Өчигдөр “Байгалийн түүхийн музей”-г хамгаалах жагсаал, 2020 оны УИХ-ын сонгуулийн тухай хууль, Дэлхийн аварга Моллаи иргэншлээ сольж Монгол Улсын тамирчин болсон тухай гээд иргэдийн анхаарал өөр зүйлд төвлөрсөн цагт Үндсэн хуулийн цэцийн Д.Одбаяр ба цэц дэх түүний багийн гишүүдийн албан тушаалын асуудал тэдний талд шийдэгдсэн өдөр болж өнгөрлөө. Учир нь сүүлийн нэг сарын турш Монголчууд төдийгүй БНСУ-ын иргэдийн дунд шуугиан болоод байсан цэцийн дарга Д.Одбаярын оронд Н.Чинбат томилогдож Д.Одбаяр цэцийн гишүүнээр үлдэж, цэцийн даргын албан тушаалын томилгоо түүний хүслээр боллоо.
-ЦЭЦИЙН ДАРГАД Г.БАЯСГАЛАН, Н.ЧИНБАТ ГЭСЭН
ХОЁР СОНГОЛТ Д.ОДБАЯРТ БАЙВ УУ -
Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс Үндсэн хуулийн цэцийн даргаар цэцийн эмэгтэй гишүүд дотроос сонгох ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн ч УИХ-ын дарга Г.Занданшатарын зүгээс Г.Баясгаланг томилох санал оруулаад тус саналаа Н.Чинбатаар сольсон байгаа юм.
Учир нь Г.Баясгалангийн төрсөн хүү хэдэн жилийн өмнө “Монголоор дамжуулан БНХАУ руу хар тамхи зөөвөрлөсөн” хэрэгт холбогдож байсан тул түүнийг цэцийн даргад дэвшүүлэхээс татгалзсан байх талтай байгаа юм.
Ингээд Н.Чинбатыг АНУ-д хийж буй томилолтоо дуусгаж ирэхийг хүлээж Д.Одбаяр, Г.Баясгалан, Д.Солонго нарын Цэцийн гишүүд 2019 оны 11 дүгээр сарын 18 өдөр зарлагдсан Цэцийн гишүүдийн хуралдаанд ирэхгүй, ирцэд нөлөөлж хурлыг хойшлуулж байжээ. Ямартай ч Д.Одбаярын оронд Цэцийн даргын албан тушаалд Н.Чинбат томилогдсон нь Д.Одбаяр цэцийн даргын албан тушаалдаа үлдсэнтэй дүйж байгаа юм.
-Д.ОДБАЯРЫГ ЦЭЦИЙН ГИШҮҮНЭЭС ОГЦРУУЛАХ АСУУДЛЫГ
УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР ШИЙДНЭ-
БНСУ-ын иргэнд бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт буруутгагдаж, тус улсын хуулиар торгуулж, Монголд ирээд цэцийн даргын албан тушаалаасаа огцорсон ч иргэд түүнийг Цэцийн гишүүнээс нь огцруулах ёстой гэж шаардаж байгаа юм.
Гэтэл УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Нэг хүнд хоёр удаа хариуцлага хүлээлгэнэ гэж байдаггүй. УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн байхдаа хариуцлага алдлаа гэхэд сайдаасаа татгалзаж, парламентын гишүүнээ өгдөггүй.Тиймээс Цэцийн даргын суудлаа өгөөд гишүүнээр үлдэх байх” гэх тайлбарыг ч өгч байсан.Энэ нь иргэдийн нэлээдгүй шүүмжлэлтэй тулгарсан.Учир нь иргэдэд “Д.Одбаяр цэцийн дарга, цэцийн гишүүнээсээ огцрох ёстой” гэсэн улс төрчдийн байр суурь хэрэгтэй байсан юм.
Харин Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн гурвыг УИХ, гурвыг нь Ерөнхийлөгч, гурвыг нь Улсын дээд шүүх санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилдог.
Хэрэв УИХ-ын дарга Г.Занданшатарын зүгээс Д.Одбаярыг Цэцийн гишүүнээс огцруулах санал гарахгүй бол тэрээр 2022 оны 11 дүгээр сар хүртэл Үндсэн хуулийн цэцийн гишүүний алба хашиж, халдашгүй эрх эдлэх нь ээ. Учир нь түүнийг УИХ-ын дарга санал болгосноор 2016 оны 11 дүгээр сарын 17 ны өдөр УИХ-ын гишүүдийн олонх нь дэмжиж Цэцийн гишүүнээр томилж байжээ.