2024 оны сонгуульд МАН-ыг Д.Амарбаясгаланд хариуцуулж оруулах шийдвэрийн ард Л.Оюун-Эрдэнэ, У.Хүрэлсүх нар юу гэж ТОХИРСОН БЭ

2024 оны сонгуульд МАН-ыг Д.Амарбаясгаланд хариуцуулж оруулах шийдвэрийн ард Л.Оюун-Эрдэнэ, У.Хүрэлсүх нар юу гэж ТОХИРСОН БЭ

2022 оны төгсгөл буюу өнгөрсөн баасан гарагт МАН-ын Бага хурал цахимаар хуралдаж тунхагийн шинжтэй хоёр асуудлыг хэлэлцсэнээс гадна Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд тогтолцооны шинэчлэл хийх улс төрийн эрхийг өгч, дөрвөн хүнийг нарийн бичгийн даргаар томилсон. Тодруулбал, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нарыг орон тооны бус нарийн бичгийн даргаар, Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан А.Ариунзаяа, Уул, уурхай хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал нарыг нарийн бичгийн даргаар тус, тус томилсон юм.

Я.Содбаатар, Д.Тогтохсүрэн нарын хувьд орон тооны бус нарийн бичгийн даргаар томилогдсон учир одоогийн ажил, албан тушаалдаа үлдэж хэвээр үргэлжлүүлнэ. Харин А.Ариунзаяа, О.Батнайрамдал нар нарийн бичгийн даргаар томилогдсон учир одоо хариуцаж буй ажлаа хүлээлгэн өгч буй нь энэ юм. А.Ариунзаяа аль хэдийн ажлаа хүлээлгэн өгч оронд нь Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байсан Д.Амгаланбаатарыг ахлах зөвлөхөөр томилсон байна. Харин О.Батнайрамдалын хувьд маргаашийн Засгийн газрын хуралд суучхаад ажлаа хүлээлгэж өгөхөөр тохирчээ. Түүний дараа Уул, уурхай хүнд үйлдвэрийн дэд сайдаар хэн ажиллах нь одоогоор тодорхойгүй байна.

-2024 ОНЫ СОНГУУЛИЙН ДАРАА Я.СОДБААТАРЫГ ЕНБД-ААР ТОМИЛЖ, Д.АМАРБАЯСГАЛАНГ ЕРӨНХИЙ САЙДААР ТОМИЛОХ УУ-

МАН-ын нарийн бичгийн даргаар ажиллах хүмүүс давхар албаа ийнхүү хүлээлгэн өгсөн ч ерөнхий нарийн бичгийн дарга нь “давхар дээл”-тэйгээ үлдсэн нь анхаарал татна. Тодруулбал, дээрх Бага хурлын хурлаар Д.Амарбаясгаланг МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаас чөлөөлж, Я.Содбаатарыг томилно гэх мэдээлэл байсан.

Гэвч энэ төлөвлөгөө замхарсаар эцэст Д.Амарбаясгаланг нарийн бичгийн даргаар нь үлдээв. Өөрөөр хэлбэл, 2024 оны УИХ-ын сонгуульд намаа авч орох эрхийг Д.Амарбаясгаланд үлдээх тохироог Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хийж эцэст нь хийлээ. 

Угтаа бол өнгөрсөн есдүгээр Д.Амарбаясгаланг ЗГХЭГ-ын даргаар томилогдсоны маргаашнаас МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар Я.Содбаатарыг томилно гэж тус нам дотор ярьж байв. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хамгийн итгэлт Я.Содбаатараа МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга болгохоор энэ үеэс бэлдэж байсан бөгөөд нөгөөх нь ч Их тэнгэрээс нүүж нам дээр очихдоо бат итгэлтэйгээр энэ хурлыг хүлээж байсан юм. Гэтэл товлосон хурал “нүүрсний жагсаалтай” зэрэгцсэн шалтгаанаар хойшлуулах хугацаанд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд учраа ойлголцож Д.Амарбаясгаланд намынх нь албан тушаалыг үлдээв. Угтаа тус намын дүрмийн 29.2-т намын Ерөнхий нарийн бичгийн дарга нь давхар албан тушаал хашихыг хориглодог юм. Дүрмийн дагуу солих ёстой ч улстөрийн яриа тохироо нь ингэж шийдлээ. Харин тэд ямар асуудлаар тохирсон бэ.

Тэгвэл 2024 оны сонгуулийн дараа Д.Амарбаясгалан Ерөнхий сайд болох, Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын дарга болох Я.Содбаатар Ерөнхий нарийн бичгийн дарга, Г.Занданшатар нам руу очих төлөвлөгөөг ярилцсан гэх мэдээлэл улстөрийн хүрээнд яригдаж байна.

Харин А.Ариунзаяаг нарийн бичгийн даргаар томилсон асуудлын хувьд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөөсөө салгахын түүс байсан гэх. Ийнхүү олон сарын хөшигний цаадах улстөрд У.Хүрэлсүх буулт хийж хүлээцтэй хандав. Түүнд намаа авах нь мэдээж ашигтай. Гэхдээ нөгөө талд Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан хоёр нэгдчихээд Их хурал, Бага хуралд хүчтэй байхад ингэхээс өөрөө яалтай билээ.