ВИДЕО: ЕБС-ийн орчинд хүүхдүүд хүнсийг хамгийн хямд үнэтэйг нь сонгож худалдан авдаг тул, МУУ хүнс их худалдаалагдаж байна

ВИДЕО: ЕБС-ийн орчинд хүүхдүүд хүнсийг хамгийн хямд үнэтэйг нь сонгож худалдан авдаг тул, МУУ хүнс их худалдаалагдаж байна

ЕБС-ийн орчимд үйл ажиллагаа эрхэлж буй жижиглэн худалдааны газруудад худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүнүүдийн чанар аюулгүй байдалд МХЕГ-аас хяналт шалгалтыг хийжээ.

Тус хяналт шалгалтын хүрээнд хүүхдэд худалдаалахыг хориглосон хүнсийг худалдаалсан, гарал үүсэл нь тодорхойгүй, хадгалах хугацаа нь хэтэрсэн бараа бүтээгдэхүүнийг зарж байсан нийтлэг зөрчил илэрсэн байна. Иймд бид хүүхдүүд юу нь дээр тулгуурлаж худалдан авалт хийдэг болоод хүнсний бүтээгдэхүүний үнэ чанарын талаар сурвалжиллаа.

ВИДЕО: 

Эрүүл мэндийн сайдын 2013 оны 207 тоот тушаалд Цэцэрлэгийн хүүхэд, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан хоол үйлчилгээнд хориглох хоол хүнсний түүхий эд, хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг баталсан байдаг. Уг жагсаалтад нийт 21 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг дурдсан бөгөөд үүнд,

  1. Чихэр, мөхөөлдөс, шоколад зэрэг энгийн нүүрс ус ихтэй хүнсний бүтээгдэхүүн
  2. Нийлэг буюу химийн аргаар гарган авсан кремтэй бүтээгдэхүүн
  3. Бүх төрлийн цуужуулсан, утсан, лаазалсан, бүтээгдэхүүн (давсалсан самар, цуу, загас, хиам, махан бүтээгдэхүүн, зайдас) 
  4. Өндөг, хуурай өндөг, майонез
  5. Байгалийн бус өтгөрүүлсэн сироп ашиглаж үйлдвэрлэсэн бүх төрлийн шүүс
  6. Бүх төрлийн хийжүүлсэн ундаа
  7. Кофе
  8. Их тосонд шарсан бүтээгдэхүүн, хоол хүнс (шарсан төмс, шаржигнуур тахиа)
  9. Түргэн хоол (пицца, гамбургер, хотдог
  10. Төрөл бүрийн нийлэг химийн аргаар гаргаж авсан хоол амтлагч (вигор, дошида)
  11. Шөлний тос, өөхөн тос түүгээр хийсэн бүтээгдэхүүн (гэрийн хайрсан боорцог, мушгиа боов) 
  12. Хайлуулсан элсэн чихэрт дүрж амталсан гурилан бүтээгдэхүүн
  13. Дулааны боловсруулалтад орсноос хойш тасалгааны хэмд 3 цаг буюу түүнээс дээш хугацаанд хадгалсан болон хоносон хоол, хүнсний бүтээгдэхүүн 
  14. Холбогдох хяналтын байгууллагаас эрсдэлийн үнэлгээ хийлгээгүй хувиргасан амьд организмоос гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, биологи (бактер буюу нян, хөгц мөөгөнцөр г.м) болон химийн бохирдол (ариутгагч бодис, шавж устгалын бодис г.м)-оор бохирдсон хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдээр бэлтгэсэн хоол хүнс 
  15. Технологийн горим мөрдөөгүй хийсэн (дулааны боловсруулалтад дутуу оруулсан, боловсруулалтын хугацаа алдагдсан г.м) хоол хүнс
  16. Төрөл бүрийн гүн болон хагас хөлдөөсөн бүтээгдэхүүн 
  17. Дагалдах бичиг баримтгүй (шинжилгээний бичиг, гарал үүслийн бичиг) хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдээр бэлтгэсэн хоол хүнс 
  18. Хувь хүнээс (гар дээрээс) шууд худалдан авсан хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдээр хийсэн хоол хүнс
  19. Хоол, хүнсний бүтээгдэхүүн бүхэлдээ буюу зарим хэсэг нь бохирдсон, ялзарч муудсан, эсвэл хүнсний хэрэгцээнд тохирохгүй болсон 
  20. Өвчтэй болон үхсэн мал, амьтны мах, дотор эрхтэн 
  21. Мах махан бүтээгдэхүүнд хөнөөл учруулах, хордуулах, ялзруулагч бодис агуулсан материалаар хийсэн сав, боодол ашигласан зэрэг багтдаг аж.

Гэвч дээрх жагсаалтад дурдсан хоол, хүнсний бүтээгдэхүүн сурагчдын хамгийн ихээр хэрэглэдэг зүйлс байгаа бөгөөд дийлэнх нь сургуулийн эргэн тойрны дэлгүүрт худалдаалагддаг бараа бүтээгдэхүүн. Тэгвэл эдгээр хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэх гол нөхцөл бол эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ өдөр хичээл болон чөлөөт цагаараа юу идэж, ууж буйг анзаардаггүй явдал. Дийлэнх эцэг эхчүүд бэлэн мөнгө өгч явуулдаг нь нэг талаараа чанаргүй бараа борлуулагчдыг өөхшүүлж буй явдал гэж хэлж болно.

СУРАГЧ: ТОМ АМТТАН ХЯМДХАН БАЙДАГ УЧРААС ҮНЭ ЧУХАЛ

Тодруулбал, манай сурвалжлах алба ЕБС-ийн ойр орчмын дэлгүүр, жижиглэн худалдааны газруудад орж үзэхэд үнэ хямд ч чанарын хувьд баталгаа гэх зүйлийг амлаж хэлж чадахгүй байв. Гэхдээ хүүхдүүд хэзээ ч баталгаа чанарыг асуухгүй гэдгийг ч тэд мэдэж буй.

  • ХУДАЛДАГЧ 1: Бараа ирж л байдаг дуусаж л байдаг. Хүүхдүүд л хойно амттанд дуртай. Иймээс тэдний хүссэнг худалдаална. Үйлчлүүлэгчээ хүндэлнэ.
  • ХУДАЛДАГЧ 2: Бэлэн мөнгөтэй сурагчид их. Эцэг эхчүүд хоол ундыг нь сайн бэлдэж өгвөл дэлгүүрээс бэлэн юм авахгүй. Зарагдаж борлуулалт их байгаа учраас бид бараагаа татаж ашгаа бодно. Гэх мэтчилэн яриа өгөхөөс эрс татгалзсан хэд хэдэн дэлгүүрийн худалдагчтай бид таарлаа.

Харин сурагчдын хувьд бага, дунд, ахлах анги зэргээс хамааран өдөр бүр, долоо хоногтоо, сардаа хэрэглээний мөнгө гэх зүйлийг авдаг бөгөөд түүгээрээ ихэвчлэн амттан авдаг тухайгаа бидэнтэй хуваалцсан юм.

  • СУРАГЧ 1: Надад долоон хоногтоо 2-3 удаа 1000 төгрөг өгдөг. Түүгээрээ пирожки ундаа авдаг. Надад амттаны үнэ их чухал. Учир нь том бүтээгдэхүүнүүд хямдхан байдаг.
  • СУРАГЧ 2: Аав ээжээс гарын мөнгө гэж өгч байгаа. Гарын мөнгөндөө тааруулж л худалдан авалт хийдэг. Та захын ЕБС-ын ойр орчмын дэлгүүр ороход 10 хүүхэд тутмын 5 нь танд ингэж хариулах болов уу. Тэд гэнэн томоогүй насан дээрээ амт чанарыг тийм ч айхтар чухалчилж үзэхгүй.

Жишээлбэл, хүүхдүүдийн хамгийн өргөн хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнд сурагчдын 66 хувь нь хийжүүлсэн ундааг хэрэглэдэг гэх тооцоо гарсан байна. Үүнийг 1500-4100 төгрөгийн хооронд худалдан авдаг бөгөөд дараа нь пирожки ордог аж. Тус бүтээгдэхүүний хувьд хямд үнэтэй, илчлэг өндөртэй тул сурагчид ихээр хэрэглэх шалтгаан болдог. Гэвч хүүхдүүд хямд үнийг бодож, гар дээрээс ил задгай худалдан авах тохиолдол их гарч эрүүл мэндээрээ хохирсоор байна. Харин сургуулиудын цайны газар, буфетэд жимс жимсгэнэ огт худалдаалдаггүй. Иймд сурагчдын эрүүл бус хүнсний бүтээгдэхүүний хэрэглээг бууруулахын тулд сургуулийн буфет, цайны газраас гадна сургуулийн орчинд үйл ажиллагаа явуулж буй дэлгүүр, цайны газруудад арга хэмжээ авах шаардлагатай байна.