БАГА ХУРАЛ: У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нар санал нэгдэж, Д.Амарбаясгаланг ЕНБД-аар нь үлдээж, Я.Содбаатар, А.Ариунзаяа нарыг НБД-аар томилохоор болжээ

БАГА ХУРАЛ: У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нар санал нэгдэж, Д.Амарбаясгаланг ЕНБД-аар нь үлдээж, Я.Содбаатар, А.Ариунзаяа нарыг НБД-аар томилохоор болжээ

Энэ сарын 06-ны өдөр товлогдсон ч жагсаалаас болж хойшлогдоод байсан МАН-ын Бага хурал өнөөдөр 14.00 цагт /2022.12.30/ цахимаар хуралдах гэж байна. Хурлаар даргын илтгэл, баярын мэндчилгээ, тайлан зэргийг хэлэлцэхээс гадна Ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга нарын томилгоог хэлэлцэх аж.

-ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ТОГТОЛЦООНЫ ӨӨРЧЛӨЛТ ХИЙХ ЭРХИЙГ ОЛГОХ АЖ-

Эх сурвалжийн мэдээлж буйгаар хурлаар "Тогтолцооны өөрчлөлт" хийх эрхийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд олгох юм байна. Түүнээс гадна Д.Амарбаясгаланг намын Ерөнхий нарийн бичгийн даргаар хэвээр үлдээх бөгөөд Ерөнхий сайдын ахлах зөвлөх А.Ариунзаяа, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар, Уул, уурхай хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал нарыг нарийн бичгийн даргаар томилохоор тохирчээ. МАН-ын дүрмийн дагуу бол энэ удаагийн Бага хурлаар Д.Амарбаясгаланг чөлөөлөх асуудлыг ярих ёстой байв. Учир нь МАН-ын дүрмийн 29.2-т "Ерөнхий нарийн бичгийн дарга орон тооны байх бөгөөд өөр ажил, албан тушаал эрхлэхийг хориглоно"гэж заасан байдаг. 

Уг заалтын дагуу Д.Амарбаясгаланг чөлөөлж, Я.Содбаатарыг томилох ёстой гэх маргаан, зөрчил аль эртнээс тус намд өрнөж байсан. Учир нь У.Хүрэлсүхийн Я.Содбаатарыг  тус албан тушаалд зүтгүүлж байсан бол Л.Оюун-Эрдэнийн зүгээс Д.Амарбаясгаланг хэвээр үлдээхээр ажиллаж байсан юм. Тэгвэл Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар энэ асуудлаар санал нэгдэж, учраа ололцсоны үндсэн дээр Д.Амарбаясгаланг хэвээр үлээдэхээр шийджээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, тэд 29.2 дахь заалтыг  “ЕНБД нь давхар албан тушаал хашиж болно” гэх агуулгаар өөрчилж, дүрэмжүүлэн Д.Амарбаясгаланг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар авч үлдэх магадгүй аж.