү анхаарал татаж буй асуудал нь өндөр түрээс төлөх нөхцлөөр авсан энэхүү “Boeing 737-8MAX” онгоц нь одоог хүртэл нислэг үйлдэхгүй ангарт хэвтэж буй тухай юм.
Бид тус онгоцоор орлого олдоггүй мөртлөө түрээсийн төлбөр одоог хүртэл төлж байгаа юу гэдгийг тодруулахыг хичээлээ.
-БОИНГ КОМПАНИ “Boeing 737-8MAX” ОНГОЦНЫ ЗАГВАРЫН ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ
ТҮР ЗОГСООЖ БУЙГАА МЭДЭГДЛЭЭ-
Учир нь бөөн сүр дуулиан болж онгоц авснаас яг сарын дараа Boeing загварын хоёр чонгоц дараалан осолдож дэлхий нийтийг цочирдуулсан. Тухайлбал, Этиоп улсын “Boeing 737” нисэх онгоц осолдож 157 хүн амь үрэгдсэн. Үүний дараа Индонезийн “Lion Air” компанийн “Boeing 737-8MAX”онгоц осолдож 189 хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан юм. Эдгээр ослуудаас шалтгаалан дэлхийн улс орнууд Боинг загварын онгоцны нислэгийг цуцалж эхэлсэн. Одоо ч тус онгоцны ашиглалтыг зогсоосон хэвээр байна.Үйлдвэрлэгч АНУ-ын Боинг компани онгоцыг осолдуулж буй шалтгаан нөхцлийг тодруулахаар саяхныг хүртэл ажилласан. Тэд засваруудыг хийсэн, алдаагаа зассан гэж буй ч дэлхийн улсууд Боингоор нислэг үйлдэхгүй байна. Тэр бүү хэл Боинг компани “Boeing 737-8MAX” онгоцны загварынхаа үйлдвэрлэлийг ирэх нэгдүгээр сараас эхлэн түр зогсоож байгаагаа өчигдөр мэдэгдээд байна. Уг нь онгоцны техникийн алдааг Боинг компани засварлаж дууссан гэж буй ч дахин нисгэх зөвшөөрлийг 2020 оноос наана өгөхгүй гэсэн шийдвэрийг АНУ-ын Холбооны нислэгийн захиргаа өнгөрсөн долоо хоногт гаргасан юм. Энэхүү шийдвэртэй холбоотойгоор “Boeing 737-8MAX” загварын үйлдвэрлэлийг зогсоогоод байгаа юм.
-ТУС ОНГОЦНЫ ТАЛААР АЛБАНЫХАН МЭДЭЭЛЭЛ ӨГӨХӨӨС ЭРС ТАТГАЛЗАВ-
Манай улс ч мөн шинээр авсан “Boeing 737-8MAX”онгоцоо хөдөлгөлгүй бүтэн жилийн нүүрийг үзсэн гэж эх сурвалжууд хэлж буй. Хэрвээ энэ үнэн бол огт нисдэггүй онгоцны төлөө бид сардаа 400 мянган долларын түрээс төлдөг гэсэн үг.
Өнгөрсөн 11 сарын хугацаанд бид хэдий хэмжээний мөнгийг Боинг компанид өгсөн бэ.
“Boeing 737-8MAX” онгоцыг манай улс 12 жилийн түрээсээр авсан. Ингэхдээ сард 400 мянган доллар төлөх нөхцлийг гэрээгээр хүлээсэн гэх мэдээлэл байдаг.
Одоо тус онгоц нислэг үйлдээгүй бол бид түрээсийн мөнгийг хий төлж байгаа юу гэдэгт хариулт авахаар Зам тээврийн яам болон ИНЕГ болон МИАТ компанитай холбогдсон ч хариулт өгөхөөс татгалзсан юм. Тодруулбал, Зам, тээврийн хөгжлийн яам энэ талаар мэдэхгүй гэсэн бол ИНЕГ МИАТ-аас асуу гэв. Харин МИАТ тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэлээ. Тиймээс бид Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалангаас энэ талаар тодруулах болно.
Ангарт хадгалж буй онгоцны түрээсэнд сард 400 мянган доллар төлж буй бол онгоцыг буцаах эсвэл өөр арга хэмжээ авч байна уу гэдэг нь чухал байгаа юм. Учир нь улсын төсвийн мөнгө салхинд хийсч буйгаас ялгаагүй билээ.
Уг нь бид Боинг компаниас дөрвөн онгоц авахаар гэрээлсэн боловч эхнээсээ бүтэлгүйтсэн нь энэ юм.