ЖДҮХС-г татан буулгаж оронд нь “Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих сан”-г байгуулна

ЖДҮХС-г татан буулгаж оронд нь “Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих сан”-г байгуулна

-ЖДҮХС-г ТАТАН БУУЛГАСНААР 120-190 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН
САНХҮҮЖИЛТ ЗОГСОНО-

Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг өргөтгөхөд гол дэмжлэг үзүүлдэг ЖДҮХС-ийн мөнгийг УИХ-ын гишүүд нь хуваагаад “идчихсэн” үйлдлийг илрүүлээд удаагүй байтал тус сантай холбоотой гол гонсоймоор нэгэн шийлвэрийг УИХ-аас гаргахаар болсон байна.

Тодруулбал, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан (ЖДҮХС), Тариалан эрхлэлтийг дэмжих сан (ТЭДС), Мал хамгаалах сан (МХС)-г татан буулгахаар болжээ.

Оронд нь дээрх гурван сангийн үйл ажиллагаа, чиг үүргийг нэгтгэсэн “Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих сан” (ҮҮДС)-г шинээр байгуулахаар Тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барьсан байна. Энэ хууль хэрэгжиж эхэлснээр улсын төсвөөс зөвхөн ЖДҮ-ийн салбарыг бодлогоор дэмжин олгодог 10 хувийн санхүүжилт буюу жилдээ 120-190 тэрбум төгрөг зогсоно гэж жинхэнэ ЖДҮ-чид ярьж байна.

Мөн ЖДҮ-ээс олгодог 300 саяас нэг хүртэл тэрбум төгрөгийн зээлийг банкаар дамжуулан олгодог болно. Энэ ч яахав, эртнээс танилцуулж явсан санал. Гэхдээ ЖДҮ-ийн зээлийн босго буюу шалгуурыг өндөрсгөж , их төвөгтэй болгожээ.

Тодруулбал, ҮҮДС-гаас зээл хүсэгч нь аль нэг банк, ББСБ-д өр зээлгүй байх ёстой гэсэн шалгуурыг тавьсан байна.  Гэтэл энэ нь ажил хийж байгаа, үйлдвэрлэл эрхэлж буй хэн, нэгэнд тохирохгүй шаардлага болж таарав. Өнөөдөр ард иргэдийн 99 хувь нь хэрэглээний, цалингийн болон арилжааны зээлийг өндөр хүүтэй банк, ББСБ, ломбарднаас авсан байдаг. Ингэснээр Үндсэндээ ЖДҮХС-гийн гурван хувийн хүүтэй зээл зогсох нь.

2018 онд ЖДҮХС 99 тэрбум төгрөгийг 200 гаруй аж ахуй нэгжид өгснөөс үүний 100 гаруй нь УИХ-ын гишүүн болон тэдний хамаарал бүхий компани байсан. Харин 2019 онд олон нийтийн хяналттай 47 тэрбум төгрөгийг 500 орчим жинхэнэ ЖДҮ-чдэд өгсөн байна.

Энэ бол хоёр дахин бага мөнгийг хоёр дахин их аж, ахуй нэгжид өгч болдгийг харуулсан жишээ.

Үнэхээр ЖДҮ-ийн зээл жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд амин чухал санхүүжилт. Гэтэл зээлийг санг багасгаж, үйл ажиллагааг хумиж байгаа нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн урмыг хугалсан шийдвэр болж байна.

Тиймээс ч гурван санг нэгтгэх дээрх шийдвэрийг жинхэнэ ЖДҮ-чид эсэргүүцэж ойрын өдрүүдэд мэдэгдэл хийхээр болсон байна.

-Б.ПҮРЭВДОРЖ: 2020 ОНЫ СОНГУУЛЬД ЖДҮ-ЧИН ГИШҮҮН
ГЭДЭГ ХОЧ НЭР ДЭВШИХЭД НЬ НӨЛӨӨЛНӨ ГЭЖ ҮЗЭЭД
ТАТАН БУУЛГАХААР ШИЙДЭЖ-

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “ЖДҮХС-гаас парламентын 49 гишүүн зээл авсан. Гэтэл энэ зээлийг авсан сангаа хэд хэдэн  сантай нэгтгэхээр татан буулгах гэж байгаа юм байна. 2020 оны сонгуульд ЖДҮ-чин гишүүн гэдэг хоч нэр дэвшихэд нь нөлөөлнө гэж үзээд эрх баригчид татан буулгахаар шийдсэн байна. Санг татан буулгаснаар хариуцлага нэхэх субьект байхгүй болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, ЖДҮ-гийн гэмт хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн болон бусад албан тушаалтнуудыг шалгах субьект нь байхгүй болж, хэрэг нь хаагдаад явах юм байна. Угаасаа хөөн хэлэлцэх хугацаагаар энэ гэмт хэрэг хаагдах хугацаа дөхөж байгаа ч биз. ЖДҮ сангаа татан буулгаж, ЖДҮ нэрээ хусахын тулд эрх баригчид ийм үйлдэл хийж байна. Ард түмэн хийсэн хэргийг нь мартахгүй шүү” гэж чуулганы хуралдааны үеэр хэлсэн юм.

Үнэхээр түүний хэлсэнчлэн 2020 оны сонгуульд нэр цэвэр орохын тулд эрх баригчид ийм үйлдэл гаргаж буй үнэхээр харамсалтай. Тэдэнд нийт үйлдвэрлэл эрхлэгчдийн 90 хувь жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлдэг шүү гэдгийг сануулмаар байна.

Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариу тайлбар өгөхдөө “Засгийн газрын 29 тусгай санг 21 болгохоор төсөлд тусгасан. Тухайлбал, нэг байранд байдаг ТЭДС, Мал хамгаалах сан, ЖДҮХС-г нэгтгээд нэг сан байгуулахаар тусгасан” хариуг өгөөд байна.

ЖДҮХС-аас жижиг үйлдвэрлэл эрхлэгчид, Мал хамгаалах сан болон Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас томоохон аж, ахуй нэгжүүд зээл авч үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл нэг байранд ажилладаг гэх шалтгаанаар л чиг үүрэг нь тэс өөр байгууллагуудыг нэгтгээд байвал ЮУ БОЛЖ ХУВИРАХ ВЭ?.