Б.Цэвээн: Нарны эрчим хүчийг ашиглан гэрийнхээ дулаан, цахилгааныг шийдэж илүүдлээ бусад өрхүүдэд үнэгүй нийлүүлдэг /ВИДЕО/

Б.Цэвээн: Нарны эрчим хүчийг ашиглан гэрийнхээ дулаан, цахилгааныг шийдэж илүүдлээ бусад өрхүүдэд үнэгүй нийлүүлдэг /ВИДЕО/

Дэлхий даяар эрчим хүчний хомстолд орж, Монгол Улсад ч нөлөөлж буй энэ үеэр нарны эрчим хүчийг ашиглан цахилгаан, дулааны асуудлаа бүрэн шийдэж, төвийн сүлжээнд үнэгүй цахилгаан нийлүүлж буй Монгол Улсын аж үйлдвэрийн дэд ажилтан Б.Цэвээн гуайг бид энэ удаа онцлон ярилцлаа. 

ВИДЕО:

Тэрбээр цахилгаан инженер мэргэжилтэй. Монгол Улсын эрчим хүчний салбарт 40 жил зүтгэхдээ хөдөлмөрөө үнэлүүлэн тушаал ахиж Дөрөвдүгээр цахилгаан станцын даргаар ажиллаж байсан юм. Өөрөөр хэлбэл монгол улс эрчим хүчний эх үүсвэр үйлдвэртэй болсон тэр үеэс буюу айл бүрийн хойморт гэрэл асаж, халуун ус шугамаар тасралтгүй урсдаг болсон үеэс өнөөг хүртэл эрчим хүчний салбарт зүтгэж буй аж. Ингэхдээ олон амжилттай ажлуудад хэрэгжүүлсэн байдаг. Үүний нэг жишээ нь түүнийг тэтгэвэртэй гарсны дараа удаах дарга нь дуудуулж гэрээ хэлэлцээр хийгдэж буй ажлыг нь дуусгахад туслах хүсэлт тавин ажиллуулснаар одоо ч тус салбартай холбоотой хэвээр явна. Хамгийн сонирхолтой нь тэр хувиараа дулаан цахилгаанаа үйлдвэрлэж, төвийн сүлжээнд үнэгүй цахилгаан нийлүүлсээр хоёр жил болжээ. Ингээд түүний ярилцлагыг хүлээн авна уу. 

-Сайн байна уу. Та юуны түрүүнд манай үзэгч, уншигчдад өөрийгөө танилцуулаач? 

-Сайн байцгаана уу. Намайг Батсүхийн Цэвээн гэдэг. 1981 онд ЗХУ-д Эрчим хүчний чиглэлээр цахилгаан инженер мэргэжил эзэмшсэн. Төгсөж ирээд Дөрөвдүгээр цахилгаан станц дөнгөж байгуулагдаж байхад босгын алхаж ороод 2018 онд тэтгэвэртээ гарсан. Одоо Монгол Улсын зөвлөх инженер, аж үйлдвэрийн ажилтан ийм хүн байна. 

-Таны хувьд гэрийнхээ цахилгаан, дулааныг шийдэж, төвийн сүлжээнд цахилгаан үнэгүй нийлүүлэх болсон гэсэн. Энэхүү ажлыг яагаад хийх болсон бэ? 

-Манай Улсад хамгийн өгөөжтэй эрчим хүч бол нарны эрчим хүч Монгол Улсыг нарны орон гэдэг. Төв азийн цээжин дээр байрладаг шүү дээ. Жилийн 365 хонгийн 300 орчим нь цэлмэг өдөр байдаг. Тийм учраас монголын газар нутагт нарны эрчим хүч ашиглах нь маш их өгөөжтэй. Мөн нарны эрчим хүчийг ашиглахад зориулсан бүтээгдэхүүний бүтээмж нь өндөр байдаг. Тиймээс шавхагдашгүй эрчим хүч буюу байгалийн эрчим хүчийг ашиглан бага ч болов цахилгаан үйлдвэрлэхийг зорьсон юм. 

-Цахилгаан болон дулаан гаргаж буй төхөөрөмжүүдийн хувьд? 

-Миний хувьд нарны эрчим хүчийг ашиглах хоёр төрлийн системийг гэртээ суурилуулсан. Нэг нь нарнаас ирж буй дулааны эрчим хүчийг ашиглан байшингийнхаа усыг халаах, халсан усаа паараар дамжуулан гэсэн үг. Нөгөөх нь нарны гэрлийг ашиглаж цахилгаан үйлдвэрлэдэг юм. Намар, хавар бүхэлдээ энэ технологиор гэрийн дулаан цахилгаанаа 100 хувь шийдэж болно. Харин өвөлдөө их хүйтэрсэн үед нэмэлт дулаан ашиглах хэрэгтэй. Цахилгааны хувьд асуудал гарахгүй жилийн дөрвөн улирал ашиглаж болно. 

-Суурилуулсан төхөөрөмжүүдийн ажиллах систем болон холбогдсон схемийн нарийвчлан тайлбарлавал? 

-Нарны эрчим хүчээр цахилгаан бүтээж буй төхөөрөмжөө байшингийнхаа гадаа суурилуулсан 22 ширхэг нарны панель /манайхан нарны толь гэх нь бий/. Эдгээр нь 1-ийг харьцах нь 2 метрийн хэмжээтэй. Нийт 22 ширхгийг хоёр эгнээ болгон угсарсан. Хүчин чадал нь 450 ватт цахилгаан үйлдвэрлэдэг. Үзүүлэлтээрээ дэлхийн түвшний тоног төхөөрөмж гэсэн үг. Хэрэв энэ панелийн ард гэрэл ойлгох шил, толь тавивал хүчин чадал нь нэмэгдэнэ. Уг панелиудын үйлдвэрлэсэн хүчин чадлыг цахилгаан утсаар дамжуулан төвийн шон буюу манай байшингийн тогоо авдаг шонд холбогдож байгаа юм. Үүнээс гэр лүгээ цахилгаан дамжуулна. Тэгэхээр бидний хэрэглэж буйгаас илүү гарсан цахилгаан энэ хавийн айлуудад хүрнэ гэсэн үг. Харин дээвэр дээр байрлуулсан төхөөрөмж маань нарны дулааныг ашиглаж доссола халаадаг. Халсан доссолань грашд байрлах нэг тонн усыг халааж, гэрийн паараар дамжуулдаг. Мөн бүх систем нь автомат буюу утаснаас харж удирдаж болдог юм. 

-Эдгээр төхөөрөмжүүдийг хаанаас авах боломжтой вэ? 

-Дээвэрт байрлах дулааны төхөөрөмж Бельги Улсын бүтээгдэхүүнд ОХУ-д салбар компани нь байдаг. Тиймээс интернэтээр үзэж судалж байгаад иж бүрдлээр нь захиалж авсан. Үүнийг судалж, гэртээ хүргүүлэн авч болдог. Найман жилийн өмнө иж бүрэн байдлаар худалдан авсан. ашиглаж эхлээд хоёр шил болоход ашгийнхаа 70 хувийг олсон байна. Харин цахилгаан үйлдвэрлэж буй нарны панель монгол компаниас худалдан авч, суурилуулсан. Ажилчид нь өөрсдөө ирж бүх юмаа нягтлаад суурилуулж өгдөг юм байна лээ. 

-Илүүдлээ төвийн сүлжээнд нийлүүлдэг гэлээ. Танай төхөөрөмж өдөрт хэдэн квт цахилгаан үйлдвэрлэж, хэдийг нь үнэгүй түгээдэг вэ?

-Яг одоо утаснаасаа харахад 24 квт цахилгаан үйлдвэрлэж байна. Нартай өдөр үүнээс илүү байдаг. Бид үүнээс сайндаа 3 квт-ыг хэрэглэдэг. Үлдсэн нь бусад өрх буюу нийтийн хэрэглээ болж байгаа юм. 

-Ер нь нэг айлын өдөрт хэрэглэх цахилгааны хэрэглээ дунджаар 3 квт гэж тооцож болох уу? 

-Тиймээ. Хөргөгч, зурагт гээд бүх цахилгаан хэргэлдэг зүйлс байсан ч 3,4 квт-ыг хэрэглэж байгаа. 

-Тэгэхээр зөвхөн өөрийн хэрэглээг хангая гэвэл хэдэн нарны панель суулгах хэрэгтэй вэ? 

-Зөвхөн өөрийн гэвэл 2,3 байхад хангалттай. 100 хувь цахилгааны асуудлаа шийднэ гэсэн үг. 

-Цаашид цахилгаан, дулааны системээ томруулах бодол байгаа юу? 

-Мэдээж байлгүй яах вэ. Цаашид мөн шавхагдашгүй эрчим хүч буюу газрын дулааныг ашиглаж байшингаа халаан гэж бодож байгаа. Энэ технологийг одоогоор зарим улс хэрэглэж эхэлсэн. Тухайлбал, Монголд газар гурван метрээс доош хөлддөггүй. Тэгэхээр тэнд 0-ос дээш градус байна гэсэн үг. Түүнийг ашиглаж дулаан үйлдвэрлэх технологи юм. 

-Эхний төхөөрөмжөө найман жилийн өмнөөс бэлдсэн байна. Хэзээнээс бүрэн дулаан цахилгаанаа өөрсдөө үйлдвэрлэж эхлэв? 

-Тиймээ. Ерөнхийдөө хийх санаагаа бодоод байж байгаад бүрэн төхөөрөмжүүдээ суулгаж, хоёр жил цахилгаан үйлдвэрлэж байна. 

-Цахилгаанаа одоогоор үнэгүй нийлүүлж байгаа гэсэн шүү дээ. Таны үйлдвэрлэж буй цахилгааныг улс худалдан авдаг болох хууль гарсан?

-Тиймээ. Би ирэх оноос гэрээгээ хийж цахилгаанаа мөнгөөр тооцуулдаг болно. Мэргэжлийн байгууллага нь шалгаад хэдий цахилгаан нийлүүлснийг нарийн тооцох юм байна лээ. Угаасаа тоолуураар гүйж байгаа учир түүнийг тооцож надад улс мөнгө өгнө гэсэн үг. Тэгэхээр энэ чинь бас нэг орлогын эх үүсвэр болчихно. /инээв/ 

-Таны ганцаараа үйлдвэрлэж байгаа цахилгааны өртөг тийм их биш ч аль болох олон айл энэ системийг хэрэгжүүлбэл улс эрчим хүчний асуудлаа шийдвэрлэх өндөр магадлалтай санагдлаа. 

-Тэгэлгүй яах вэ. Яг зөв шүү дээ. Нэг жишээ дурдъя. 2004 онд Япон Улсын нэг хот цунамигаас үүдэж цахилгаангүй болсон байдаг. Нэлээд том цахилгаан станц нь сүйрч эрчим хүчний асуудал гарч ирэхэд иргэд нь өөрсдийн хэрэглээг хангаж, улсдаа ч нэмэр болох үүднээс яг энэ технологиор асуудлаас гарч чадсан байдаг. Үүнтэй адил бид ч мөн өөрсдийн хэрэглээг хангадаг болчихвол. Төрийн нуруун дээрээс нэг том ачааг авах юм. Эсрэгээрээ төр нь ч мөн дэмжиж, энэ системийг л хөгжүүлэх хэрэгтэй юм даа. 

-Дэлхий даяар эрчим хүчний асуудалтай байгаа. Манай Улсад ч баггүй бэрхшээлүүд гарч буй талаар салбарын сайд мэдэгдэж байсан. Эрчим хүчний салбарт 40 жил зүтгэсэн хүний хувьд энэ талаар санал, бодлоо хэлбэл? 

-Манай улсын эрчим хүчний салбарт төрийн бодлого оролцож, үнэгүйдсэн. Мөн сүүлийн 30 жил монголд ямар нэгэн цахилгааны эх үүсвэр орсонгүй. Шинэ үйлдвэр баригдаагүй. Гэвч хэрэглээ нэмэгдэж байна. Тиймээс сүүлийн 2,3 жил эрчим хүчний салбар гарцаагүй чадлын дутагдалд орсон. Ачаалалтай цагуудад хэрэглээ нэмэгдэж үйлдвэрээсээ давж байгаа. Иймээс ОХУ болон Хятадаас хангамж авч байгаа. Үүний 80,90 хувийг ОХУ-аас авдаг. Цагт 300 хүртэлх мвт-ыг авдаг. Гэтэл дөрөвдүгээр цахилгаан станц буюу дотооддоо үйлдвэрлэдэг цахилгаанаа авдаг үнээс ОХУ-аас орж ирдэг цахилгаан 3,4 дахин үнэтэй. Иймд чадлын дутагдлаа зохицуулахын тулд ард түмэн нь ядаж өөрийнхөө хэрэгцээг, ядаж өдөр нь хангадаг болох хэрэгтэй байх. Хэрэв ингэж чадвал улс орон маань өөрийн эрчим хүчний хэрэглээг баталгаажуулах юм. Манай гадаа байгаа цахилгаан үйлдвэрлэгч төхөөрөмжүүдийн долоо хонгийн дотор суурилуулсан. Би долоо хонгийн дотор л үйлдвэрлэгч болсон. Тэгэхээр энэ системийг төр нь дэмжиж, ард түмэн нь өөрсдийн төлөө хийх юм бол Монгол улс цахилгаан станц бариулах гэж хэдэн арван тэрбумын өр тавилгүй. Систем тогтворжино гэж бодож байна. 

-Өөрийн мэдлэг, туршлагаа бусдад хуваалцаж, бидэнтэй ярилцсан танд баярлалаа. 

-Та бүхэнд бас баярлалаа. Иргэд өөрсдийнхөө төлөө байгалиа түшиглэж хэмнэж амьдраасай гэж хүсэж байна.