С.Амарсайхан: Мал бэлчих болон машин явах зам гаргахын тулд нөөцөөс шатахуун гаргаж, аймгуудыг том машинаар хангана /ВИДЕО/

С.Амарсайхан: Мал бэлчих болон машин явах зам гаргахын тулд нөөцөөс шатахуун гаргаж, аймгуудыг том машинаар хангана /ВИДЕО/

Байгаль орчин хүнс хөдөө аж, ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2023.01.03/ хуралдаанаар өвөлжилт хүндэрсэн нутгийн нөхцөл байдал болон хэрхэн хохирол багатай даван туулах асуудлыг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батжаргал “Бидний хувьд өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын хангалтын асуудал явц чухал зүйл. Улсын онцгой комисс, аймгийн онцгой комисс, ХХААХҮЯ, хөдөө аж ахуйн газрууд, орон нутгийн удирдлагууд нөхцөл байдалд бодитой үнэлгээ хийж цаг алдалгүй тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа. Мөн бид одоо хэд хэдэн зүйлд онцгой анхаармаар байна. Мах бэлтгэлд хийгдсэн махны хэмжээг тодруулж асуумаар байна. Мөн зах зээлд нийлүүлэхэд хэрхэн дэмжин ажиллаж вэ гэх асуудал байна. Улсын хэмжээнд өвс тэжээлийн нөөц хэр их байгаа вэ. Үүнийг яам яаж шаардлагатай газарт нь хүргүүлж байна. Энэ тал дээр ямар бизнесийн зарчимд тулгуурлаж малчдад  дэмжлэг үзүүлэх вэ. Түүнчлэн тэжээлийн будаа хийж буй тэжээл үйлдвэрлэгч компаниудын үйлдвэрийн нөөц хэмжээ ямар байгаа вэ. Цаашид өсөн нэмэгдэж байгаа шаардлагатай хэрэгцээг хангахын тулд ямар байдлаар ажиллах вэ гэдэг асуудал байна. Дээр нь үнэ ханшийн тогтвортой байдлыг хангах асуудал чухал байна. Өвөлжилт хүндэрсэн орон нутгуудад тодорхой дэмжлэгүүд хэрэгтэй байгаа. Өвс тэжээлээс гадна. Шатахуун, зам даваа нээх, малчдад гарц гаргах зүтгэх хүчний техник хэрэгтэй байна. Иймд орон нутаг руу зүтгэх хүчний техник явуулах ажлыг яаж шийдвэрлэх вэ. Мөн дизель түлшний асуудал байна. Хөдөөгийн иргэдийн унаж буй унаа, өвс тэжээл хүргэх унаа тэрэг зэрэг бүгд дизель түлш хэрэглэж байна. Иймд бид шатахууны хангалтын асуудалд онцгой анхаарах хэрэгтэй байна” гэв.

Шадар сайд С.Амарсайхан “Орон нутагт цас ихтэй байгаа учраас мал бэлчих болон машин явах зам асуудалтай байгаа. Зарим сумдад дунджаар 1500 орчим км замыг гаргаад байна. Жишээлбэл, хоёр, гурав хоног тутам малчдын сум руу явсан замын цасыг том тэргээр цэвэрлэж байгаа. Энд шатахууны хэрэглээ маш их гарч байна. Улсын нөөцөөс зарим шатахууны дэмжлэгийг үзүүлж байгаа. Цаашид энэ арга хэмжээ үргэлжилнэ. Мөн том машин дутагдалтай байна. Энэ нь зам гаргахад хүндрэлтэй байна. Тиймээс зарим аймгуудыг том машинаар түр хангах асуудлыг шийдвэрлэхээр БХЯ-тай хэлэлцэж байгаа. Аймаг орон нутагт дизель түлшний нөөц бүрдүүлэхээр хамтран ажиллаж байгаа. Отор нүүдэлд явж буй малчдын 34 хувь нь байгалийн тусгай хамгаалалттай газарт бэлчиж байна” гэлээ.

ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун “Энэ хавар үнэ тогтворжуулахаас 130 тэрбум төгрөгийг 3 хувийн хөнгөлөлттэй зээлээр махны нөөц бүрдүүлэхэд баталж, эрх олгосон. Эндээс 50 тэрбумыг 12 ААН авч бэлтгэсэн.  ААН-үүд бүрэн аваагүй гэсэн үг. Учир нь өмнө жил ААН нөөцийн мах бэлдээд үнийн ханшны зөрүүнээс болж алдагдалд орсон. Иймд 55.8 тэрбум төгрөг авсан. Цаашид ХХААХҮЯ махны нөөцийг бүрдүүлэхгүй. Аймаг, нийслэл өөрөө бүрдүүлэх хэрэгтэй.  Яагаад гэвэл худалдаа, сүлжээ, зоорь, агуулах бүгд нийслэлдээ байдаг” гэв.  

ВИДЕО: