“Guys” хамтлагийн дуучин Х.Бат-Ундралыг хар тамхины хэргээр шалгаж байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.
Тодруулбал, “Guys” хамтлагийн “Сургууль минь баяртай” тоглолт өнгөрсөн тавдугаар сарын 30-ны /2025.05.30/өдөр болсон. Тухайн тоглолтын үеэр тус хамтлагийн гишүүн, дуучин Х.Бат-Ундрал хар тамхи, мансууруулах төрлийн төрлийн бодис, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл хэрэглэсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож, энэ дагуу цагдаагийн байгууллагаас шинжилгээ авч, улмаар мөрдөн шалгах ажиллагааг явуулж байсан юм.
Тэгвэл Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх дуучин Х.Бат-Ундралд холбогдох зөрчлийн хэргийг хэлэлцээд түүнд 30 хоногийн баривчлах шийтгэлийг дүйцүүлэн 450 нэгжтэй тэмцэх хэмжээний буюу 450 мянган төгрөгөөр торгох шийтгэх ногдуулжээ.
Тодотговол, шүүхээс Х.Бат-Ундралыг Зөрчлийн тухай хуулийн тавдугаар бүлэг буюу нийтийн хэв журам, аюулгүй байдлын эсрэг гэмт зөрчил гаргасан хэмээн үзэж, түүнд 30 хоногийн баривчлах шийтгэл ногдуулсан бөгөд тус шийтгэлийг дүйцүүлэн 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Х.Бат-Ундрал нь гэр бүлийн хувьд хүндэтгэн үзэх шалтгаантай, мансуурсан үйлдэл нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэмжээнд биш хэмээн шүүхээс үзэж, ийнхүү торгох шийтгэл оногдуулсан аж.
Зөрчлийн тухай хуулийн 5.1-3 дахь хэсэгт “Мансуурсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна” гэж заажээ.