З.Эрдэнэ-Очир: Багшдаа өгсөн амлалтаа биелүүлж, “Баярлана даа” дуугаараа анхны тоглолтоо нэрлэсэн

З.Эрдэнэ-Очир: Багшдаа өгсөн амлалтаа биелүүлж, “Баярлана даа” дуугаараа анхны тоглолтоо нэрлэсэн

Уртын дуу бол монгол түмний дархлаа, өв соёлын үнэт өв билээ. Уртын дууны уламжлалаа өвлөн авч, залуу үедээ түгээн дэлгэрүүлэхийн зэрэгцээ нийтийн дууны салбарт уран бүтээлээ туурвиж яваа дуучин Зааны Эрдэнэ-Очиртой ярилцлаа. Тэрбээр энэ удаагийн уран бүтээлийн тоглолтоо “Баярлана даа” хэмээн нэрлэж, 2026 оны аравдугаар сарын 29-нд Монгол бөхийн өргөөнд үзэгч, сонсогчдодоо толилуулах гэж байна.

ВИДЕО:

-Юуны өмнө та манай сайтын уншигчдад өөрийгөө товч танилцуулахгүй юу?

-Намрын сайхан өдрийн мэндийг та бүхэндээ хүргэе. Намайг Зааны Эрдэнэ-Очир гэдэг. Би Баянхонгор аймгийн Хүрээборол сумд төрж өссөн. 2011 онд Соёл урлагийн сургуульд элсэн орж, 2016 онд уртын дуулаач мэргэжлээр Монгол Улсын гавьяат жүжигчин, үндэсний бөхийн зүүний манлай засал Баасанхүүгийн Батболд багшийнхаа удирдлага дор төгссөн.

-Дуучин хүний хувьд анхны уран бүтээл гэдэг дурсамж ихтэй байдаг болов уу?

-Миний анхны уран бүтээл 2012 онд төрсөн түүхтэй. Манай сумын нэрт яруу найрагч Д.Дашжамц гуайн шүлэг, дуу хөгжмийн багш, Алтан гадас одонт Т.Дагийсүрэн багшийн аялгуугаар бүтсэн “Очир эрдэнийн нутаг” хэмээх дууг анх дуулж байлаа. Намайг З.Эрдэнэ-Очир гэдэг учраас нэрний минь утгатай ч ихэд зохицсон бүтээл болсон. Нэгдүгээр курстээ байхдаа энэ дуугаа студид бичүүлж, хөгжмийн найруулга хийлгэн, өөрийн анхны уран бүтээл болгож байлаа. Бичлэгээ утсан дээрээ сонсоод өөрийнхөө дуу хоолойг анх удаа уран бүтээл хэлбэрээр сонсох сайхан санагдаж байсан. Төрж өссөн нутаг, хайрхан уулсынхаа тухай өгүүлсэн дуу учраас нутгийнхан маань ч халуун дотно хүлээж авсан. Тэднийхээ дэмжлэгээс урам зориг авч, цаашид уран бүтээлээ үргэлжлүүлэх хүсэл минь улам нэмэгдсэн дээ.

-Анхны тоглолтынхоо тухай дурсвал?

-Соёл урлагийн сургуульд суралцаж байхдаа өөрийн бие даасан уран бүтээлийн тоглолтыг хийж, нутгийн зон олондоо уран бүтээлээ хүргэх хүсэлтэй болсон. Ингээд 2014 онд “Очир эрдэнийн нутаг” нэртэй тоглолтоо төрсөн нутагтаа зохион байгуулж байлаа. Энэ бол миний уран бүтээлийн замналын эхэн үеийн нэгэн сайхан дурсамж юм. Миний урлагт дурласан сэтгэл, авьяас чадвар гэр бүлтэй минь салшгүй холбоотой. Эмээ, өвөө хоёр маань сум орон нутагтаа урлаг соёлыг түгээн дэлгэрүүлдэг, дуу хуурын авьяастай хүмүүс байсан. Өвөө маань уртын дууг сайхан дуулна, эмээ маань ардын дуу, морины дууг чадварлаг дуулдаг байлаа. Ээж маань ч урлагийн хүн бөгөөд сумынхаа Соёлын төвд 30 гаруй жил ажиллаж, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол хүртсэн. Ийм сайхан урлагийн гэр бүлд өсөж, тэднийхээ авьяас билиг, өв уламжлалаас суралцсан минь өнөөдрийн намайг бий болгосон гэж боддог. Аав, ээж, эмээ, өвөөгийнхөө өвлүүлсэн эрдэнэт өвийг цааш нь авч явахыг хичээдэг дээ.

-Танай гэр бүлд ерөөл магтаал, дуу хуурын уламжлал сайхан хадгалагдаж иржээ. Өвөөгөөсөө юу хамгийн их өвлөсөн гэж боддог вэ?

- Өвөө маань нутаг орондоо нэр хүндтэй, ерөөл магтаал хэлдэг, монгол ёс заншлаа сайн мэддэг хүн байсан. Ялангуяа хурим найрын үеэр бэр гуйх ёслолд оролцож, олон залуу хосын гал голомтыг бадраахад хувь нэмрээ оруулж явсан. Өв соёлоо амьдрал дээрээ хэрэгжүүлж, бусдад түгээн дэлгэрүүлдэг хүн байлаа. Би багаасаа өвөөгөө дагаж сум орон нутгийнхаа найр наадамд их явдаг байсан. Эхэндээ өвөөгийнхөө дуулахыг сонсож, дараа нь хүмүүсийн өмнө өөрөө дуулж эхэлсэн. Өвөө маань сүүлдээ “Миний хүү дуул” гээд намайг олны өмнө дуулуулдаг болсон юм. Тэр үеэс л хүний өмнө гарч дуулах зориг сууж, урлагт дурлах сэтгэл минь улам хөгжсөн байх. Анх “Хөөрхөн халиун” хэмээх монгол ардын бэсрэг уртын дууг сурч, дуу хөгжмийн багшдаа шалгуулж байлаа. Тэгэхэд багш маань уртын дуу дуулах боломж байгааг минь хэлж, энэ чиглэлээр суралцах итгэл өгсөн. Соёл урлагийн сургуульд уртын дуу, ардын дуу, эстрад, дуурийн дуулаачийн ангиуд байсан учраас би өөрийн сонирхол, авьяаст нийцсэн уртын дууны чиглэлийг сонгосон. Өнөөдөр хурим найранд ерөөл хэлж, уртын дуугаа дуулж, заримдаа хөтлөгч хийж яваа минь ч өвөөгөөсөө өвлөсөн уламжлалтай холбоотой. Энэ бүхэн бол зөвхөн дуулах чадвар биш, монгол ёс заншлаа ойлгож, хүндэтгэж, бусдад хүргэх ухаан юм.

- Тайзан дээр дуулах болон найр, хурим дээр дуулах мэдрэмж өөр байдаг уу?

-Мэдээж өөр. Тайзан дээр дуулахад хөгжим, техник, микрофон зэрэг олон зүйл бэлтгэгдсэн байдаг. Харин монгол айлд найр хурим дээр очоод, хүмүүсийнхээ дунд, идээ цагаагаа тойрон суусан олонтойгоо нүүр нүүрээ харалцан дуулахад огт өөр мэдрэмж төрдөг. Монгол гэрт болж байгаа найр өөрөө их сайхан уур амьсгалтай. Хүмүүс айраг цагаагаа бариад, дуу хуураа сонсож, нэг нэгэндээ ерөөл бэлгэдэл өргөж, баяр хөөрөө хуваалцана. Тийм орчинд уртын дуугаа дуулна гэдэг надад онцгой үнэ цэнтэй санагддаг. Би өөрийгөө залуу үеийн төлөөлөл гэж боддог. Өөрийн үеийн залууст уртын дуугаа таниулж, тэднээр дамжуулан үр хүүхдэд нь өвлүүлэн үлдээхийг хүсдэг. Монголчуудын маань олон зуун жилийн турш хадгалж ирсэн дуу хуур, ерөөл магтаал, ёс заншил бол үндэсний дархлаа юм. Тиймээс энэ сайхан мэргэжлийг сонгож, найр наадамд уртын дуугаа дуулж, ерөөлөө хэлэн, өв соёлоо өөрийн хэмжээнд түгээн дэлгэрүүлж яваадаа баярлаж явдаг.

-Та уртын дуунаас гадна нийтийн дууны олон сайхан бүтээлээр сонсогчдодоо хүрдэг. Энэ удаагийн тоглолтоо яагаад “Баярлана даа” хэмээн нэрлэсэн бэ?

-Би уртын дуугаа дуулахаас гадна нийтийн дууны салбарт ч уран бүтээлээ туурвиж явна. Энэ салбарын томоохон төлөөлөгч, Монгол Улсын гавьяат жүжигчин, Монгол түмний хайртай дуучин Нанзадын Чулуунхүү багшийнхаа отгон шавь болсондоо их баярлаж явдаг. Багштайгаа ярилцаж, зөвлөлдөж байгаад түүний олон түмний сэтгэлд хоногшсон “Баярлана даа” хэмээх сайхан дууг албан ёсны эрхийн дагуу дуулж эхэлсэн юм. Н.Чулуунхүү багшийнхаа арга барил, заавар зөвлөгөөгөөр энэ дуугаа өөрийн өнгө аясаар дуулж, сонсогчдодоо хүргэхийг хичээдэг. Багшдаа анхны бие даасан уран бүтээлийн тоглолтоо хийхдээ энэ дууныхаа нэрээр нэрлэнэ гэж амлаж байсан. Тиймээс энэ удаагийн тоглолтоо “Баярлана даа” хэмээн нэрлэж байгаадаа сэтгэл өндөр байна. Хэдийгээр Чулуунхүү багш маань бидний дунд байхгүй болсон ч түүний бүтээсэн сайхан дуунууд Монгол түмнийхээ сэтгэлд амьдарсаар байна. Багшийнхаа уран бүтээлээс өөрийнхөө хэмжээнд өвлөн авч, өөрийн өнгө төрхөөр үргэлжлүүлэн дуулж, шинэ үеийн сонсогчдод хүргэж яваадаа талархаж явдаг. Энэ тоглолт маань багшдаа өгсөн амлалтаа биелүүлэхийн зэрэгцээ өөрийн уран бүтээлийн замналаа үзэгч түмэндээ хүргэх чухал үйл явдал юм.

-Тоглолтынхоо талаар болон үзэгчдэдээ хандаж юу хэлэх вэ?

-Миний хувьд энэ тоглолт их үнэ цэнтэй. Уран бүтээлч хүн өөрийнхөө хөдөлмөр, сурч мэдсэн зүйл, сэтгэл зүрхээ үзэгчдэдээ хүргэх боломж гэдэг утгаараа догдлол, хариуцлага аль аль нь байна. Би уртын дууны уламжлал, нийтийн дууны уянга эгшгийг өөрийн уран бүтээлээр дамжуулан сонсогчдодоо хүргэхийг хүсэж байна. Мөн эрхэм багшийнхаа уран бүтээлийг хүндэтгэн дуулж, түүнийхээ өв соёлыг үргэлжлүүлэн авч яваагаа харуулахыг зорьж байгаа. Дуунд дуртай үзэгч, сонсогч та бүхнийг 2026 оны аравдугаар сарын 29-ний өдөр Монгол бөхийн өргөөнд болох миний “Баярлана даа” тоглолтод хүрэлцэн ирэхийг урьж байна. Миний уран бүтээлийг сонсож, дэмжиж, урам хайрладаг та бүхнийхээ итгэлийг дааж, цаашид улам их хөдөлмөрлөж, сайхан уран бүтээлүүд туурвихыг хичээнэ. Монгол дуу хуур минь үеийн үед эгшиглэж, өв соёл маань үр хойчдоо өвлөгдөн үлдэх болтугай. Та бүхэндээ баярлалаа.




Өнөөдөр гахай өдөр

1 цагийн өмнө