“Олонх цатгалдсан цөөнх шүүрс алдсан” Нийслэлийн төсөв батлагдлаа

“Олонх цатгалдсан цөөнх шүүрс алдсан” Нийслэлийн төсөв батлагдлаа

Энэ долоо хоногийн Даваа гарагт НИТХ-ын ээлжит хуралдаанаар нийслэлийн 2020 оны төсвийг баталлаа. Нийслэлийн орон нутгийн төсвийн суурь орлогыг 894.1 тэрбум төгрөг, суурь зарлагыг 338.1 тэрбум төгрөгөөр баталжээ. Мөн нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2019 онд батлагдсан түвшнээс 770.5 сая төгрөгөөр нэмэгдүүлж 27.3 тэрбум төгрөг байхаар, боловсрол, эрүүл мэнд, хүүхэд хөгжил хамгаалал, газрын харилцааны салбарын нийт үйл ажиллагааны зардлыг 2019 оныхоос 96 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 494 тэрбум төгрөг байхаар тус тус баталсан байна. Ийнхүү нийслэлийн 2020 оны төсөв батлах тухай тогтоолын төслийг дэмжье гэдгээр санал хураахад 75,68 хувиар тогтоол батлагдлаа. Нийслэлийн 2020 оны төсвийн 39 хувийг хот байгуулалт дэд бүтэц, 30 хувийг авто замын салбарт, 12 хувийг нийгмийн салбарт томоохон хөрөнгө оруулалт хийхээр баталлаа. Хуралдааны үеэр сэтгүүлчдийн хамгийн их сонирхож байсан асуудал бол Төв цэнгэлдэх хүрээлэнг 20 тэрбум төгрөгөөр хувьчлах, автомашины татварыг нэмэгдүүлсэн, утааны дохиоллын аппаратыг Хятадын нэг компанид давуу эрхээр олгосон тухай асуудал байв. МАН-ын бүлгийн зүгээс өгсөн хариултаар бол Төв цэнгэлдэх хүрээлэнг 20 тэрбум төгрөгөөр зарах нь худлаа. Нээлттэй дуудлага худалдаагаар дуудаж асуудлыг шийднэ. Авто машины татварыг нэмэгдүүлсэн нь 100 тонны даацтай машин ексел хоёрын байгал орчинд учруулах хохирол, замд үзүүлэх хөнөөлийг л тооцсон хэрэг гэнэ. Энэ их мөнгөөр зам засах бололтой юм. Харин утааны дохиоллын аппаратын тухай бүрэн мэдээлэл өгөх хүн байсангүй. Ийм их захиалгыг ийм богино хугацаанд хятдаас өөр улсын компани биелүүлэх боломжгүй гэнэ. Хэдийгээр АН бүлэг доорх саналыг гаргасан боловч нийслэлийн эрх баригчид уншихаас цааш хэтэрсэнгүй. Тус хуралд НИТХ дахь Ардчилсан намын бүлгээс доорх саналыг хүргүүлсэн юм.

-СОНГУУЛЬД ЗОРИУЛСАН, ИРГЭДИЙГ ХУДАЛ АМЛАЛТААР ХУУРСАН ТӨСӨВ БОЛЖЭЭ-

Ирэх оны төсөвт иргэдийн хүлээлттэй зарим төсөл арга хэмжээг тусгасан ч 2020 онд санхүүжүүлэх нь тун бага байна. Тухайлбал, гэр хорооллын дахин төлөвлөлтөд 100 тэрбум төгрөг зарцуулахаар төсөлд тусгасан ч 2020 онд санхүүжүүлэх нь таван тэрбум төгрөг байна. Хэзээ, ямар дарааллаар үлдсэн 95 тэрбум төгрөгийг хуваарилах эсэх тодорхойгүй байна. 2017, 2018, 2019 оны Нийслэлийн төсөв батлах хурал бүрт гэр хорооллын дахин төлөвлөлтөд 20 тэрбум төгрөгийг тусгах саналыг бид гаргасан ч эрх баригчид дэмжээгүй. Эдгээр төсөв батлагдсан бол гэр хорооллын бүсэд 80 мянга орчим айлын орон сууцны инженерийн дэд бүтэц бэлэн болчих байсан гэдгийг дахин сануулъя. Түүнчлэн, 2017,2018,2019 оны Нийслэлийн төсөв батлах бүрт Парк шинэчлэлд 10 тэрбум тусгах саналыг НИТХ дахь АН-ын бүлэг гаргаж байсан. Харамсалтай нь эрх баригчид бидний саналыг дэмжээгүй. Хэрвээ бидний саналыг дэмжсэн бол өнөөдөр 200 гаруй том оврын автобусаар парк шинэчлэлээ хийчих байсан гэдгийг дахин сануулъя. 

-ТӨСВИЙН ЗАРДЛАА ИРГЭДЭЭСЭЭ ХҮҮ ТОРГУУЛЬ, ТӨЛБӨР НЭМЭХ ЗАМААР НӨХӨХ НЬ-

2016 онд 11.4 тэрбум байсан авто зам ашигласны төлбөрийг таван дахин нэмэгдүүлж 73.5 тэрбум болгохоор төсвийн төсөлд оруулж ирсэн байна. Иргэдээ торгох, шийтгэх хүү торгуулийг 2016 онтой харьцуулахад 55 хувиар нэмэгдүүлж 35.6 тэрбум болгохоор орлогын төлөвлөгөөнд тусгажээ. Харин үүний оронд Нийслэлийн удирдлагууд тэвчиж болох урсгал зардлуудаа бууруулах шаардлагатай байна.

Төсвийн хөрөнгийг хэт үрэлгэн зарцуулж байна

  Хотын төсвийн орлого 2016 онд 461,5 тэрбум байсан бол 2020 онд 928,3 тэрбум болж хоёр дахин нэмэгдсэн. Нийслэл хот дүүргүүдтэйгээ нийлээд нэг их наяд 200 тэрбумын төсөвтэй боллоо. Гэвч жил бүр Аз жаргалтай хотын индексийн нэг тэрбум, Зүүн хойд Азийн соёл аялал жуулчалын төв болох зардал гурван тэрбум, хотын захиргаанд тавилга эд хогшил худалдан авах хоёр тэрбум гэх зэргээр тэвчиж болох зардлууд тусгагдсаар байна. Зөвхөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын зардал 46,5 тэрбумд хүрч, 2016 оныхтой харьцуулахад 112, 4 хувиар буюу 2 дахин нэмэгдсэн байна. Жишиг гудамж байгуулахад 2,9 тэрбум, хотын веб сайт хийхэд 2,4 тэрбум төгрөг гэх мэт тэвчиж болох олон зардал 2020 оны төсөвт тусгагджээ. Иймд АН-ын бүлэг тэвчиж болох урсгал зардал, оновчгүй төлөвлөлтийг танаж, нийслэлчүүдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх тодорхой саналуудыг дэвшүүлж байна.

  1. Нийслэлийн өмчөөс 2020 онд хувьчлах жагсаалтаас Төв цэнгэлдэх хүрээлэнг хасах санал оруулж байна. 1.4 сая хүн амтай Улаанбаатар хотын хувьд Төв цэнгэлдэх хүрээлэн ганцхан бий. Нийслэл хот соёл урлаг, спортын үйлчилгээгээ явуулахад цэнгэлдэх хүрээлэн байх зайлшгүй шаардлагатай юм. Түүнчлэн 12,5 га газартай, уг цэнгэлдэх хүрээлэнг 20 тэрбум төгрөгөөр хувьчлах нь төрийн өмчийг үнэгүйдүүлж байгаа хэрэг юм.
  2. Боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах хамгийн эхний алхам бол багш, эмч нарыг дэмжиж, хөгжих боломжийг нь олгох явдал юм. АН нийслэлийг удирдаж байх хугацаандаа багш эмч нарын индексийн урамшуулалд нэг тэрбум төгрөгийг тусган хэрэгжүүлж байсан нь тодорхой үр дүнгээ өгч байсан билээ. Иймд Аз жаргалтай хотын индекс тооцох нэг тэрбум төгрөгийг танаж, багш эмч нарын индексийн урамшуулал 400 сая дээр нэмж тусгах саналтай байна.
  3. Нийслэлийн хүн амын 57 хувь нь гэр хороололд амьдарч байна. Агаар, хөрсний бохирдол, автозамын түгжрэл, эрүүл аюулгүй байдал алдагдах нөхцөлийг бүрдүүлж буй гэр хорооллыг хөгжүүлэхгүйгээр нийслэл хөгжихгүй. Иймд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх 100 тэрбумаас 20 тэрбумыг нь 2020 оны төсөвт тусгаж хэрэгжүүлэх саналтай байна.
  4. Нийслэлд орон сууцгүй, очер дарааллаа хүлээж байгаа ахмадын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Иймд Зүүн хойд Азийн бизнес аялал жуулчлалын төв болох арга хэмжээний гурван тэрбум төгрөгийн зардлыг танаж, нийслэлийн ахмадын орон сууц хөтөлбөрт тусгах саналыг оруулж байна.

Эх сурвалж: Ардчилал таймс сонин