УИХ-ын сонгуулийн хуулийн төсөлтэй холбогдуулан хуульч Н.Ариунболдтой ярилцлаа.
-Сонгуулийн тухай хуулийг хүчингүй болгож гурван тусдаа хууль болгох зайлшгүй шаардлага байгаа юу?
-1992 оны 4-р сарын 4-ний өдөр анхны УИХ-ын сонгуулийн тухай хууль батлагдсанаас хойш 2015 хүртэл УИХ, Ерөнхийлөгч, орон нутгийн хурлын сонгуулиуд тус тусдаа хуулиар зохицуулагдаж ирсэн. Сонгуулиудад нийтлэг харилцаа олон байдгийг харгалзан, Сонгуулийн нэгдсэн хуулийг УИХ-аас 2015 онд баталсан байдаг. Тухайлбал иргэний сонгох, сонгогдох эрхийн баталгаа, үндсэн зарчим, нэр дэвшүүлэх эрх, сонгууль товлон зарлах, сонгуулийн нутаг дэвсгэр, сонгуулийн байгууллага, сонгуулийн зардал, сурталчилгаа, хандив, сонгогчдын нэрийн жагсаалт, мөрийн хөтөлбөр, сонгуулийн сурталчилгаанд хориглох зүйлс, саналын хуудас, санал авах газар, сонгогч санал өгөх, санал тоолох, ажиглагч, сонгуулийн маргаан зэрэг нийтлэг ижил төрлийн харилцаа УИХ, Ерөнхийлөгч, орон нутгийн хурлын сонгуульд байдгийг харгалзан Сонгуулийн нэгдсэн хуулийг УИХ-аас баталсан байдаг. Монголын төр засаг дөрвөн жилийн ой санамжтай байж болохгүй.
-Хууль санаачлагч тус тусын онцлогтой сонгуулиудыг нэг хуулиар зохицуулах нь хэрэглээний хувьд хүндрэл үүсч байсан талаар үзэл баримтлалдаа дурдсан байна?
-УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалтай танилцсан. Яг ямар ямар хүндрэл үүсч байсан талаар огт дурдаагүй байна лээ. Уг нь бол хуулийн төслийн үзэл баримтлалаар зайлшгүй шаардлагаа нотолж түүнийг шийдвэрлэх арга замаа тусгадаг. Гэсэн хэдий ч үүнийгээ нотолж чадаагүй санагдсан. Сонгуулийн амлалтаа биелүүлэхийн тулд хэлбэрийн хувьд сонгуулийн хуулийг салгаж байгаа юм болов уу гэж уншигдсан. Өөрөөр хэлбэл Сонгуулийн нэгдсэн хуульд байсан бүхий л заалтууд энэ гурван хуулийн төсөлд эргээд л орсон байна.
-УИХ-ын сонгуулийн хуулийн төсөлд онцлог ямар заалтууд байна?
-Сонгуулийн хуулийн төслөөр дэлхийд байхгүй, Монгол Улсын Үндсэн хуульд ч нийцэхгүй сонгуулийн тогтолцооны хувилбар бодож олж.
-Тодруулбал?
-Төсөлд туссанаар сонгогчид нэр дэвшигчийн төлөө санал өгсөн хэдий ч суудал хуваарилах буюу сонгогдсонд тооцохдоо нам, эвслийн авсан саналын тоо, хувиар тооцохоор байна.
Өөрөөр хэлбэл нэр дэвшигчдийн авсан саналыг нам, эвсэл, бие даагчаар нь ялгаж, тухайн нам, эвсэлд ногдох суудлын тоог гаргаад суудал хуваарилахаар заасан нь яах аргагүй сонгуулийн пропорцианал тогтолцооны зарчим юм.
Үүнээс шалтгаалж хамгийн олон санал авсан гэх нам, эвслийн зарим нэр дэвшигч нь бусад нам, эвслийн нэр дэвшигч, бие даан нэр дэвшигчээс бага санал авсан хэдий ч УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцогдох юм байна. Энэ нь хамгийн олон санал авсан нэр дэвшигч нь сонгогдсонд тооцогддог олонхын буюу мажоритар тогтолцоонд үл нийцэх юм. Цаашилбал ардчилсан ёсыг дээдлэх Үндсэн хуулийн зарчимд ч харшилж байна. Үүнээс гадна сонгуулийн мажоритар тогтолцооны зарчмыг нэг сонгуульд зэрэг байдлаар санал болгож байгаа нь олон улсад огт байдаггүй хувилбар гэж ойлгож байна.
-Тэгэхээр сонгогч улсын хэмжээнд нэг, жижиг тойргийн хэмжээнд нэг хүн сонгоно гэсэн үг үү?
-Төсөлд туссанаар жижиг тойрогт мандатын тоогоор, том тойрогт нэг хүний тоогоор нэр дэвшигчийг сонгоно гэж төсөлд тусгажээ. Энэ нь мөн Үндсэн хуулиар баталгаажсан сонгогчийн сонгох эрхэнд халдсан заалт гэж харж байна. Учир нь сонгуулийн мажоритар тогтолцооны зарчимд сонгогч нь тухайн тойргийн мандатын тоогоор санал өгөх эрхтэй байдаг. Гэтэл улс нэг тойрог 26 мандаттай гэсэн атлаа 1 хүний төлөөс санал өгч хуульчилж байгаа нь сонгох эрхэнд шууд халдаж байна гэсэн үг юм. Тиймээс энэхүү төсөл нь Үндсэн хуульд нийцэхгүй гэж үзэх хангалттай үндэслэлтэй. Хэрэв батлагдвал Цэцээс хүчингүй болгох магадлал 100 хувь. Тэгээд ч энэ төслийг СЕХ-ноос боловсруулаагүй, ажлын хэсгийн гишүүд нууцаар өөрсдөө оруулсан нь төслийн бичвэрээс харагдаж байна билээ. Тухайлбал Сонгуулийн хуулийн төслийн 75 дугаар зүйлийн 75.2, 75.3 дахь хэсэгт нь үг үсгийн хувьд алдаатай, хэсгийн дарааллын хувьд давхардсан байгаа нь их л яарч, сандарч зассан нь илтэд байгаа юм.
-Ярилцсанд баярлалаа.
-Танд ч гэсэн баярлалаа.