"Нүүрсний" гэх хэрэгт холбогдсон хүмүүсийн зарим нь "Прокурортой ял тохиролцож", хэргээ хялбаршуулах журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд хандсан гэх мэдээлэл байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.
Тэгвэл прокурортой ял тохиролцож, хэргээ хялбаршуулах журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд хандсан тус хэргийг энэ оны аравдугаар сарын 25 /2022.10.25/-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх хүлээж авахаас татгалзаж, буцаасан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл. Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журам;
-
4.Шүүх хуралдаанаар дараахь нөхцөл байдлыг хянана:
4.1.шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх;
4.2.гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх;
4.3.прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх;
- 6.Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана" гэж заажээ. Хуулийн заалтыг ЭНД ДАРЖ уншина уу.
Энэ дагуу шүүхээс хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргасан гэх мэдээлэл байгаа юм. Тиймээс бид тус хэргийн талаар УЕПГ-аас тодруулахад "Нүүрсний гэх тодотголтой хэргийг хялбаршуулах журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд хандсан хэрэг байхгүй" гэх тайлбарыг өгсөн юм. Энэ нь өдгөө нүүрсний гэх тодотголтой хэрэг олны анхаарлыг татаж байгаа учраас ийнхүү нууцалж байна уу гэх хардлагыг төрүүлж байгаа юм.
Харин шүүхийн албаны эх сурвалж "Прокуророос нүүрсний гэх хэргийг хялбаршуулах журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд хандсан нь үнэн. Харин шүүх татгалзаж, хэргийг буцааж шийдвэрлэсэн" гэдгийг тодотголоо.
Ямартай ч "Нүүрсний хулгай" гэх хэрэгт холбогдсон нэр бүхий хүмүүс прокурортой ял тохиролцож, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд хандсан хэргийг шүүх хүлээж авахаас татгалзаж, прокурорт буцаах шийдвэр гаргасан байна. Ташрамд өгүүлэхэд, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг энэ долоо хоногт УИХ-д өргөн барьж, авлига албан тушаалын гэмт хэргийг прокурортой ял тохиролцож, хялбаршуулах журмаар шийдвэрлэдэг заалтыг оруулахаар болсон аж. Уг асуудлыг өчигдөр /2022.12.12/ УИХ дахь МАН-ын бүлэг хэлэлцэн юм.