Чуулган: 2021 онд 332 тэрбум төгрөгийн эх оронч худалдан авалт хийсэн

Чуулган: 2021 онд 332 тэрбум төгрөгийн эх оронч худалдан авалт хийсэн

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх шатны хэлэлцүүлгийг хийв.

Энэхүү хуулийн зорилго нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, тайлагнах, гэрээ байгуулах, уг ажиллагаанд хяналт тавих, гомдол шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад чиглэгдэж буй. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүдээс уг хуулийн төсөлд эх оронч худалдан авалтыг дэмжсэн заалт хэр бодитоор туссан болохыг асууж байв. Сангийн сайд Б.Жавхлан тус хууль нь бүх түвшний төрийн болон төрийн өмчийн 50 хувиас дээш хувийн оролцоотой үйлдвэрийн газруудад бүрэн үйлчлэхийг тодотгосон. Мөн ажлын хэсгийн гишүүн Ц.Батзул “Эх оронч худалдан авалтын хүрээнд одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа заалтуудыг сайжруулж оруулж ирсэн. Эхний заалт нь Монгол Улсад үйлдвэрлэсэн барааны жагсаалтыг Засгийн газар батална. Уг жагсаалтад багтсан бараа бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрлэгчдээс авна хэмээн оруулсан. Статистикийн мэдээллээс үзвэл, 2018 онд нийт 92.5 тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрлэгчээс авч байсан бол 2021 онд энэ дүн 332 тэрбум төгрөг болж өссөн. Тухайлбал, ЗХЖШ нийт цэргүүдийнхээ гутлыг дотоодоосоо хангадаг” гэв.

Сангийн сайд Б.Жавхлан "Дотоодын үйлдвэрлэлүүдээс бид маш сайн худалдан авалт хийж байгаа. 2018 онд нийт 92.5 тэрбум, 2019 онд 101 тэрбум, 2020 онд 332 тэрбум төгрөгийн худалдан авалтыг дотоодоосоо хийсэн. Засгийн газраас батлах жагсаалтад, одоогийн байдлаар 14 бүлгийн 155 нэрийн бараа бүтээгдэхүүн орсон байдаг. Энэ хүрээнд зарласан тендерт импортын бараа шалгарсан тохиолдолд тендерийг шууд зогсоож, дотоодод үйлдвэрлэсэн бараа материалыг худалдан ав гэсэн шаардлагыг тавьдаг. Эл хуучин зохицуулалтаа хадгалаад явна” гэв.