"ИД ШИДИЙН ОРОН 2" бол асрамжийн газар бус хүүхдийг ХАМГААЛЖ, ХӨГЖҮҮЛЭХ газар юм

"ИД ШИДИЙН ОРОН 2" бол асрамжийн газар бус хүүхдийг ХАМГААЛЖ, ХӨГЖҮҮЛЭХ газар юм

-ЭНЭ ГАЗАР БОЛ ХӨРШӨӨС МИНЬ ЭХЛЭЭД Л
АСУУДАЛТАЙ ОРЧИН-

Бидний хэлж заншсанаар Улиастайн эцсийн автобусны буудлын орчимд архи ууж хөлчүүрхсэн зарим нь хөл дээрээ ч тогтож чадахааргүй болтлоо согтсон хэд, хэдэн хэсэг бүлэг залуус зогсох аж. Яг эндээс 300 метрийн зайд бяцхан үрсийн гэгээн цайлган хүсэл мөрөөдөл, олон хүний сэтгэлийн хандив, хүч хөдөлмөрөөр  “ИД ШИДИЙН ОРОН 2” төвийн барилгын ажил ид өрнөж байна.  

Одоогоос яг хоёр жилийн өмнө Монголчуудын халуун сэтгэлийн хандиваар “Ид шидийн орон 1” төв Баянхошуунд сүндэрлэж байв. Харин тус төслийн үргэлжлэл Улиастайн эцэст баригдаж буйг бид сурвалжиллаа.

“Ид шидийн орон 2” төслийн менежер Ч.Ганжавхлан “ Нийслэлийн хэмжээнд хамгийн хүнд гэгдэх газруудын нэгд тооцогддог учраас бид энэ газрыг сонгож төвөө барьсан. Хүнд нөхцөл байдлаар нь эрэмбэлэвэл энэ газар эхний тавд бичигддэг. Орон нутгаас ирсэн бүртгэлтгүй айлын сургуульд, цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй хүүхдүүд их байдаг. Мөн хүчирхийллийн дуудлага, нөхцөл байдал, архины хамаарал, ажилгүйдлийн үзүүлэлтээс нь хараад энэ хавийн газрыг хүнд хэмээн дүгнэж болно. Энэ хавь бол хөршөөс маань эхлээд л асуудалтай орчин. Ид шидийн орон ачааллаа дийлэхгүй. Энд төвөө барих маш их шаардлага байсан. Хотын төвийн хоёр км газарт хамаг өнгөтэй, өөдтэй бүх үйлчилгээний газрыг байгуулаад тэндээ шамбааралдаад, бөглөрчихсөн сууж байна. Гэтэл 80 хувь нь гэр хороололд амьдардаг. Энд хүүхдүүд ном уншаад суух боломжгүй байна. Тэгэхээр эдийн засгийн ядуурал биш боломжийн ядуурал бий болсон гэсэн үг. Тиймээс бид яг энд Ид шидийн орноо барьсан” гэж ярилаа.

 Гэхдээ тэрбээр “Ид шидийн орон 2” төвийг асрамжийн газар бус ХҮҮХЭД, ХАМГААЛАЛ, ХӨГЖЛИЙН ТӨВ гэдгээр нь хүмүүс илүүтэй хүлээн авч, ойлгоосой хэмээн тодотгож байв. Хүүхдүүд хамгаалагдахаас гадна боловсрол, соёлын хэрэгцээгээ эндаас авч хөгжинө гэсэн үг.

Нэг жилийн өмнө 10 айлын 7000 метр квадрат газрыг 220 орчим сая төгрөгөөр худалдан авч ойр, орчимд нь их цэвэрлээг хийж байсан бол өнөөдөр “Ид шидийн орон 2” төвийн барилгын ажил 80 гаруй хувьтай ирэх оны дөрөвдүгээр сард хүүхдүүдээ хүлээн авах хүлээлт, төлөвлөгөөтэй байна.

Гадна тохижолтын ажлаа дуусгаж, дулаанаа шийдсэн учраас одоо дотор засал болон бусад жижиг ажлуудаа дуусгахаар ажилчид 24 цагийн турш тасралтгүй ажиллаж байгаа аж.

“ХОТЫН ЗАХЫН ГЭР ХОРООЛОЛД ХҮҮХДҮҮД BOOK CAFÉ-Д НОМ УНШИЖ, КОФЕ УУЖ, ИНТЕРНЭТ ОРЖ, БЯСАЛГАЖ, ИОГ, БҮЖГЭЭР ХИЧЭЭЛЛЭЖ, ТУХТАЙ ОРЧИНД СУРЧ, БОЛОВСРОХ ОРЧНЫГ БҮРДҮҮЛЭХЭЭР ЗОРЬСОН”

“Ид шидийн орон 2” төвийн бүтэц, зохион байгуулалтыг танилцуулбал,

ГАДНАХ ОРЧИН

  • 17 төрлийн 5000 орчим модтой амрах сандал, саравчтай цэцэрлэгт хүрээлэн
  • Дөрвөн улирлын хүлэмж
  • Тоглоомын талбай. Ингэхдээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан тоглоом ч байна. Тухайлбал, таны харж буй савлуур тэргэнцэртэй хүүхэд тоглох зориулалттай юм.
  • Сагсны талбай
  • 15 айлын ажлын болон амьдрах байр гэх мэт байрлана. /Энд эцэг, эхчүүд хувцас оёж болох оёдлын цехийг байгуулахаар төлөвлөжээ. Тэдний оёсон хувцсыг “Лантуу дохио” ТББ-ынхан үйлдвэрүүдэд зарж, борлуулж өгнө. Орлого, эцэг, эхчүүдэд очно. Ингэснээр архины хамааралтай болон ажилгүй хүмүүс ажил, орлоготой болж амьдрал нь дээшилнэ гэж тус төвийнхөн үзжээ/

ДОТОРХ ОРЧИН БА БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

  • Нэгдүгээр давхарт “BOOK САFE”буюу кофе шоп, номын санг нэг дор байгуулахаар зохион байгуулжээ. Хүүхэд, залуус энд дуртай хөгжмөө сонсож, кофегоо захиалан ном уншиж, интернэт орох юм. Мөн сонсдог номууд ч байрлуулна гэдгийг тус төслийг зохион байгуулагчид ярьж байлаа.
  • Ахлах болон бага бүлгийн цэцэрлэгийн хоёр анги /уг цэцэрлэгт Улиастай хавийн айлууд хүүхдүүдээ сургаж болно/
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн холимог анги /тус анги нь усан эмчилгээ болон сэргээн засах эмчилгээний өрөөтэй байна /
  • Сургалтын танхим /энд боловсрол, хөгжлийн чиглэлээр нийгмийн ажилтан, сэтгэл зүйчид сургалт хийнэ. Хүссэн хүүхэд бүр сургалтад хамрагдах боломжтой/
  • Залуусын оффис
  • Нийгмийн ажилтан, багш ажилчид, хуульч өмгөөлөгч, сэтгэл зүйчийн тус, тусын өрөө байрлаж байна.
  • Тоглоомын төв, иог, бясалгал, бүжгийн дугуйлангийн анги байрлана.

Хөгжлийн бэрхшээлтэй тэргэнцэртэй хүүхэд тоглох савлуур

Мэдээж дотроо нойлтой, орчин үеийн гал тогооны өрөөтэй байна. Харин хүчирхийлэлд өрстөн болон зайлшгүй хамгаалуулах шаардлагатай хүүхдүүдээ тусгаарлах шаардлагатай учраас байрыг нь тусад нь хийж өгчээ.  “Ид шидийн орон 2” төвийн дулааныг Дашваанжил компани 70 гаруй сая төгрөгийг өөрсдөөсөө гарган шийдэж өгсөн байна. Тодруулбал, тус компани 250кв өндөр хүчдэлийн дэд станцыг байгуулж өгчээ. Ингэснээр дулаан, халуун ус, ахуйн газын хэрэгцээгээ 100 хувь газаар шийдэж байна. 

Дулааныг нь Дашваанжил компани 70 гаруй сая төгрөгөөр шийдэж өгсөн байна.

Ч.Ганжавхлан энэ бүгдийн талаар “Угаас бид хэцүү газарт ирсэн. Энэ хавийн хүүхдүүдэд ном уншаад суух булан хэрэгтэй байна. Тэдэнд сурч боловсрох хэрэгцээ байна. Хотын төвийн хүүхдүүд кофе шопт кофе ууж, номын санд ном уншиж байна. Мөн кино театрт кино үзэж, цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалдаг. Ядаж л гэрэлтэй гудамжинд явж  байна. Гэтэл энд хоёр худаг, харанхуй гудам байна. Гудмаар архи уусан хүмүүс л явдаг. Зуны  цагт архи уусан хүмүүс хэвтэж байдаг. Хүүхдүүд хувцас муутай, бага зэрэг өлсгөлөн байхаас илүү оюуны хав харанхуй гэрэлгүй орчинд олон мянгаараа өсч торниж байна. Төр засаг нь үүнийг тоодоггүй. Тэгэхээр оюуны хөрөнгө оруулалт хийх, хүүхдүүдэд итгэл, урам, мэдлэг боловсрол олгох гэрэл гэгээний суурь тавигдаж байна гэсэн юм.

Үүсэн паркет л гэхэд чийг татахгүй, хүүхэд унахад бэртэж гэмтэхгүй байх материалаар хийгдсэн

-ШӨНИЙН 03.00 ЦАГТ ХҮҮХДЭЭ ТЭВРЭЭД ГЭРИЙН ШААХАЙТАЙГАА ИРЭХ ЭЭЖИД ХАМГААЛАХ БАЙР ХЭРЭГТЭЙ -

Ид шидийн орныг баригдаж эхлэхээс эхлээд нийт 25000 хүн гар бие оролцсон байна. Одоо ч хүмүүс тус барилгын ажилд сайн дураараа тусалж байгаа аж. Тухайлбал, Дотоод хэргийн их сургуулийг төгссөн, сонсогч Т.Төрбат, 10 сард цэргээс халагдаж ирсэн Ц.Маргад тэргүүтэй цэргийн алба хаагаад ирсэн 10 гаруй залуу гадна талбайн тохижолтын ажилд сайн дураараа тусалж байна.

Мөн ажиллах хүчээс гадна цемент, паркетан шал, пилта, цэцэрлэгийн ангийн эд хэрэглэл гээд бүхий л зүйлсийг хүмүүс хандиваар өгч байна. Тухайлбал, үнэтэй хаусуудад хийдэг  үйсэн паркетыг анх удаа цэцэрлэгийн ангид хийх гэж буй нь мөн л сайхан сэтгэлтэй хүмүүсийн хандив юм. Мөн цахилгааны ажлыг нэгэн компани хийж, дуусгаж өгчээ. Хандиваар боссон гэхээр хямдхан материал ашиглах бус хамгийн чанартай, үнэтэйг нь ашиглаж байгаа. Үүсэн паркет л гэхэд чийг татахгүй, хүүхэд унахад бэртэж гэмтэхгүй байх материалаар хийгдсэн гэдгийг барилгын ажилчид ярьж байлаа.

Ч.Ганжавхлангийн өгсөн мэдээллээр “Ид шидийн орон 1”-ийн зөвхөн хамгаалах байраар гэхэд 2018 онд 53 хүүхдэд үйлчилгээ үзүүлсэн бол 2019 оны өнөөдрийг хүртэлх хугацаанд 88 хүүхдэд үйлчилгээ үзүүлжээ. Харин “Ид шидийн орон 2” төв нь 140 хүүхдийн асуудлыг нэг дор хариуцах нийт 2000-3000 хүүхдэд хамааралтай боловсролын үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай байх аж.

Тэрбээр “Хүүхдүүд манай төвөөс асрамжийн газар руу явдаг. Бид хүүхэд аюулгүй болтол хугацаагүй хугацаагаар хүүхэд авдаг. Ойролцоогоор нэг хүүхэд 56 хонодог. Хамгийн хамгийн ихдээ 144 хонож байсан тохиолдол бий. Бага нь ой 7 сартай, том нь 18 настай хохирогч хүүхдүүд ирж байсан. Хүнд хэлбэр нь хүчингийн хэрэгт өртсөн бага насны охид байна. Аймшигтай зүйлүүд их бий.  Шөнийн 3-4 цагт хүүхдээ тэврээд гэрийнхээ шаахайтай ирэх ээж хүртэл байна. Хамгаалах үйлчилгээ их чухал” гэлээ.

“Ид шидийн орон 2” төсөлд мэс заслын эмч, маркетингийн инженер, ХАБ-ын инженер, багш, барилгачин гээд олон мэргэжлийн хүн тал, талаасаа цуглаад сайн дураараа ажиллаж байна. Тэд өнөө шөнө хоолгүй, хүйтэн гэрт хонох хүүхдийн төлөө эмзэглэж байгаа. Тиймээс таван жилийн дараа улс хөгжөөд төрийн бодлого нь сайжрахыг хүлээхгүйгээр өөрсдийнхөө хэмжээнд хөдөлнө гэсэн бодолтой.

Болж байна уу, хэзээ бид нарыг энэ байшиндаа оруулж ном уншуулах юм бэ гэж хэлж өдөр бүр ирдэг хүүхдүүдийн төлөө тэд 24 цаг тасралтгүй ажиллаж байна.

-Ч.Ганжавхлан: Төр том хайчтай ирж тог тасалснаас өөрөөр “ИД ШИДИЙН ОРОН“ төсөлд оролцоогүй-

-Уг төслийг хэрэгжүүлэх нэг жилийн хугацаанд төр засгаас ямар дэмжлэг үзүүлсэн бэ. Та бүхэн төрийн байгууллагад хандаж үзсэн үү?

-“Ид шидийн орон 1” төв 2-3 тэрбумын үнэлгээтэй. Харин энэ төв 5-6 тэрбум төгрөгийн үнэлгээтэй болох байх. Бодит өртөг нь 2.3 тэрбум төгрөг гэдэг нь маш бага дүн юм. Учир нь бид нэг ширхэг цемент авахдаа ч 50 хувийн хөнгөлөлтөөр авч байна. Ийм ажлыг нийслэлийн хамгийн том, хүнд хоёр дүүрэгт нь төр засгийн тусламжгүйгээр бариад үйл ажиллагааг нь үргэлжлүүлээд явж байхад яг тэр тойргоос сонгогдсон гишүүдийн нэг нь ч ирээгүй шүү дээ. Ингээд л бодох хэрэгтэй. Төр засгийн хандлага ердөө л ийм. Бид мөнгө гуйгаагүй шүү дээ. Тэгэхээр “Миний тойрогт ямар ажил хийгдээд байгаа юм бол” гээд ирээд үзэж болно шүү дээ. 2-3 тэрбум төгрөгийн үлгэрийн ордон шиг том барилга барьсан байхад тэд ирж үзээгүй л байна. Харин төр засгаас нэг удаа том хайчтай ирж тог тасалж байсан. Баянхошуу утаа ихтэй учраас бид “Ид шидийн орон 1” төвийнхөө халаалтыг цахилгаанаар шийдсэн. Ингээд цахилгааны хөнгөлттэй тарифт орно гэж бодоод 9 сая төгрөг төлөхөөс 4 сая төгрөг төлөөд явж байсан. Ингэхдээ албан бичиг өгч байсан. Гэтэл том хайч барьж ирээд тог таслаад л явсан. Хамгаалах байранд олон нялх нойтон хүүхэд бий. Тэр хүүхдүүдийг үх гэж байгаа юм уу. Тэгсэн мөртлөө төрийн хамгаалах байр 108 төвөөс манайд хүүхдүүдээ авчирч өгдөг. Нөгөө талаас тогийг нь таслаад байдаг.

-108 төв өөрөө их хүнд нөхцөл байдалд хүүхдүүдийг байлгадаг. Мөн хүүхдүүд нь багтдаггүй гэх мэт асуудал байдаг?

-108 төвөөс их хүүхэд “Ид шидийн орон” төв рүү ирдэг. Төрийн хамгаалах байр жижигдээд байна. “Ид шидийн орон” төв нэг их том биш ч адилхан тооны хүүхдүүд авдаг. Ялгаа нь нэг нь төрийн төсвөөс санхүүждэг, том аппарат ажилладаг. Харин нөгөөх нь олон хүний хандиваар ажилладаг. Бид эхлээд жаахан гоморхож  байсан. Сүүлдээ гоншигнохоо болиод төрийг мартсан. Өөрсдөө л зүтгэж байна. Ер нь бол маш хогийн шүү дээ. Дулаахан шилэн байшинд суучихаад хэдэн тэрбумаар нь хурал хийгээд байдаг. Чадавхижуулах сургалт, хэлэлцүүлэг гээд олон саяар нь хурал хийж байна. Гэтэл энд хүүхдүүд өлсөж байна. Манайд ирж буй хүүхдүүдийн 80 хувь нь тэжээлийн дутагдалтай, тураалтай байдаг. Ямар ч хөгжих боломжгүй, бүртгэл ч байхгүй амьдарч  байна. Хорооны ажилчид өөрсдөө ч зарим хүүхдийг мэдэхгүй. Айлын гэрийн буурийг сарын 15 мянган төгрөгөөр түрээслээд амьдарч байна. Гэтэл задгай газарт, жалганд буусанд айлд ч хүүхэд амьдарч байна. Бодит амьдрал энд байна. Бид учиргүй төр засгийн эсрэг тэмцээд “Та нар боль. Муу, сайн байна” гэж ярьж яваагүй. Бид хийгээд харуулчихье л гэж бодсон юм. Хөгжье гэж бодож байгаа бол хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Ингээд заваараад байж байя гэвэл өөрсдөө заваараад л байна биз. Ямартай ч бид хөдөлнө.

-“Ид шидийн орон 2” төсөл хэрэгжиж дууссаны дараа энд ажиллах боловсон хүчин буюу багш, эмч, номын санч, хуульч, өмгөөлөгч, нийгмийн ажилтан гээд олон хүн ажиллах шаардлага гарна. Хүний нөөцийнхөө ажлын зардлыг хэрхэн хийхээр төлөвлөж байгаа вэ?

-Боловсон хүчнийг бүрдүүлэх нь том асуудал биш. Бид цалин өгөөд ажиллуулах учраас хамгийн сайн боловсон хүчинг ажилд авна. Сургалтын бүх хөтөлбөрийн программыг энэ өвөлжингөө боловсруулаад хавар эхлүүлнэ. Гол нь санхүүгийн урсгалыг нь шийдэх ёстой юм. Бид Хаан банкны “Ид шидтэй ах, эгч” гээд хөтөлбөр хэрэгжүүлээд 5000 хүний данснаас өдөрт 100 төгрөг автоматаар Ид шидийн орны данс руу шилждэг системийг ажиллуулж байна. Өдөрт 100 төгрөгийг л Ид шидийн орны урсгал зардалд хандивлаж байна гэсэн үг. Сард 3000 төгрөг буюу нэг аяга кофены мөнгө хандивлахад хүүхдүүд дулаахан амьдарна. 100 төгрөг их хүчтэй. Өдрийн 500 мянган төгрөг цугладаг. Хоёр өдөрт нэг сая төгрөг хандивлана. Хандивын, хямдхан гэхээрээ л хариуцлага алддаг юм байна лээ. Их олон сургалтууд манайд ирдэг ч багш нар нь гэр хороолол, хотоос хол гэж голоод хоёр долоо хоног болоод орхиод явчихдаг юм. Тэгэхээр бид өгөх ёстой зүйлийг нь өгөөд үйлчилгээ худалдаж авах ёстой юм байна. Харин тэр мөнгийг 100 төгрөг өгдөг Ид шидтэй ах, эгч нараасаа авна. Ямартай ч байшингаа босголоо. Урсгал зардлаа шийдэхийн тулд тэр хүмүүсийнхээ тоог нэмнэ. АНУ-д өдөрт нэг доллар данснаасаа татуулдаг 300 орчим хүн байдаг. Тэр хүмүүс “Ид шидийн орон 1” ийн урсгал зардлыг 100 хувь авч явдаг.