Үндсэн хуулийн 27.2-д “Улсын Их Хурлын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа далан таваас доошгүй ажлын өдөр чуулна” гэж заасан. Товчхондоо, хуулийн энэхүү өөрчлөлтийн дагуу парламент өмнөхөөсөө олон удаа хуралддаг болсон гэсэн үг. Иймд энэ жилийн намрын чуулган эрт эхэлж магадгүй байна.
Харин 2024 оны парламентын сонгуулийг холимог /пропорционал-мажоритар/ системээр явуулж, УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэхийн тулд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт /ҮХНӨ/-ийг хийх шаардлагатай гэсэн “тунхаг бичиг”-т улс төрийн намууд зургаадугаар сард гарын үсэг зурсан.
Тэгвэл энэ сар /2022.08/-д УИХ-ын ээлжит бус чуулган зарлагдаж, Үндсэн хуулийн дээрх өөрчлөлтийг хэлэлцэж магадгүй байна. Учир нь УИХ-ын гишүүдийн зөвлөхүүдийг наймдугаар сарын 01 /2022.08.01/-ны өдөр гэхэд зуны амралтаа дуусгаж, ажилдаа орохыг УИХ-ын Тамгын газраар даалгасан аж. Тодруулбал, ҮХНӨ-ийг хэлэлцэх УИХ-ын ээлжит бус чуулганд бэлдэж байгаа гэнэ.
Тэгвэл УИХ-ын гишүүдийн тоог одоо байгаа 76 гишүүдийн тоог хоёр дахин нэмэгдүүлж, 152 болгон нэмэгдүүлэх хувилбар яригдаж байгаа аж. Харин 2024 оны УИХ-ын сонгуулийг “холимог” буюу мажоритар болон хувь тэнцүүлэх тогтолцоо хосолсон байдлаар хийх талаар яригдаж байна. Ингэхдээ парламентын гишүүдийн 50 хувийг улс төрийн намын авсан саналд нь хувь тэнцүүлэн хөрвүүлэн сонгох бол, үлдсэн 76 гишүүнийг “томсгосон мажоритар” буюу нэг тойрог /нэг аймаг/ олон мандат /хуучнаар нь/-тай хийхээр ярилцаж байгаа аж.
Мөн ҮХНӨ-өөр “Төрийн сүлд”-ийг өөрчлөх асуудал яригдаж байна. Ингэхдээ хуучин сүлдээ ашиглаж соёмбоо авъя гэсэн хувилбар яригдаж байгаа аж. Учир нь одоогийн сүлд нь эрх чөлөөт Монгол улсыг бэлгэдэж зурсан нь илүү модернист хандлагатай. Далавчтай морь нь ардчилал, эрх чөлөөг бэлгэдэж Монгол улс тусгаар тогтнолоо олсныг илэрхийлдэг. Харин соёмбо бол завилж суусан хүн. Гэтэл эзэнгүй морь гэж харагддаг аж.