БАРИМТ: CoinHub бирж койн худалдаж авч чадаагүй иргэдээс “шимтгэл” хэмээн 0.25 хувиар нь мөнгө татаж, их хэмжээний ашиг олжээ

БАРИМТ: CoinHub бирж койн худалдаж авч чадаагүй иргэдээс “шимтгэл” хэмээн 0.25 хувиар нь мөнгө татаж, их хэмжээний ашиг олжээ

Борооны дараах мөөг шиг 2021 оны сүүлээр монголын зах зээлд "дотоодын койн" олон тоогоор арилжаанд гарсан. Тухайн койнуудын ихэнх нь залилангийн шинж чанартай байж болзошгүй талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл койны арилжааны биржүүд энэ үеэр маш их хэмжээний ашигтай ажилласан бөгөөд үүгээр далимдуулан иргэдэд тодохой хэмжээний хохирол учруулсан тохиолдол нэлээдгүй гарчээ. Бид энэ удаа иргэдийн бухимдлыг хүргэсэн хоёр томоохон койны биржийн талаар хүргэж байна.

-"КОЙН ХАБ" БИРЖИЙН ХАРИУЦЛАГАГҮЙ ҮЙЛДЛЭЭС 1600 ГАРУЙ ИРГЭН ХОХИРЧЭЭ-

“Койн Хаб” ХХК-ийн CoinHub биржээр арилжаалагдсан IHC койны анхны IEO-д оролцсон 1600 гаруй иргэн биржээс хамааран хохирсон гэх мэдээллийг иргэдийн зүгээс цахим сүлжээнд нийтэлжээ. Тухайн үед хохирсон иргэд биржид шаардлага хүргүүлж хүсэлт гаргасан хэдий ч хохирлоо барагдуулж чадаагүй байна. Иргэд IOE-д оролцож койн худалдаж аваад 24-36 цагийн дараа бирж рүү нэвтрэхэд CoinHub-ийн зүгээс иргэдийн худалдаж авсан койнг эргүүлэн татаж, хэтэвчид мөнгө байршуулсан байжээ. Энэ асуудлын тухай биржийн зүгээс мэдэгдэхдээ “Биржид арилжаа явагдах үеэр алдаа гарч хуваарилсан койноос илүү тоо хэмжээгээр иргэдэд олгосон тул буцаан татлаа” гэх утгатай мэдэгдлийг хийж байжээ.

Гэтэл койн худалдаж авч чадаагүй иргэд өөрсдийн хэтэвчнээс мөнгөө эргүүлэн татах үед шимтгэл хэмээн мөнгөн дүнгийн 0,25 хувийг суутгасан аж.

Тухайн IEO-д оролцсон иргэд 300 мянган төгрөгөөс 50 сая төгрөг хүртэл мөнгөн дүнг хэтэвчиндээ байршуулсан ажээ. Жишээлбэл, иргэн биржийн хэтэвчинд 50 сая төгрөг байршуулж, IEO-гийн дараа эргүүлэн өөрийн банкны дансанд татсан тохиолдолд биржийн шимтгэл 125 мянган төгрөг болно. Ийм дүнгээр дээрх хохирсон иргэдийн 200 нь хэтэвчээ 50 сая төгрөгөөр цэнэглэсэн гэж үзэхэд 25 сая төгрөгийг бирж шимтгэлд авсан гэсэн үг юм.

Үүнээс үндэслэн захиалга нь буцаагдсан иргэд тухайн үед хэвлэлийн бага хурал хийж хохирлоо барагдуулахыг шаардсан ч эцэстээ байгууллагын нэр төр гутаасан хэргээр шалгагдаж тодорхой үр дүнд хүрч чадалгүй өдийг хүрчээ.

-TRADE.MN БИРЖ НЬ АШГИЙН ТӨЛӨӨ ХЭРЭГЛЭГЧ, ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙН ЭРХ АШГИЙГ УДАА ДАРАА ЗӨРЧСӨН БАЙЖ БОЛЗОШГҮЙ-

“Дижитал Эксчейнж Монголиа ХХК”-ийн криптовалютын Trade.mn бирж нь 2017 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа аж. Тус бирж дээр “Satoshi” койн худалдаж авсан иргэн худалдан авалтын маргааш өглөө 06:00 цагт бирж рүү нэвтрэхэд тухайн иргэний койныг “ITC” койн болгож, бүртгэлтэй утасны дугаарыг сольсон байжээ. Иргэн тэр даруй бирж рүү мэдэгдсэн хэдий ч биржийн зүгээс хариуг удаасны улмаас шилжүүлгийг цуцлах хугацаа дуусаж хохирсон байна.

Мөн бирж дээр арилжаа хийж байсан иргэдийн орлого, зарлагыг хааж, тухайн гаргасан үйлдэлдээ “Цагдаагийн байгууллагаас арилжаанд оролцсон нөгөө талыг шалгаж байгаа тул тус хэргийн хүрээнд хэрэглэгчийн орлого, зарлагын эрхийг хаасан” гэх үндэслэлгүй тайлбар өгчээ.

Энэ мэтчилэн гомдлыг арилжаа эрхлэгчидийн зүгээс удаа дараа тавьсан ч биржийн зүгээс хариу арга хэмжээ аваагүй өдийг хүрчээ. Үүний үндсэн дээр тухайн бирж нь ашгийн төлөө хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг удаа дараа зөрчсөн байж болзошгүй байгаа нээлттэй мэдээллүүд байна.

Тус бирж дээр 2021 оны аравдугаар сар /2021.10/-ын сүүлээр хийгдсэн арилжааны үеэр биржийн гацалт нь иргэдийг хууран мэхэлсэн байж болзошгүй үйлдлүүдийг хийсэн байна. Тодруулбал, хэтэвчиндээ мөнгө байршуулсан иргэд арилжаа хийх үед орлого хийсэний дараа “Үлдэгдэл татаж байна” хэмээн гацах, захиалга амжилттай биеллээ гэсэн ч амжилтгүй болох, захиалга хийх үед “Үлдэгдэл хүрэлцэхгүй байна” гэх санамж өгч зэрэгцээ харилцагчид байсан койныг татаж авах зэрэг үйлдлүүд гаргасан байна. Тухайн үйл явдлын дараа иргэд цахим очинд “Монголчуудыгаа шулсан луйврын бирж”, “Trade.mn-ээс татгалзлаа”, “Мөнгөө шимтгэлгүй буцаа, бид та нараас болж хохирмооргүй байна” гэх зэргээр эсэргүүцлээ илэрхийлжээ.