Наадамд уралдах хурдан морь болон унаач хүүхдийн бүртгэл долдугаар сарын 7-ны 09:00 цагт эхэлж, долдугаар сарын 9-ний 22:00 цагт дуусна хэмээн Хурдан морины салбар хорооноос мэдээллээ.
Бүртгүүлэхэд тавигдах шаардлага:
- Уралдаанч хүүхэд, уяач өөрийн биеэр ирэх
- Хүүхдийн төрсний гэрчилгээ
- Эрүүл мэндийн тодорхойлолт
- Гэнэтийн ослын албан журмын даатгалын дэвтэр
- Уралдаанч хүүхдийн карт /Өмнө нь уралдаанд оролцож бүртгүүлж байсан бол тухайн картаар бүртгэнэ/
- Эцэг, эх болон уралдаанд оролцуулж буй уяачийн утас, регистрийн дугаар
- Хүүхдээ хурдан морь унахыг зөвшөөрсөн эцэг, эх, асран хамгаалагчийн зөвшөөрөл
- Хурдан морь уралдаанч хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч нь хурдан морины эзэн, уяачтай хийсэн аюулгүй байдлын гэрээ шаардлагатай.
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 10 дугаар зүйлийн 10.12 дугаар зүйлд заасны дагуу дараах баримт бичгийг үндэслэн бүртгэж, дугаар олгох юм байна.
- Хурдан морь унахыг зөвшөөрсөн тухай уралдаанч хүүхэд, түүний эцэг, эх, асран хамгаалагчийн тодорхойлолт
- Уралдаанч хүүхдийн төрсний гэрчилгээ болон хүүхдийг ослын даатгалд даатгуулсан тухай бичиг баримт
- Уралдах морины нас, угшлын талаарх үнэн зөв тодорхойлолт
Наадамд уралдах морь тус бүрийг нас, насны ангиллаар уралдах өдрийн өглөө стандарт, хэмжил зүйн газраар баталгаажуулсан автомат төхөөрөмж /лазер хэмжигч/-өөр хэмжих юм байна. Бүртгүүлэхдээ уралдах морьдыг авч ирэх шаардлагагүй гэв.
Улсын баяр наадмын хурдан морины уралдаан долдугаар сарын 10-нд 07:00 цагаас хязаалан насныхаар эхэлнэ