Төрийн албаны зөвлөл болон МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлалаа

Төрийн албаны зөвлөл болон МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.01.04/ боллоо. Хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэсэн асуудлаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа Засгийн газраас сонгон шалгаруулалт зарлаж буй зарим албан тушаалын тухай мэдээллийг хүргэлээ.

Тэрбээр "Төрийн албаны зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулах шалгаруулалтыг зарлаж байна. Хуульд зааснаар төрийн албанд 15-аас доошгүй жил ажилласан, төрийн удирдлага, эдийн засаг, эрхзүй, боловсролын чиглэлээр мэргэшсэн, дээд боловсролтой, ял шийтгэл эдэлж байгаагүй 45 нас хүрсэн Монгол улсын иргэн байна гэх шалгуурыг нэр дэвшигчдэд тавьж байна.  Уг албан тушаалтанг Засгийн газраас нэр дэвшүүлэн УИХ-аас зургаан жилийн хугацаатай томилдог. 

Мөн нэр дэвшигч нь сүүлийн нэг жилийн хугацаанд улстөрийн намын удирдах, гүйцэтгэх албан тушаалтан байсан бол цаашлаад зөвлөлийн гишүүнтэй нэг нутаг, нэг анги төгссөн эсвэл хамаарал бүхий этгээд байхыг хориглосон. Дээрх шалгуурыг хангасан нэр дэвшигчийн материалыг 2023 оны нэгдүгээр сарын 04-ны өдөр ажлын 10 хоногт Засгийн газрын хэрэг эрхлэх газрын info@cabinet.gov.mn хаягаар хүлээн байна. 

Мөн Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг мөн сонгон шалгаруулна. Хоёр хүний сул орон тоонд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах болсныг олон нийтэд нээлттэй зарлаж байна. 

Нэр дэвшигч нь холбогдох хуульд заасны дагуу эдийн засаг, бизнес, техник технологи, удирдлага менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагаас санал болгосон, тухайн чиглэлээр мэргэшсэн, ял шийтгэлгүй Монгол улсын иргэн байна. Нэр дэвшигч нь төрийн, улс төрийн жинхэнэ албан хаагч улс төрийн намын удирдах албан тушаалтан бусад радио, телевизэд ажиллаж байгаа, ажилладаггүй боловч хөтөлбөрийн бодлогыг тодорхойлоход оролцдог, хөрөнгө оруулалт хийсэн эсвэл МҮОНРТ-ийн санхүүгийн хараат бус байдалд нөлөөлөх этгээд байхыг хориглоно. Эдгээр шалгуурыг хангасан нэр дэвшигчийн материалыг өнөөдрөөс эхлэн 10 хоногийн хугацаанд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын info@cabinet.gov.mn хаягаар хүлээн авна" гэлээ. 

Мөн "Эрдэнэс Монгол" ХХК-д зарласан нээлттэй сонгон шалгаруулалтад өнөөдрийн байдлаар ахлах менежерт 148, менежерт 240, гүйцэтгэх албан тушаалтанд 915 хүн зэрэг нийт 1303 нэр дэвшигч бүртгүүлжээ.