Монгол Улсын Засгийн газар 2027 оны улсын төсвийн төсөлд Оюу толгой төслөөс төрийн эзэмшилд ногдох гурван их наяд төгрөгийн ногдол ашгийг тусгасан. Үүнээс хоёр их наядыг эрчим хүчний салбарын хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөл, хөтөлбөрт, нэг их наядыг Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын санд төвлөрүүлэхээр төлөвлөсөн юм.
Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд Н.Учралын санаачилгаар И-Монголиа, И-Засаг цахим системээр дамжуулан ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар иргэдээс санал авсан. Санал асуулгад оролцсон иргэдийн дийлэнх нь ногдол ашгийг Хуримтлалын санд төвлөрүүлэх байр суурь илэрхийлсэн тул Засгийн газар хуулийн төслөө буцаан татсан юм. Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр /2026.11.03/ Ерөнхий сайд Н.Учрал, Сангийн сайд З.Мэндсайхан нарыг хүлээн авч уулзан, Оюу толгойн ногдол ашгийг иргэн бүрд хүртээх нь цаг үеийн шаардлагад нийцсэн шийдвэр болох талаар байр сууриа илэрхийлсэн. Тэгвэл энэ асуудлаар Сангийн сайд З.Мэндсайхан дараах тайлбарыг өглөө.
Тэрбээр “Засгийн газар төсвийн тодотголоо өргөн барихдаа Оюу толгойгоос орж ирэх ногдол ашгийн хоёр их наядыг томоохон төслүүдэд, нэг их наядыг Хуримтлалын санд төвлөрүүлнэ гэж оруулж ирсэн. Иргэдийн хувьд хуримтлалын сандаа үлдээнэ гэсэн байр суурийг илэрхийлж байгаа учраас гурван их наядыг Хуримтлалын санд үлдээхээр Засгийн газраас хуулийн төслөө буцаан татсан. Засгийн газар анхны байр сууриндаа байгаа. Өөрөөр хэлбэл, хоёр их наядыг Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн дагуу Хуримтлалын санд хийнэ. Харин нэг их наядыг Баялгийн сангийн тухай хуулийн дагуу төсөл, хөтөлбөрт зарцуулна. Мэдээж Ерөнхийлөгчийн саналыг хүндэтгэж хүлээж авсан. Гурван их наяд төгрөгийг зах зээлд шууд цутгавал эдийн засаг элгээрээ хэвтэнэ. Сангийн сайдын хувьд энэ асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй. Улс эх орон, ард түмний эрх ашиг нэгдүгээрт байх ёстой” гэлээ.