"Эрдэнэс Тавантолгой"-н хувьцааг иргэдэд эзэмшүүлж, хоёр сая төгрөгийн ногдол ашиг өгөх хуулийн төслийг өргөн барив

"Эрдэнэс Тавантолгой"-н хувьцааг иргэдэд эзэмшүүлж, хоёр сая төгрөгийн ногдол ашиг өгөх хуулийн төслийг өргөн барив

Улсын Их Хурлын гишүүн Ц.Анандбазар, Б.Баттөмөр, Н.Наранбаатар, Ш.Раднаасэд, Ц.Сэргэлэн, А.Адъяасүрэн, Д.Бат-Эрдэнэ нар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх, иргэдийн хяналтад оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг санаачлан боловсруулж, өнөөдөр (2023.01.04) Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцааг Монгол Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоол болон Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 98 дугаар тогтоол, 2012 оны 116 дугаар тогтоолуудаар иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. 2012 оны 116 дугаар тогтоолоор иргэн бүрд 1.5 сая төгрөг олгох арга хэмжээний хүрээнд Засгийн газрын 2011 оны 98 дугаар тогтоолын дагуу хувьцаа эзэмшиж байгаа иргэдэд 536 ширхэг хувьцааг нэмж эзэмшүүлэх, 2011 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр болон түүнээс өмнө шинээр төрсөн иргэнд 1072 ширхэг хувьцааг эзэмшүүлэхийг Санхүүгийн зохицуулах хорооны дарга, “ҮЦТТТХТ” ХХК-ийн гүйцэтгэх захирал нарт тус тус даалгасан. Тус тогтоолын дагуу Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” ТӨХХК /хуучнаар/ нь иргэдийн бүртгэлийг баталгаажуулан дуусч, иргэдэд үнэт цаасны данс нээсэн боловч тус компанитай “Эрдэнэс Тавантолгой” ХК нь холбогдох журмын дагуу үнэт цаас хадгалуулах гэрээг өнөөг хүртэл байгуулаагүй байна. 

Өргөн барьсан хуулийн талаар 

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар: Эрдэнэс Тавантолгойн 1072 хувьцааг 2012 онд иргэн бүрт эзэмшүүлж, иргэдэд тодорхой хувь хүртээсэн. Энэ үед эдийн засаг том эргэлтэд орж, эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрсэн. Эрдэнэс Тавантолгойн ашгийг ард иргэдэд тэгш хуваарилснаар эдийн засаг жинхэнэ утгаараа эргэсний том нотолгоо. Гэтэл өнөөдөр Эрдэнэс Тавантолгойг асар олон хүн баяжих хэрэгсэл болгож, ард иргэдэд огт хүртээлгүй байна. Эдийн засаг хүндэрсэн энэ үед шинэ зоримог алхам хийхгүй бол нүүрсний хулгай ч шийдэгдэхгүй, иргэд ч газрын баялгийг тэгш эзэмших боломжгүй болно. Тиймээс Эрдэнэс Тавантолгойн хувьцааг иргэн бүрт олгосноор нэг хүн 2522 хувьцаа эзэмших эрхтэй болно. Мөн 2022 оны 12 дугаар сарын 31-нээс өмнө төрсөн бүх хүүхдүүдэд эзэмшүүлнэ. Ингэснээр 3.3 сая иргэн Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 40 хүртэлх хувийг үнэ төлбөргүй эзэмших боломж нээгдэнэ. Мөн ТУЗ, хяналтын зөвлөлд төлөөллөө оруулж, хулгайг таслан зогсоох ач холбогдолтой болно.

Нэг хүн 2522 хувьцаа эзэмшсэнээр жилд 2 сая төгрөгийн ногдол ашиг авах боломжтой болно. Таван ам бүлтэй айл жилд 10 сая төгрөгийг Эрдэнэс Тавантолгой ХК-иас ногдол ашиг болгон авна.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Тавантолгойн орд бол дэлхийд байхгүй том орд. Батлагдсан нөөц нь 7.2 тэрбум ам.доллар. Эргэн тойрныг нь гадаадынханд алдсан, уг нь 10 тэрбум ам.долларын нөөцтэй орд. Үеийн үеийн мэргэжлийн бус удирдлагатай байсан учраас технологи нь алдагдаж, 10 жилийн дараа ашиглахад маш хүнд байдалд орсон байна. Тиймээс бид мэргэжлийн удирдлага тавьж, технологийн дагуу ажиллуулах шаардлага тавьж байна. Эрдэнэс Тавантолгойн дараа Эрдэнэт үйлдвэр, Монросцветмет нэгдлийн тодорхой хувийг иргэдэд эзэмшүүлэх төслийг бид санаачилна. Төрийн өмчит, хулгай нүүрлэсэн компаниудыг нээлттэй болгож, эдийн засгийн эргэлтэд оруулан, ард ашиг хүртэх ёстой. Монголын нийт хүн амын 42.5 хувь нь ядуурсан байна. Монгол Улс баялгаараа дэлхийн улсуудын эхний 10-т ордог. Гэтэл өнөөдөр ийм ядуу байна. Монгол Улс хөгжихийн тулд баялгийн менежментээ зөв хийх ёстой.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар: Төрийн өмчит компаниудыг ард түмний эзэмшил, хяналтад оруулъя. Ард түмний мэдэлд 40 хувь нь очвол шийдвэр ард түмний төлөөлөлгүйгээр гарах боломжгүй болно. Нэг улстөрч, сайдын, ТУЗ-ийн 9 гишүүний саналаар шийдэгддэггүй болно. Цаашид бид газрын доорх баялгийг ард түмэнд хүртээх чиглэлээр онцгой анхаарч ажиллана.