"Нүүрсний" гэх хэрэгт холбогдсон хүмүүсийн зарим нь "Прокурортой ял тохиролцож", хэргээ хялбаршуулах журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ханджээ

"Нүүрсний" гэх хэрэгт холбогдсон хүмүүсийн зарим нь "Прокурортой ял тохиролцож", хэргээ хялбаршуулах журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ханджээ

Сүүлийн үед авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон нэр бүхий хүмүүс гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурортой ял тохиролцон, "хялбаршуулах журам"-аар шийдвэрлүүлэх тохиолдол нэлээд гарах болсон. Тухайлбал, авилга, албан тушаалын хэрэгт холбогдон ч "хялбаршуулах журам"-аар шийдвэрлүүлсэн Д.Хаянхярваа, Б.Батзориг нарыг дурдаж болно. Ийнхүү тэд шоронд суухгүйгээр, бага дүнтэй мөнгөөр торгуулаад өнгөрч байгаа нь иргэдийн дургүйцлийг төрүүлж байгаа юм.

Тэгвэл өдгөө олны анхаарлыг татаад байгаа "Нүүрсний хулгай" гэх хэрэгт холбогдсон нэр бүхий албан тушаалтнууд прокурортой ял тохиролцож, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд хандсан гэх мэдээлэл байна. 

-ТЭДНИЙ ХЭРГИЙГ ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХАНБОГД СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ШҮҮХ РҮҮ ШИЛЖҮҮЛЖЭЭ-

Тодруулбал, "Нүүрсний хулгайчид"-ыг ил болгож, шударга ёсыг тогтоохыг шаардсан иргэд таван өдрийн турш Төв талбай дээр жагсаад байна. Харин жагсагчдын тавьсан шаардлагын дагуу энэ сарын 7 /2022.12.07/-ны өдөр хууль, хяналтын байгууллагын албан тушаалтнууд Төрийн ордонд мэдээлэл хийх үеэр Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурор Ц.Ариунболд "Нүүрсний гэх тодотголтой хэрэгт 21 хэрэг байгаа. Үүнээс гурван хэрэгт холбогдох 30 гаруй хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн" гэж мэдэгдсэн юм.

Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурор Ц.Ариунболд. 2022.12.07

Харин өчигдөр /2022.12.08/ прокурорын байгууллагаас "Нийслэлийн прокурорын газраас нүүрсний олборлолт, экспорт, боомтын нүүрс тээвэрлэлт, төлбөртэй холбоотой хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавьж, боомтын нүүрс тээвэрлэлт, төлбөртэй холбоотой хэргүүдийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн болохыг мэдээлсэн билээ. Ингэхдээ, Авто тээврийн үндэсний төв /АТҮТ/-ийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга асан К.Айдос, АТҮТ-ийн Тээврийн хэрэгслийн бүртгэл, техникийн хяналт, мэдээлэл технологи хариуцсан дэд захирал асан Х.Баярхүү, АТҮТ-ийн Цогтцэций салбарын дарга асан С.Давааням нарын хүмүүст холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн болохыг тодотгосон байдаг. Мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Тэгвэл нүүрсний гэх хэрэгт холбогдсон зарим хүмүүс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1-1 дэх хэсэгт заасныг үндэслэн прокурортой ял тохиролцож, хэргээ хялбаршуулах журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан аж. Уг хүсэлтийг Нийслэлийн прокуророос хүлээн авч, яллах дүгнэлт үйлдэн хэргийг харьяаллын дагуу Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх рүү шилжүүлсэн байна. 

Учир нь "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай" хуулийн 17.1 дүгээр зүйл. Яллагдагч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргах; 1-д "Яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж болно" гэж заажээ. Хуулийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Товчхондоо, "нүүрсний хулгай" гэх тодотголтой хэрэгт холбогдсон зарим албан тушаалтнууд нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурортой ял тохиолцож, хэргээ хялбаршуулах журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд хандсан байна. Тус хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх хэрхэн шийдвэрлэсэн талаар бид эргэн мэдээлэх болно.