Өнөөдөр /2026.10.16/ нутгийн төв хэсгээр, маргааш /2026.10.17/ нутгийн зүүн хагаст нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна.
Ирэх шөнө буюу энэ сарын 16-17-нд шилжих шөнө Ховд, Булганы өмнөд, Говь-Алтай, Төв аймгийн хойд, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ, Дундговь, Дорноговь, Дорнод, Сүхбаатарын зарим сумдын нутгаар, маргааш буюу энэ сарын 17-нд Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Төв, Хэнтий, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Сүхбаатарын ихэнх сумдын нутгаар 0.0-10.0 мм бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.
17-18-нд шилжих шөнө Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Дорнод, Сүхбаатарын зарим сумдын нутгаар, Ням гараг буюу энэ сарын 18-ны өдөр Баян-Өлгийн өмнөд, Увс, Ховд, Архангайн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Завханы ихэнх сумдын нутгаар, энэ сарын 19-нд Увс, Завхан, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв аймаг, Дундговь, Өмнөговийн аймгийн зарим сумдын нутгаар, энэ сарын 20-нд Өмнөговь, Дорноговийн өмнөд, Төв аймгийн зүүн хойд сумдын нутгаар 0.0-1.0 мм ялимгүй нойтон цас, цас орно.
Салхи 17-нд говь, тал, хээрийн нутгаар, 18-нд Алтайн уулархаг нутгаар, 19, 20-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Идэр, Тэс, Завхан, Заг-Байдраг голын эхээр -20...-25 градус, Говь-Алтайн нуруу, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -12...-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0...-5 градус, бусад нутгаар -6...-11 радус хүйтэн, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -8...-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -2...+3 градус, бусад нутгаар -2…-7 градус хүйтэн байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.