Өнгөрөгч Даваа гараг /2022.12.26/-т УИХ дахь АН-ын бүлгээс “Эвлэрлийн ажил хэсэг” гэгчийг 39 гишүүнтэй, 20 зөвлөхтэй байгуулсан тухайгаа зарласан. Харин Лхагва гараг /2022.12.28/-т тус ажлын хэсэг анхны уулзалтаа Төрийн ордонд хийсэн ч “тодорхой үр дүнд хүрээгүй тарсан” гэх мэдээлэл байна.
Учир нь тус уулзалтад С.Эрдэнэ ирж оролцоогүй бөгөөд тэрээр, “АН хуваагдаагүй, ямар нэг эвлэрлийн ажлын хэсэг албан ёсоор байгуулагдаагүй” гэсэн утгатай мэдэгдэл нь хийсэн нь “эвлэрлийн ажил хэсэг ямар ч үр дүнд хүрэхгүй” гэсэн санааг илтгэж байж магадгүй байгаа юм. Иймдээ ч тэрээр тус ажлын хэсэгт “оролцохгүй, тоохгүй” байхаа сайн мэдэж байгаа аж.
-АН-ЫН ДАРААГИЙН ДАРГАД С.БАЯРЦОГТ, Л.ГАНТӨМӨР, С.ОДОНТУЯА НАР ЯРИГДАЖ БАЙНА-
Тэгвэл тус ажлын хэсгийг байгуулахад УИХ-ын гишүүн асан Ц.Баярцогт нар санаачилгатай ажилласан байна. Ингээд АН-ын фракц бүрээс тус бүр гурван хүнийг хамруулж, нийт 39 гишүүнтэй ажлын хэсгийг байгуулжээ. Харин зөвлөхүүдийн багт Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Х.Баттулга, УИХ-ын гишүүн асан З.Энхболд, С.Эрдэнэ нарын хуучин лидерүүдээ оролцуулахаар ярилцсан аж. Тус ажлын хэсэг аль эрт байгуулагдаж, АН-ын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны гишүүдийн хурлаа энэ сарын 24 /2022.12.24/-нд хийхээр төлөвлөөд байсан ч хойшлуулсан аж.
Учир нь УИХ-ын ээлжит бус сонгууль 2023 онд болно гэж байсан ч, эрх баригч МАН дотроо ээлжит сонгуулийг 2024 онд нь хийхээр болсон аж. Иймд тус ажлын хэсэг АН-ын даргыг тодруулах ҮБХ-ны хурлыг зарлах товоо түр хойшлуулжээ.
Тэгвэл АН-ын дараагийн даргад УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн асан С.Баярцогт, Л.Гантөмөр нар өрсөлдөж магадгүй байгаа. Харин эвлэрлийн ажлын хэсэгт С.Эрдэнийн улс төрийн багаас нэг ч хүнийг оролцуулаагүй байна.
-С.ЭРДЭНИЙГ ХОЛБОГДУУЛАН ШАЛГАЖ БУЙ ХЭРЭГ ПРОКУРОРЫН ДЭЭР ТҮР ТҮДГЭЛЗЭЭД БАЙНА-
Товчхондоо, “АН-ын нийт гишүүд хуваагдаж хоёр талд гарсан юм байхгүй. Харин огцрох ёстой АН-ын дарга асан С.Эрдэнэ өөрийгөө огцруулахгүй байгаа”-д бүх учир бий. Тэгвэл С.Эрдэнэ өөрийн ойрын хүмүүстээ “тус ажлын хэсэг нь ямар ч үр дүнд хүрэхгүй” гэж ярьжээ. Улмаар тэрээр М.Энхсайхан нарыг өөрийн улс төрийн үйл ажиллагаандаа татан оролцуулж, тоглох болсон байна. Учир нь С.Эрдэнийн АН дээр очдог тус намын гишүүн байхгүй болоод удаж байгаа аж.
Энэ бүхний эцэст С.Эрдэнэ “АН-аар өөртөө улс төрийн хамгаалалт бий болгон, эсрэг намынхаа улс төрчдөд нөлөөлөх байдлаар ашиглаж байж болзошгүй” байгаа.
Учир нь С.Эрдэнэ Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд байхдаа Нийгмийн даатгал болон Эрүүл мэндийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл болох 230 гаруй тэрбум төгрөгийг эрх мэдэл албан тушаалаа урвуулж, шалгуур үзүүлэлт хангаагүй “Капитал” банканд байршуулах шийдвэр гаргасан байж болзошгүй хэргээр шалгаж байгаа. Мөн түүнийг “Дархан гурил тэжээл” ХК-ийн хуучин элеваторыг хэт өндөр үнээр улсад нийлүүлсэн байж болзошгүй хэрэгт холбогдуулан шалгаж байгаа.
Гэтэл дээрх хэрэг нь прокурорын шатанд түр түдгэлзэх байгаа юм. Энэ нь түүнийг АН-ын тамгаар зарим улс төрчидтэй наймаацаж байж магадгүй гэх хардлагыг төрүүлдэг. Товчхондоо, С.Эрдэнэд АН-ыг тамгыг барьж байх тодорхой ашиг сонирхол байгаа бол АН-ыг эврүүлэх ажлын хэсэгт ахиц гарах нь эргэлзээтэй юм.