АНУ-д арваннэгдүгээр сарын 3-нд болсон Конгрессын завсрын сонгуулийн урьдчилсан дүн гарч эхэллээ. Ардчилсан нам Сенатын сонгуульд хэд хэдэн ялалт байгуулсны дотор Бүгд найрамдах намын хяналтад байсан Хойд Каролина мужийн суудлыг авчээ.
Тодруулбал, Хойд Каролина мужийн захирагчаар ажиллаж байсан Ардчилсан намын нэр дэвшигч Рой Купер Бүгд найрамдах намын Майкл Уотлиг ялсан байна. Мөн Жоржиа мужид Ардчилсан намын одоогийн сенатор Жон Оссофф улиран сонгогдож, Нью-Хэмпшир мужид тус намаас нэр дэвшсэн Крис Паппас ялалт байгуулжээ.
Энэ удаагийн сонгуулиар АНУ-ын Конгрессын Сенатын 35, Төлөөлөгчдийн танхимын бүх 435 суудлын төлөө өрсөлдөж байна. Одоогоор Сенатад Бүгд найрамдах нам 53, Ардчилсан нам 47 суудалтай байгаа бол Төлөөлөгчдийн танхимд Бүгд найрамдах нам 219 суудалтайгаар олонхыг бүрдүүлж байна. Ардчилсан нам Сенатад олонх болохын тулд цэвэр дөрвөн суудал, Төлөөлөгчдийн танхимд олонх болохын тулд цэвэр гурван суудал нэмж авах шаардлагатай юм.Энэ удаагийн завсрын сонгууль нь Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны эхний хоёр жилийн үйл ажиллагаанд сонгогчид ямар үнэлгээ өгч байгааг харуулах улс төрийн чухал үйл явдал болж байна.
Сонгуулийн санал тоолох ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд Конгрессын хоёр танхимын олонхын хяналт аль намд шилжих нь хараахан тодорхой болоогүй байна. Бид сонгуулийн үйл явцыг цаг тухай бүр эргэн мэдээлэх болно.
Эх сурвалж: AP