Герман улс ирэх сарын 1-нээс Оросоос нүүрс худалдан авахаа бүрмөсөн зогсооно

Герман улс ирэх сарын 1-нээс Оросоос нүүрс худалдан авахаа бүрмөсөн зогсооно

ХБНГУ наймдугаар сарын 1-нээс ОХУ-аас нүүрс худалдан авахаа бүрмөсөн зогсоож, 12 дугаар сарын 31-нээс Оросын газрын тосноос татгалзана гэж тус улсын Канцлер Олаф Шольцын эдийн засгийн асуудал эрхэлсэн туслах Йорг Кукис мэдэгдлээ.

"Зүүн Европ дахь Зөвлөлтийн эзэнт гүрний хэрэгсэл болж байсан газрын тос дамжуулах “Дружба” хоолойн түүхийг мэддэг хүн бүр энэ хараат байдлаас ангижрах нь тийм ч энгийн зүйл биш гэдгийг мэднэ, гэхдээ энэ бол бидний хэдхэн сарын дараа хүрэх зүйл юм" гэж Кукис өнөөдөр Сиднейн эрчим хүчний чуулга уулзалтад үг хэлэхдээ мэдэгдсэн байна.

Тэрбээр мөн ирээдүйд Оросын хийг орлох шийдлийг олох асуудал одоо улс орных нь хувьд гол бөгөөд маш хэцүү ажил гэдгийг тэмдэглэжээ. Үүнийг хийхийн тулд Герман улс байгалийн шингэрүүлсэн хий хүлээн авах терминалуудыг хурдацтай хөгжүүлж байгааг Кукис онцолсон байна. Үүний сацуу тэрбээр “АНУ, Катар улсууд хамтран 30 орчим тэрбум шоо метр шингэрүүлсэн хий Европт нийлүүлэх боломжтой" боловч ОХУ-ын хийг орлоход одоогоор хангалтгүй гэдгийг хүлээн зөвшөөрчээ.

Австралийн Засгийн газар болон Олон улсын эрчим хүчний агентлагаас хамтран зохион байгуулж буй Олон улсын эрчим хүчний чуулга уулзалт долоодугаар 12-13-ны өдрүүдэд Сидней хотноо болж байна.

Чуулга уулзалтад Австрали, Энэтхэг, Индонез, Самоа, АНУ, Япон улсын Эрчим хүчний сайд нар, бизнесийн салбарын төлөөлөл, ногоон технологийг хөгжүүлэгч томоохон компаниудын удирдлагууд оролцож, Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг цэвэр эрчим хүч рүү шилжүүлж, нүүрстөрөгчөөс ангижруулах, олон улсын болон бүс нутгийн цэвэр эрчим хүчний нийлүүлэлтийн шинэ аюулгүй сүлжээг бий болгох, сэргээгдэх эх үүсвэрүүдийг нэвтрүүлэх, нөөцийг бий болгох, түүнчлэн санхүүжилт, хөрөнгө оруулалтын тэгш хүртээмжийг хангах асуудлуудыг хэлэлцэж байна.