ХБ-НЫ ЗЭЭЛ: Н.Тавинбэх, Л.Халтар, Б.Цэнгэл нарт даалгасан компаниудын өр барагдуулах ажил удааширч, "ЗОВЛОН" тоочих болжээ

ХБ-НЫ ЗЭЭЛ: Н.Тавинбэх, Л.Халтар, Б.Цэнгэл нарт даалгасан компаниудын өр барагдуулах ажил удааширч, "ЗОВЛОН" тоочих болжээ

Засгийн газрын өчигдрийн /2022.08.24/ хуралдаанаар Хөгжлийн банкнаас олгосон зээлийн өр төлбөрийг барагдуулах зарим арга хэмжээний талаар хэлэлцсэн. Тэр дундаа Төрийн өмчит компаниудын зээлсэн 595.6 тэрбумыг хэрхэн барагдуулах асуудлаар голлон ярилцжээ.

Хөгжлийн банканд өртэй Төрийн өмчит есөн компанийн нэрс болон зээлийн хэмжээ 

 

-ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ 30 ХОНОГИЙН ХУГАЦААТАЙ ҮҮРЭГ ДААЛГАВАР ӨГЧ ТӨРИЙН ӨМЧИТ ЕСӨН КОМПАНИЙН ЗЭЭЛСЭН 595.6 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ЭРГЭН ТӨЛҮҮЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛ ГЭЖЭЭ-

Өнгөрсөн зургаадугаар сард дээрх Төрийн өмчит есөн компанийн 595.6 тэрбум төгрөгийн зээлийг эргэн төлүүлэх Засгийн газрын 220 тоот тогтоолыг гаргаж холбогдох албаныханд үүрэг даалгавар өгсөн байдаг. Гэтэл дээрх шийдвэрийн биелэлт хангалтгүй, хариуцсан хүмүүс нь ажлаа хийхгүй байгаа учир Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар 220 тоот тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх 30 хоногийн хугацаатай үүргийг холбогдох сайд нар болон төрийн өмчит компанийн удирдлагуудад өгсөн байна.

Тэгвэл тус компаниуд өр төлбөрөө барагдуулахгүй байгаа шалтгаанаа хэрхэн тайлбарласан талаарх мэдээллийг бид хүргэж байна. Учир нь “Эрдэнэс Монгол” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эгийн голын усан цахилгаан станц” ТӨХХК, “МИАТ” ТӨХК нь шалтгаанаа тодорхой тайлбарлаж чадахгүйн дээр аар, саархан шалтагаар өнөөдрийг хүргэжээ. 

-МИАТ, "ЭРДЭНЭС МОНГОЛ" ЗЭРЭГ КОМПАНИУД ТОДОРХОЙГҮЙ ШАЛТГААНААР ЗЭЭЛ ТӨЛӨХ АЖЛЫГ УДААШРУУЛЖ БАЙГАА ЮУ-

Тухайлбал ,“Эрдэнэс Монгол” ХХК-ийн 156 тэрбум төгрөгийн өрийг барагдуулах ажлыг тус компаниудын ТУЗ-ын дарга Д.Батбаатар, Б.Энх-Амгалан нарт даалгасан ч ТУЗ нь хуралдаж чадахгүй байгаа аж. Өнгөрсөн долдугаар сарын 6-ны өдөр “Эрдэнэс Монгол” ХХК-ны ТУЗ хуралдаж “Эрдэнэс Тавантолгой” ХК-д чиглэл хүргүүлж, 2019 оны ногдол ашгийг хуваарилах замаар Хөгжлийн банкны чанаргүй зээлийг төлж барагдуулахыг даалгасан тогтоолыг баталсан байна.

Гэтэл “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга өвчтэй гадаадад эмчилгээтэй байгаа тул хуралдах боломжгүй болж ногдол ашиг хуваарилах талаар шийдвэр гаргаж чадаагүй гэх тайлбарыг Засгийн газарт өгсөн байна.

Харин  “Эгийн голын усан цахилгаан станц” ТӨХХК-ийн чанаргүй зээлийн 49 тэрбумын өр төлбөрийг барагдуулах саналыг боловсруулан танилцуулахыг Эрчим хүчний сайд Н.Тавинбэхэд даалгажээ. Гэтэл одоогоор уг өр төлбөрийг хэрхэн барагдуулах талаар тодорхой санал танилцуулагдаагүй байна. Мөн “МИАТ” ТӨХК-д агаарын хөлөг худалдан авахад зориулан олгосон 15 тэрбумын зээлийн үлдэгдлийг тус компанийн хувьцааг Хөгжлийн банканд эзэмшүүлэх арга хэмжээг авч, компанийн дүрэмд өөрчлөлт оруулахыг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл, “МИАТ” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга С.Батболд нарт даалгасан. Гэтэл тогтоолд тусгагдсан хувьцаа эзэмшүүлэхтэй холбоотой тодорхой ажил хийгдсэн эсэх нь мөн тодорхойгүй байгаа аж.

Бид дараагийн удаа бусад компанийн зээлээ төлөхгүй байгаа шалтгаан нөхцлийг хүргэх болно.

Ташрамд дурдахад, Хөгжлийн банкны нийт олгосон зээлийн багцад эзлэх чанаргүй зээлийн үлдэгдэл (NPL) нийт зээлийн 1.8 их наяд төгрөгт хүрсэн байсан. Тэгвэл өнөөдөр дээрх зээлээс 514.5 тэрбум нь төлөгджээ. Үүнээс 262.9 тэрбум төгрөгийн зээл бүрэн төлөгдсөн байна.