У.Хүрэлсүх эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулахыг Засгийн газарт чиглэл болгосон зарлиг гаргалаа

У.Хүрэлсүх эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулахыг Засгийн газарт чиглэл болгосон зарлиг гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулахыг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосон зарлиг гаргалаа.

Зарлиг нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хүн амын төвлөрлийг сааруулах, бүс нутгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах болон төрт ёсныхоо үнэт өвийг бэхжүүлэх, түүх соёлоо сэргээх зорилготой юм.

Энэ хүрээнд:

Орхоны хөндийн түүхэн дурсгалт газарт төр захиргаа, соёл, боловсрол, аялал жуулчлалд түшиглэсэн байгаль орчинд ээлтэй, орчин үеийн шийдлийг тусгасан Хархорум хот байгуулах асуудлыг судалж, хууль тогтоомжид нийцүүлэн судалгаа хийж, төсөл боловсруулан Улсын Их Хуралд өргөн барих;

Хархорум хотын хөгжлийн ерөнхий төлөвлөлт, зам харилцаа, эрчим хүч, ус хангамж, инженерийн дэд бүтцийн Техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг судалгаа шинжилгээ, дэлхий хотуудын чиг хандлага, монгол орны газар нутгийн өвөрмөц байдал, түүх, соёлтой уялдуулан боловсруулах;

Шинэ хот байгуулах бодлого, төлөвлөлттэй уялдуулан хот байгуулах болон хотын эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлд эрх зүйн шинэтгэл хийхийг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болголоо.

Мөн ЮНЕСКО-ийн Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн “Орхоны хөндийн соёлын дурсгалт газар”-ын өв, соёлыг хамгаалах, Монголын эзэнт гүрний эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах түүхэн үйл хэрэг, их бүтээн байгуулалтад манлайлан оролцохыг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад уриаллаа.

Ерөнхийлөгч энэ үеэр хэлсэн үгэндээ " Өвөг дээдсийн байгуулсан төрт ёс, түүх, соёлын үнэт зүйлийг шингээсэн, тогтвортой хөгжлийн зорилтуудад нийцсэн, нүүдлийн болон суурин соёл, уламжлалыг орчин үеийн чиг хандлагатай хослуулсан, түүх, соёл, аялал жуулчлалын жишиг, эко хот байдлаар Хархорум хотоо сэргээн байгуулах нь түүхэн ач холбогдолтой үйл хэрэг хэмээн үзэж байна.

Монгол Улс “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогодоо түүхийн өв соёлыг судлах, сурталчлах, хүн амын нутагшилт, суурьшлын зохистой тогтолцоог бүрдүүлэх болон бүсчилсэн хөгжлийг эрчимжүүлэх зорилгоор “2021-2030 онд Орхоны хөндийд шинэ хотын байршлыг тодорхойлж, Техник, эдийн засгийн үндэслэл, хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ” гэж заасан.

Ялангуяа, төвлөрлөөс үүдэлтэй нийгэм, эдийн засаг, хүний эрүүл мэнд, байгаль экологийн хүндрэлтэй асуудлууд өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа өнөөгийн нөхцөлд хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн, нийгмийн суурь үйлчилгээг хангасан, суурьшлын шинэ бүсүүдийг байгуулах нь нэн чухал байна.

Дэлхийн жишигт нийцсэн түүх, соёл, аялал жуулчлалын жишиг болсон эко хот бүтээн байгуулах нь манай орны хөгжилд нэн шаардлагатай бөгөөд олон улсын хамтын нийгэмлэгийн дэмжлэгийг авах, гадаад улс орнуудын хөрөнгө оруулалтыг татах нэгэн шинэ чиглэл гэж үзэж байна.

Хархорум хот ирээдүйн Монгол Улсын хөгжил цэцэглэлтийг илтгэсэн, оюун санаа, шинжлэх ухаан, соёл, боловсрол, аялал жуулчлал, нийгэм, эдийн засгийн XXI зууны хөгжлийн шинэ төв болох боломжтой юм.

Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойг тохиолдуулан Монголын эртний төрт улсуудын ариун гал голомт болсон дэлхийн үнэт өв – Орхоны хөндийн түүх, соёлын дурсгалт газар нутагтаа Их Монгол Улсын нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах зарлиг гарган, Засгийн газарт чиглэл болгож байна.

Засгийн газар шинэ хот байгуулах асуудлыг нэн яаралтай судалж, хууль тогтоомжийн хүрээнд төслүүдийг Монгол Улсын Их Хуралд өргөн барих, эрх зүйн орчныг бүрдүүлэх, хотын хөгжлийн төлөвлөлт, Техник, эдийн засгийн үндэслэлийг шинжлэх ухаанчаар, орчин үеийн чиг хандлагатай нийцүүлэн цаг хугацаанд нь боловсруулах шаардлагатай байна" гэв.

Хархорум хот байгуулах тухай зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Янгүгийн Содбаатар уншиж сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нар зарлигт гарын үсэг зурав.