Г.Занданшатар: 2023 онд 5.7 тэрбум ам.долларын өр төлөх тул эдийн засагт эрсдэл учруулж болзошгүй байна

Г.Занданшатар: 2023 онд 5.7 тэрбум ам.долларын өр төлөх тул эдийн засагт эрсдэл учруулж болзошгүй байна

УИХ-ын дарга Г.Занданшатарын намрын чуулганыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ агуулгыг хүргэж байна. 

Цар тахал, геополитикийн хурцадмал нөхцөл байдлаас үүдэлтэй дэлхий нийтийг хамарсан үнийн өсөлт, мөнгө-санхүүгийн бодлогын эрс өөрчлөлт, геостратегийн хүндхэн цаг үед энэ удаагийн намрын чуулган эхэлж байна. Дэлхийн улс төр, эдийн засагт үүсээд байгаа энэхүү “тектоник шилжилт” нь бидний өнгөрсөн 30 жилийн алдаа, эмзэг байдалтай нийлж, тээвэр логистикийн хүндрэл, валютын хомсдол, гадаад өрийн дарамт, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөр дамжин эдийн засаг, ард иргэдийн амьжиргаанд хүнд цохилт өгч байна. 

Улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлуудыг даван туулахын зэрэгцээ өнгөрсөн 30 жилийн алдаа завхралыг нэг мөр засаж залруулан улс төрийн шинэчлэл хийх, эдийн засгийн өөрчлөлтийг хэрэгжүүлж, хөгжил дэвшлийн шинэ ирээдүйг эхлүүлэх, Шинэ сэргэлтийн бодлого, ард түмэндээ амласан мөрийн хөтөлбөрөө биелүүлэхэд энэ удаагийн чуулган илүү төвлөрч ажиллах шаардлагатай байна.

Цар тахал, дэлхий дахины хурцадмал нөхцөл байдал, үүнээс улбаатай тээвэр, эдийн засгийн хүндрэл сүүлийн 40 гаруй жилд болоогүй үнийн өсөлтийг бий болголоо. Манай эдийн засгийн өсөлт 2022 оны эхний хагаст 1.9 хувь болсон нь цар тахлын өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангуй сул байгаа бөгөөд инфляц улсын хэмжээнд сүүлийн 10 сар дараалан хоёр оронтой тоонд хадгалагдаж, үнийн өсөлтөөс шалтгаалж ард иргэд, өрхийн болон бизнесийн бодит орлого, цалин буурч байна. Үүн дээр төлбөрийн тэнцлийн алдагдал оны эхний 8 сарын байдлаар 1.5 тэрбум ам.долларт хүрч, гадаад валютын нөөц 2.4 тэрбум ам.доллар болж буурсан нь харанга дэлдэж байна.

Энэхүү нөхцөл байдал цаашид үргэлжилбэл ард иргэдийн амьжиргааг улам доройтуулах, үнийн өсөлтийг гааруулах, эдийн засгийн сэргэлтийг удаашруулах бодит эрсдэл нүүрлэж байгаа юм. Ийнхүү гадаад таагүй орчин, дотоод эдийн засгийн амаргүй нөхцөл байдалтай байгаа энэ цаг үед Монгол Улс ирэх жилүүдэд ихээхэн хэмжээний гадаад өрийн төлбөр тооцоо хийх, тухайлбал ирэх 2023 онд л гэхэд 5.7 тэрбум ам.долларын өр төлөх үүрэгтэй байгаа нь бас нэг эрсдэл учруулж болзошгүй байна.

Хэдийгээр богино хугацаанд гадаад, дотоод нөхцөл байдлаас шалтгаалсан эрсдэл нүүрлэж байгаа боловч урт хугацаанд Монгол Улсын ирээдүй гэрэл гэгээтэй, тод томруун байгаа.

Ойрын хугацаанд ургац хураалт, мах бэлтгэлээс эхлээд намрын ажил, өвлийн бэлтгэлийг сайтар базаах талаар цаг алдалгүй арга хэмжээ авч, онцгой хариуцлагатай ажиллах шаардлагатай байна. Саяхан УИХ-ын ажлын хэсэг бид орон нутагт ажиллаж, Ерөнхийлөгчийн санаачилсан Хүнсний хувьсгалын хэрэгжилт, намрын ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэлтэй танилцлаа. Намрын ургац хураалт үр тариа 33 хувьтай, хүнсний ногоо 70, өвөлжилтийн бэлтгэл 30 хувьтай байна. Ихэнх нутгаар амаргүй өвөл болж магадгүй гэдэг нь олон жилийн судалгаа, ажиглалтын дүн, байгаль дэлхий, малчин түмний сануулгаар илэрч байгаа шүү. Тиймээс өвөлжилтийн бэлтгэлийг эрчимжүүлж, өвөлжилт хүндрэх эрсдэлтэй 11 аймагт өвлийг өнтэй давах “Хамжихгүй бол амжихгүй” бүх нийтийн аян өрнүүлье.Эдийн засгийг яаралтай тогтворжуулах бодлогын 5 цогц арга хэмжээ нь дараах асуудлуудад чиглэнэ.

Үүнд:

Нэгдүгээрт, Төсвийн реформыг эрчимжүүлье.

Төсвийг нээлттэй хэлэлцүүлж шинэчлэлийг олон нийтийн саналд тулгуурлан шинжлэх ухааны үндэстэй хэрэгжүүлэх нь хамгийн ойрын зорилт мөн. 2023 оны төсвийг хэлэлцэн батлахдаа өнөөгийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд шинжлэх ухаанчаар дүн шинжилгээ хийж, үр ашиггүй зардлыг хэмнэж, үнийн өсөлт, импортын хэрэглээг өдөөх зардал, хөрөнгө оруулалтуудыг царцаан танаж, халамж, бүтээмжийн бодлогод шаардлагатай тохиргоо хийж, төсвийн алдагдлыг бууруулах замаар өрийн тогтвортой байдлыг хангахад юуны түрүүнд анхааръя.

Хоёрдугаарт, Орлогын реформ хийж “Орлоготой иргэн” хөтөлбөр хэрэгжүүлье.

Энэхүү шинэчлэл нь нэгдүгээрт, хүн амын орлогыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих “Орлоготой иргэн” хөтөлбөр хэрэгжүүлэх, хоёрдугаарт, төсвийн байгууллагууд орлого олж цалингаа нэмэх эрх зүйн орчин боломжийг бүрдүүлэх, улмаар татварын бааз суурийг өргөтгөн, төсвийн орлогыг нэмэгдүүлэх замаар төсвийн алдагдлыг бууруулах явдал гэж үзэж байна.

Үйлдвэрлэж, бүтээхийн төлөө зүтгэж, бодит үр дүнд хүрч байгаа сайхан жишээнүүд цөөнгүй байна. Жижиг, дунд үйлдвэрүүдийг татвар, зээл, хөрөнгө оруулалтын бодлогоор дэмжих нь зайлшгүй чухал байна. Энэ бол хөлсөө гаргаж хөдөлмөр эрхэлсэн хүн л сайхан амьдардаг нийгмийг бүтээх бидний эрхэм зорилгод нийцнэ.

Жижиг, дунд бизнес нь хөдөлмөр эрхлэх сонирхол тэмүүллээс эхэлдэг. Хөдөлмөрлөх, бүтээх хүсэл тэмүүлэл нь зах зээлийн хөдөлгүүр, хөгжил дэвшлийг хөшүүрэгдэх хүч юм. Тиймээс ЖДҮ-ийг дэмжих нь улсынхаа хөгжлийг, иргэдийнхээ амьжиргааг тэтгэж байна гэсэн үг юм.

Орлого багатай буюу тогтмол бус орлоготой, аж ахуй эрхлэх, амьжиргаагаа өөд татах эрмэлзэл байвч, барьцаа хөрөнгөгүйн улмаас зээл авч чаддаггүй иргэд олон бий. Ийм хүмүүс, аж ахуйн нэгжүүдэд зориулсан “Итгэлийн зээл”-ийг хуульчилж, төрийн санхүүжилтээр дэмжих зайлшгүй шаардлага байна. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж, хүнсний ногоо, мод тариалах мэт өрхийн бизнесийг эхний ээлжинд “Итгэлийн зээл”-д хамруулахаар Монголбанк мөнгө зээлийн бодлого боловсруулж байна.

Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхийн тулд үндэсний үйлдвэржилтийг дэмжих ёстой. Эх оронч худалдан авалтыг нийтээрээ эрхэмлэж, ялангуяа төрийн байгууллагууд үндэсний үйлдвэрлэлээ дэмждэг байх хэрэгтэй байна. Нэг жишээ татъя. “Эрдэнэт” үйлдвэр өнгөрсөн сард 145.0 сая төгрөгийн дүнтэй ургамлын тос худалдан авах тендер зарлажээ. Ингэхдээ гадаадаас ургамлын тос авна гэсэн байх юм. Монголд “Mind Tech”, “Гацуурт” зэрэг хэд хэдэн компани ургамлын тос үйлдвэрлэж, зарим нь гадаадад экспортолж байгаа. Ийм жишээ олон бий. Тиймээс эх оронч худалдан авалт хийхэд төрийн бүх түвшинд анхаарах хэрэгтэй.

Түүнчлэн төсвийн төвлөрлийг сааруулж, төсвийн болон төрийн бүх байгууллагыг зах зээлийн зарчимд шилжүүлж, үндсэн үйл ажиллагаанаасаа нэмэлт орлого олж, нийгмийн асуудлаа шийдвэрлэх эрхийг нээсэн эрх зүйн шинэчлэл хийх цаг болсон гэж үзэж байна.

Гуравдугаарт, Зарлагын реформ ч зайлшгүй чухал байна.

Инфляц өндөр түвшинд хүрч, урсгал дансны алдагдал өсөж байгаа энэ үед зардлаа боломжит түвшинд хүртэл багасгах нь гарцаагүй чухал. Орлого өгөөжгүй зүйлд мөнгө зарахгүй байх зарчмыг баримталж, үр дүн, гүйцэтгэлийн санхүүжилтийн зарчимд шилжье. Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн тогтолцооны бодит үр дүн ийм боломж байгааг харуулж байна.

Дөрөвдүгээрт, Аж үйлдвэржилтийг дэмжиж, бизнесийн орчныг эрс сайжруулан, хөрөнгө оруулалтыг татах шаардлагатай байна.

Энэ хүрээнд хөрөнгө оруулалтыг эдийн засгийн бүхий л салбарт нэмэгдүүлэх, нээлттэй, ойлгомжтой, харилцан ашигтай, шударга байх зарчмыг баримтлах, Засгийн газраас зарласан хөгжлийн төслүүдийг төр, хувийн хэвшлийн оновчтой түншлэлд тулгуурлан аж үйлдвэржилтийн сэргэлтийг  хэрэгжүүлэх нь зүйтэй байна. Хөгжилд хөтлөх мега төслүүдээ бодитоор хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

Монгол Улсад хариуцлагатай уул уурхайг дэмжиж, хөрөнгө оруулагчдын итгэлийг буцааж сэргээхийн тулд хууль эрх зүйн орчноо сайжруулах шаардлагатай. Үүний тулд Үндэсний баялгийн сангийн тухай болон Ашигт малтмалын тухай хуулийн төслүүдийг хойшлуулалгүйгээр төсвийн бодлоготой уялдуулан хэлэлцэн батлах шаардлагатай байна.

Баялаг бүтээгчдийг дэмжих эрс шийдэмгий, шинэ бодлого хэрэгтэй байна. Төрийн зарим төрлийн үйлчилгээг гэрээний үндсэн дээр мэргэжлийн холбоод, МҮХАҮТ-аар гүйцэтгүүлэх хуулийг баталж үр дүнтэй хэрэгжүүлье.

Тавдугаарт, Хяналт, сахилга, хариуцлагын шинэчлэлийг бодитой хэрэгжүүлье.

Дээрх зорилтуудыг бодитой хэрэгжүүлэхийн тулд хяналт, сахилга хариуцлага сайн байх шаардлагатай.