МҮАН-ыг АН-тай нэгтгэх хүсэлтийг Дээд шүүх хүлээж авахаас татгалзаж, буцаажээ

МҮАН-ыг АН-тай нэгтгэх хүсэлтийг Дээд шүүх хүлээж авахаас татгалзаж, буцаажээ

Улс төрийн намын бүртгэлтэй холбоотой ирүүлсэн хүсэлтүүдийг Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцээд “Улс төрийн намын бүртгэл хөтлөх журам”-ын 3.3-т “энэ журамд заасан шаардлага хангаагүй, Нийт шүүгчийн хуралдаанаас зөрчилтэй гэж үзсэн асуудлаар уг зөрчлөө арилгаагүй дахин хандсан өргөдлийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэхгүй, Танхимын нийт шүүгчийн хуралдаанд танилцуулж, албан бичгээр хариу өгнө” гэж заасны дагуу хүсэлтүүдийг буцааж, албан бичгээр хариу өгөхөөр шийдвэрлэв.

Монгол үндэсний ардчилсан намын дарга Б.Цогтгэрэлээс Улсын дээд шүүхэд ирүүлсэн “Монгол үндэсний ардчилсан намыг улсын бүртгэлээс хасах” тухай хүсэлтийг хэлэлцээд “Улс төрийн намын бүртгэл хөтлөх журам”-ын 3.3-т заасан “шаардлага хангаагүй” гэсэн үндэслэлээр ирүүлсэн хүсэлт, холбогдох баримтыг (24 хуудас) буцаахаар шийдвэрлэв.

Учир нь хүсэлт гаргагчийн хавсаргасан баримтад Улс төрийн намын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 болон тус намын дүрмийн 7.3.1, 8.3.2, 8.4.1, 8.5-д заасны дагуу нам тарах буюу өөр намтай нэгдэх тухай шийдвэр гаргах эрх бүхий этгээд болох 150-200 төлөөлөгч бүхий МҮАН-ын Их Хурал дүрэмд заасны дагуу хуралдсан эсэх, тухайлбал хурлын төлөөлөгчид зохих журмын дагуу сонгогдсон, хурлын ирц хүрсэн, гарсан шийдвэр нь хүчинтэй эсэхийг нотолсон хурлын тэмдэглэл зэрэг нотлох баримт байхгүй, мөн татвар төлөгчийн хасалтын карт дутуу гэж үзлээ.