Б.Гэрэл: Баян-Өлгий аймгаас Дорнод хүртэл 2600 км замыг дугуйгаар ганцаараа туулсан нь Монголдоо анхдагч болсон /ВИДЕО/

Б.Гэрэл: Баян-Өлгий аймгаас Дорнод хүртэл 2600 км замыг дугуйгаар ганцаараа туулсан нь Монголдоо анхдагч болсон /ВИДЕО/

Сүүлийн үед дугуйн спорт манай улсад харьцангуй өсөн хөгжиж, хэрэглээ нэмэгдэж байна. Дугуй унах нь эрүүл зөв хөдөлгөөнийг дэмжихээс гадна байгальд ээлтэй эко унаа гэдгээрээ давуу талтай бөгөөд орчин үеийн залуусын амьдралын хэв маягт тохирсон унаа юм.

Дугуй унах нь эр зориг шаардахаас гадна стресс сайн тайлдаг. Тэгвэл бид энэ удаад өөрийн эр зориг, тэсвэр хатуужлыг харуулж 2590 гаруй км замыг дугуйгаар туулсан нэгэн эмэгтэйг онцлон ярилцлаа. Түүнийг Бадрал овогтой Гэрэл гэдэг. Сонирхогчдын дугуйн спортоор хичээллээд багагүй хугацааг өнгөрүүлжээ. Тэрбээр Баян-Өлгий аймгийн  Цагаан нуур сумын Улаанбайшин боомтын ОХУ-тай хиллэх хилийн зурвас болох 55-р сүлдэт баганаас аялал эхэлж, Дорнод аймгийн Чойбалсан сумын Хавирга боомтын БНХАУ-тай хиллэх хилийн зурвас 1495-р сүлдэт баганад аялалаа дуусгажээ.  Түүний хувьд хоёр хилийн зурвас хооронд дугуйгаар явсан Монголын анхдагч эмэгтэй дугуйчин болжээ. Ингээд түүнтэй ярилцсан ярилцлагыг хүлээн авна уу.

ВИДЕО:

-Юуны өмнө аялалаа амжилттай дуусгаад ирсэнд нь баяр хүргэе. Аялал нь хэр амжилтай болов? Ямар маршрутаар явсан бэ?

Би Монгол эх орныхоо баруун хязгаар буюу Баян-Өлгий аймгийн Цагааннуур сумын Улаанбайшин боомтоос гараад улсынхаа зүүн хязгаар буюу Дорнод аймгийн Хавирга боомт хүртэл нийт 2593 км замыг туулаад ирсэн. Аялал маань маш амжилттай явж дууслаа. Өдөрт ойролцоогоор 200 км орчим  замыг туулж байсан даа.

- Ганцаараа аялсан уу? Анх ер нь яагаад аялах гарах болов? Аялалдаа хэр удаан, хэрхэн бэлтгэсэн бэ?

Би ээжтэйгээ хамт явсан. Манай ээж миний арын албыг хариуцаад, машинтайгаа намайг дагаад, зөвхөн хоёулаа яваад ирсэн.

Би ер нь  дугуй унаж эхэлснээсээ хойш яагаад ч юм Монголынхоо бүх засмал замаар дугуйтай явж үзэхийг хүсдэг байсан.

Энэ аялалдаа гарахын тулд  2 жил гаруйн хугацаанд бэлтгэж, төлөвлөсөн. Өөрийн бие болон техникийн бүрэн бүтэн байдалд маш их анхаарч бэлдсэн дээ.

- Энэ урт аялалын хугацаанд хүндрэл бэрхшээлтэй зүйл мэдээж тохиолдсон л байх. Хамгийн хэцүү зүйл юу байв?

Зургаадугаар сарын 1-ний үед Баян-Өлгий аймагт нэлээд хүйтэн, мөн дээрээс нь цастай байсан. Бураатын даваа, Хашаатын даваа гэсэн хоёр том давааг давахад бас нэлээн хичээл зүтгэл гаргасан даа. Би өмнө ийм урт аялалд явж байгаагүй. Миний анхны урт аялал байсан тул мэдээж хэцүү зүйлс маш олон байсан. Хамгийн хүндрэлтэй зүйл нь салхи шуурга л байсан даа.

- Дугуйныхаа тухай ярихгүй юу? Аялалдаа хэрхэн бэлдэж тоноглов? Дугуй сонирхогчдод бас сонин байх болов уу?

Дугуй маань Road буюу засмал замын дугуй. 11 араатай, 53 хүрдтэй ийм дугуй байна. Баян-Өлгий аймгийн Бураатын даваа, Хашаатын даваа хоёрыг давж орж ирээд хойд талын дугуй хагараад хий нь гарчихсан байсан.  Өөр сольж өгөх хүн байгаагүй учраас анх удаа өөрөө дугуйгаа сольж янзалж үзсэн. Өмнө нь Road Mongolia клубын тамирчид дугуй хагарахаар янзлахыг харж, заалгаж байсан учраас өөрөө амжилттай сольж чадсан. Тэрнээс хойш миний дугуйнд ямар нэгэн гэмтэл гаралгүй аялал маань дууссан.

- Өдөрт хэдий хэр замыг туулж байсан бэ?

Хамгийн багадаа өдөрт 55 км замыг туулсан. Тэр өдөр нь маш их шуургатай, салхи сөрж явж байсан учраас ядраад амарсан.

Миний дундаж 26 км орчим байсан.

Би уруу газар мэдээж их хурд гаргах боломжтой. Road дугуй хамгийн дээд тал нь 100 км хүртэл хурдлах боломжтой байдаг. Гэхдээ миний хувьд хол замд явж байгаа учраас аюулгүй байдлаа бодоод уруу газар ихдээ 50км хурдалж байсан. Өгсөхөд илүү амар уруудахад хамгийн хэцүү юм шиг санагдсан. Яагаад гэвэл би олон км явж байгаа учраас ямар нэгэн эрсдэл гаргаж болохгүй. Тиймээс янз бүрийн нүх, чуоуу гарч ирэх ч юм уу тэр бүхнийг тооцоолж, тооромзоо атгаж буудаг байсан.

- Хэцүү байх шантрах үе байсан уу?

Мэдээж байсан. Өөрөөсөө бүр “Чи яг юу хийгээд байгаа юм бэ” гэж асууж байсан. Гэхдээ өөртэйгөө тулж, бидож бясалгасан өдөр хоногууд өнгөрсөн дөө. Ямар ч гэсэн амжилттай ард нь гарч чадсандаа баяртай байгаа.

Монголчуудыг, мөн хүүхэд залуусыгаа дугуйн спортоор хичээллээрээ гэж уриалмаар байна. Ер нь хүн болгоныг спортын ямар нэг төрлөөр хичээллээсээ гэж хүсдэг. Спорт хүний биед хэзээ ч сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй.




“FLASH SALE” BSB-д

9 цагийн өмнө