Трамп Израилд өгдөг мөнгөн тусламжаа зогсооно гэж мэдэгджээ

Трамп Израилд өгдөг мөнгөн тусламжаа зогсооно гэж мэдэгджээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяхутай тохиролцож, энэ оны эцсээс эхлэн Израилд жил бүр олгодог дөрвөн тэрбум ам.долларын санхүүжилтийг зогсоохоор болсноо мэдэгдэв.

Мөнгөн тусламжаа зогсоож байгаа ч Ойрхи Дорнод дахь ойрын холбоотондоо зэвсэг худалдах гэрээ хэвээр үлдээх аж. Гэхдээ Трамп санхүүжилтийг яг ямар арга замаар зогсоохоо тодорхой тайлбарлаагүй байна. АНУ, Израилийн хооронд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн дагуу Вашингтон Израилд жил бүр 3.8 тэрбум ам.долларын цэргийн тусламж үзүүлдэг. Уг гэрээ 2028 оны есдүгээр сар хүртэл хүчинтэй юм. Шинжээчдийн үзэж буйгаар Трампын мэдэгдэл сонгуулийн өдөр хийсэн улс төрийн тактикийн нэг хэсэг байж болзошгүй. Израилд үзүүлэх АНУ-ын тусламж өмнө нь хоёр намын дэмжлэгийг хүлээсэн байсан ч Газын дайнаас хойш Америкийн зарим сонгогчийн дунд улс төрийн маргаантай асуудал болжээ.

Вашингтоны Израилд үзүүлэх тусламжийг 2028 оноос хойш хэрхэн өөрчлөх талаар хэлэлцүүлэг аль хэдийн эхэлж, Нетаньяху ч АНУ-ын тусламжийг цаг хугацааны явцад бууруулна гэж хүлээж байгаагаа өмнө нь мэдэгдсэн. Трамп “Fox News”-ийн “Fox & Friends” нэвтрүүлэгт оролцохдоо Израильд энэ санхүүжилт цаашид шаардлагагүй болсон, зарим Ардчилсан намын гишүүн, зүүн жигүүрийн улс төрчид АНУ-ын Израилд үзүүлж буй санхүүгийн дэмжлэгийг Бүгд найрамдахчуудыг шүүмжлэхдээ ашиглаж байна гэжээ. Тэрбээр “Израилд жил бүр дөрвөн тэрбум ам.доллар өгдөг. Беньямин Нетаньяху бид хоёр хэдэн сарын өмнө энэ санхүүжилтийг зогсоохоор тохиролцсон. Энэ оны эцэс гэхэд Израилд мөнгө өгөхөө болино гэдэг дээр аль хэдийн санал нэгдсэн. Харин шаардлага гарвал тусална” хэмээн ярьжээ.

Вашингтонд төвтэй Олон улсын стратегийн судалгааны төвийн шинжээч Жон Алтерман “Энд анхаарал татаж буй зүйл нь мэдэгдэл хийсэн цаг хугацаа юм. Ерөнхийлөгч яагаад сонгуулийн өдөр үүнийг зарлав? Мөн АНУ, Израил Иранд хамтарсан томоохон цохилт өгөхөд хэдхэн хоног үлдсэн байж болзошгүй гэсэн таамаг яригдаж байгаа энэ үед яагаад ийм мэдэгдэл хийв?” хэмээн онцолжээ. Израилийг дэмжигч зарим америк хүн Трампыг шийдвэрээ эргэн харж, санхүүжилтийг шууд зогсоохын оронд үе шаттай бууруулахыг уриалсан байна. Харин Калифорни мужийн Ардчилсан намын дэвшилтэт үзэлтэй төлөөлөгч Ро Ханна X сүлжээнд Конгрессын хяналтыг авбал Израилд үзүүлэх тусламжийг бүрэн зогсоох асуудал намынх нь мөрийн хөтөлбөрт багтана гэж бичжээ.