Азийн хөгжлийн банкнаас 3 сая ам.долларын буцалтгүй тусламж авна

Азийн хөгжлийн банкнаас 3 сая ам.долларын буцалтгүй тусламж авна

Монгол Улс Азийн хөгжлийн банк болон Японы Засгийн газрын санхүүжилтээр 3 сая ам.долларын буцалтгүй тусламж авч, боловсролын салбар дахь жендерт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх төсөл хэрэгжүүлэхээр болжээ.

Тодруулбал, Сангийн сайд З.Мэндсайхан, Азийн хөгжлийн банкны Суурин төлөөлөгч Жон Жүхён Жеонг нар 2026 оны арваннэгдүгээр сарын 3-нд төслийн хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. Төслийн санхүүжилтийг Азийн хөгжлийн банк болон “Цэцэглэн хөгжсөн, эрсдэлд тэсвэртэй Ази, Номхон далайн бүс нутгийг цогцлоох Японы сан”-гаас олгох аж.

“Жендерт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хариу үйлчилгээг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд гурван аймгийн дөрвөн сургуулийн дотуур байрыг засварлаж, хүүхдэд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орчин бүрдүүлэхээр төлөвлөжээ. Мөн орон нутаг болон нийслэлийн нийт 12 сургуульд сургуулийн орчин дахь жендерт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хариу үйлчилгээ үзүүлэх хөтөлбөрийг шинээр нэвтрүүлэх юм. Сангийн сайд З.Мэндсайхан төслийн үр дүнд боловсролын салбар дахь жендерт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх тогтолцоо бэхжиж, хүчирхийллийн хохирогчдод үзүүлэх хамгаалал, нөхөн сэргээх үйлчилгээ сайжирна гэдгийг онцолжээ.