Учраа бөхөө өшиглөж, тахимаа авахдаа толгой руу нь цохисон Аймгийн начин М.Балжиннямын барилдах эрхийг гурван жилээр хасав

Учраа бөхөө өшиглөж, тахимаа авахдаа толгой руу нь цохисон Аймгийн начин М.Балжиннямын барилдах эрхийг гурван жилээр хасав

Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат Аймгийн начин М.Балжинням нь сумынхаа баяр наадмын Үндэсний бөхөд барилдахдаа ёс бус үйлдэл гаргаж, учраа бөхөө нидэрч, өшиглөж, дахимаа авахдаа толгой руу нь цохиж буй зэрэг үйлдэл нь олныг бухимдуулж, яаралтай арга хэмжээ авахыг иргэд шаардаж байсан билээ.

ВИДЕО:

Тэгвэл долдугаар сарын 28-ны өдөр Монголын Үндэсний Бөхийн Холбооны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн хурал болж, дараах шийдвэрийг гаргасан байна.

Үүнд, МҮБХ-ны “Үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 4.3.1, 4.17 дахь хэсгүүд, “Ёс зүйн дүрэм”-ийн 6.1, 7.1, 7.5, 8.1 дэх хэсгүүдийг тус тус үндэслэн:

А. Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат Аймгийн начин М.Балжинням нь 2023 оны долдугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын баяр наадамд барилдахдаа гаргасан үйлдлийг Монгол бөхийн ёс жудагт харш, үзэгч олон түмэн, өрсөлдөгч бөхөө үл хүндэтгэсэн болохыг ТЭМДЭГЛЭН, ТОГТООСОН НЬ:

1. Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат Аймгийн начин М.Балжинням нь “Ёс зүйн дүрэм”-ийн:

  • 3.4.1 дэх хэсэг буюу Монголын ард түмний олон мянган жилийн үнэт өв болсон үндэсний бөхийг хүндэтгэн, бөхийн нэр хүнд, жудаг, ёс зүйг эрхэмлэх,
  • 3.4.3 дахь хэсэг буюу Олон нийт, бөх сонирхогчид, хүүхэд залуучуудад Монгол Үндэсний бөхөөр дамжуулан ёс суртахууны зөв төлөвшил, хүмүүжлийн үлгэр дууриал үзүүлэх,
  • 3.4.6 дахь хэсэг буюу Биеэ авч авах байдал, зан төлөв, ёс суртахуун, харьцаа, хандлагаараа спортын тамирчны нэр хүндийг өндөрт байлгахыг ямагт хичээх; заалтуудыг тус тус зөрчиж, ёс зүйн зөрчил гаргасанд тооцов.

2. Зөрчил гаргагч М.Балжиннямыг “Үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 4.3.1-т заасны дагуу энэхүү тогтоол гарсан өдрөөс хойш 3 жилийн хугацаанд бүх шатны барилдаанд барилдахыг хориглов.

3. Энэхүү тогтоолын хэрэгжилтийг хангаж, зохих арга хэмжээ авахыг МҮБХ-ны Ажлын албанд мэдэгдэв" гэжээ. Ийнхүү Монгол бөхийн нэр хүнд, ёс жудгийг умартсан хэмээн олон түмний уур ундууцлыг хүргэсэн Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат Аймгийн начин М.Балжиннямыг 3 жилийн хугацаанд барилдахыг хориглох шийдвэр гаргасан нь Үндэсний бөхөөр хичээллэгчдэд ихээхэн сургамж болов бололтой.

МҮБХ-ны шийдвэр. 2023.07.28