СУДАЛГАА: АНУ-аас манай улсад хандивласан 5-11 насны хүүхдэд зориулсан “Файзер” вакцины тухай таны МЭДЭХ ЁСТОЙ зүйлс

СУДАЛГАА: АНУ-аас манай улсад хандивласан 5-11 насны хүүхдэд зориулсан “Файзер” вакцины тухай таны МЭДЭХ ЁСТОЙ зүйлс

АНУ-аас 302,400 тун коронавирусийн эсрэг хүүхдийн “Файзер”(Pfizer) вакцин хандивласныг энэ сарын 18-ны өдөр манай улс хүлээн авсан билээ.

Гэвч зарим иргэний зүгээс хүүхдэдээ вакцин хийлгэхийг эрс буруушааж, “вакцин бол хор” гэх мэтээр цахим сүлжээнд байр сууриа илэрхийлж байна.

"UNICEF Mongolia"-ийн пейж хуудсанд нийтлэгдсэн зурагны доор бичсэн сэтгэгдлүүд

Мэдээж вакцин хийлгэх эсэх нь тухайн иргэний сонголтын асуудал. Гэвч асуудалд ийнхүү шинжлэх ухаанч бусаар хандах нь сөрөг үр дагавартай. Тиймээс бид иргэдэд мэдлэг өгөх үүднээс АНУ-аас хандивласан 5-11 насны хүүхдийн “Файзер” вакцины талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.

-ВАКЦИНЫ ХОЁР ТУНГ ХИЙЛГЭСЭН ХҮҮХДҮҮД ВАКЦИН ХИЙЛГЭЭГҮЙ ХҮҮХДҮҮДТЭЙ ХАРЬЦУУЛАХАД КОРОНАВИРУСЭЭР ӨВЧЛӨХ МАГАДЛАЛ 91 ХУВИАР БАГА БАЙЖЭЭ-

Коронавирусийн халдвар авсан ихэнх хүүхдэд ямар нэг шинж тэмдэг илэрдэггүй, эсвэл маш хөнгөн өвчилдөг. Гэсэн ч хүүхэд дамжуулагч болж, гэр бүлийнхээ эрсдэлт бүлгийнхэн буюу өндөр настан, архаг суурь өвчтэй хүмүүс, жирэмсэн эхчүүдэд вирус тараах өндөр эрсдэлтэй. Тиймээс эрдэмтэн, судлаачид коронавирусийн эсрэг хүүхдийн вакцин бүтээх ажилд ханцуй шамлан орсон юм.

Улмаар өнгөрсөн оны 10 дугаар сард АНУ-ын Хүнс, Эмийн Хэрэг Эрхлэх Газрын (FDA) дэргэдэх экспертүүдийн зөвлөл 5-11 насны хүүхдүүдэд зориулсан Covid-19 өвчний эсрэг “Pfizer” вакцинд зөвшөөрөл өгөхийг олонхын саналаар дэмжсэн байдаг.

ВАКЦИН ЯАЖ АЖИЛЛАДАГ ВЭ. “Pfizer” вакцин нь аливаа амьд вирус агуулдаггүй тул коронавирусээр өвчлөх шалтгаан болохгүй. Вакцин өргөст уураг хэмээх SARS-CoV-2 вирусийн гол хэсгийн генетик кодыг агуулдаг бөгөөд тариулсны дараагаар хүүхдийн бие өөрөө уг өргөст уургийг хувилан олшруулна. Ингээд хүүхдийн дархлааны систем COVID-19-р өвчлүүлэгч SARS-CoV-2 вирусийг таних, үүний эсрэг хамгаалах үйлдэл хийхэд суралцдаг байна.

ВАКЦИНЫ ТУРШИЛТЫН ТАЛААР. Анх вакцины эмнэлзүйн туршилт болон аюулгүй байдлын судалгаанд 5-11 насны 3500 гаруй хүүхдийг хамруулжээ. Туршилтын үр дүнд вакцин 90.7 хувийн үр дүнтэй болох нь тогтоогдсоныг тухайн үед “Файзер”-ын эрдэмтэд баталж байв. Хоёр тунг хийлгэсэн хүүхдүүд вакцин хийлгээгүй хүүхдүүдтэй харьцуулахад COVID-19-ээр өвчлөх магадлал 91 хувиар бага байжээ. Мөн туршилтад хамрагдсан хүүхдүүдэд ямар нэгэн ноцтой гаж нөлөө илрээгүй байна. Вакцин хийлгэснээс хойших эхний 1-2 хоногт илэрч болзошгүй гаж нөлөө нь хүүхдүүдэд өсвөр насныхан болон залуучуудтай харьцуулахад бага байсан. Хамгийн түгээмлээр

  • гар хөндүүрлэх,
  • толгой өвдөх,
  • ядрах зэрэг шинж тэмдэг илэрсэн байна. Эдгээр гаж нөлөө нь ихэвчлэн өөрөө арилах ба зарим үед парацетамол эсвэл ибупрофен зэрэг жоргүй эмээр эмчлэгддэг бөгөөд эмчид үзүүлэх шаардлагагүй гэжээ.

Туршилтад хамрагдсан хүүхдүүдэд ямар нэгэн гаж нөлөө илрээгүй байна

ХҮҮХДИЙН ВАКЦИНЫ ТУН. Хүүхдэд хийж буй “Pfizer” вакциныг 12 ба түүнээс дээш насныханд хийж буй вакцинаас өөр хэмжээгээр боловсруулсан. Тодруулбал, хүүхдэд хийж буй вакцин нь 12 ба түүнээс дээш насныханд хийж буй вакцинаас тун болон нийт хэмжээний хувьд бага юм. “Pfizer” компанийн мэдээлснээр уг насны бүлгийнхэнд зориулсан вакцин 10 микрограммын тунтай бол 12-оос дээш насны хүүхдүүдийн вакцины тунгийн хэмжээ 30 микрограмм юм. Вакциныг хоёр тунг 8 долоо хоногийн зайтайгаар хийх бөгөөд энэ хугацааг хамгийн ойрхондоо 3 долоо хоногийн зайтай байхаар богиносгож болох аж.

-5-12 НАСНЫ ХҮҮХДҮҮДЭД ЗОРИУЛСАН “PFIZER” ВАКЦИНЫГ ЯМАР ОРНУУД ХЭРЭГЛЭЖ БАЙНА ВЭ-

Олон нийтийн сүлжээнд зарим иргэн “хэрэглэхгүй, ашиглаагүй үлдсэн вакцинаа манай оронд шахаж байна” эсвэл “өөрсдийнхөө хүүхдүүдэд хийхээс өмнө бидний хүүхдүүдэд турших гэж байна” гэх мэт сэтгэгдлийг цөөнгүй бичжээ. Гэвч өндөр хөгжилтэй орнууд 5-12 насны хүүхдүүдээ “Pfizer” вакцинаар дархлаажуулж байна.

Тухайлбал, үйлдвэрлэгч АНУ-д 2021 оны 11-р сарын 4-ний өдрөөс эхлэн 5-11 насны хүүхдүүдийг “Pfizer” вакцинаар дархлаажуулж эхэлсэн. 2021 оны 12-р сарын байдлаар, энэ насны 5 сая гаруй хүүхэд “Pfizer” вакцины эхний тунг, 2 сая гаруй хүүхэд хоёр тунг хийлгэсэн гэсэн тоон мэдээллийг тус улсын Хүнс, Эмийн хэрэг эрхлэх Газар гаргасан байна. Мөн энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар Австралид 5-11 насны 2.3 сая хүүхэд вакцинжуулалтад хамрагдаад байна. Эдгээр улсаас гадна:

  • Европын холбоо: Өнгөрсөн оны 12 дугаар сард Европын холбоо 5-11 насны хүүхдэд зориулсан “Pfizer” вакцины нэвтрүүлэх ажлыг эхлүүлэв.
  • Итали: Тус улс мөн өнгөрсөн оны 12 дугаар сард 5-11 насны хүүхдүүдэд зориулсан вакцин хийхийг зөвшөөрсөн
  • Франц: Тус улс өндөр эрсдэлтэй хүүхдүүд болон архаг суурь өвчтэй, жирэмсэн эмэгтэйчүүд гэх мэт эмзэг бүлгийн хүмүүстэй хамт амьдардаг хүүхдүүдэд вакцин хийхийг зөвшөөрсөн
  • Бүгд Найрамдах Чех улс: Чех улс өнгөрсөн онд 5-11 насны 700 мянган хүүхдийг тус вакцинаар дархлаажуулжээ.
  • Их Британи: 2021 оны 9 дүгээр сараас 5-11 насны хүүхдүүдээ вакцинжуулж эхлэв
  • Шотланд: Өнгөрсөн оны байдлаар 12-15 насны хүүхдүүдийн 70 хувь вакцин хийлгэжээ.
  • БНСУ: БНСУ-ын Засгийн газар 5-11 насны хүүхдүүдийг өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээс “COVID-19”-ийн вакцинд хамруулж эхэлсэн.
  • Малайз: Малайзын Засгийн газар өнгөрсөн хоёрдугаар сарын 3-ны өдрөөс 5-12 насны хүүхдүүдийг вакцинд хамруулах хөтөлбөрийг эхлүүлжээ.

Энэ мэтчилэн өндөр хөгжилтэй орнууд 5-11 насныханд зориулсан “Pfizer” вакцинаар аль хэдийн хүүхдүүдээ дархлаажуулаад эхэлжээ. Нөгөө талаар дэлхий дээр өдөр бүр олон сая хүн халдвар авч, байгалийн жамаар вирус тасралтгүй мутацад орсоор байна. Мутацаас халдварлах чадвар, хүндрэл, нас баралт өндөртэй хувилбар гарч ирэх нь цаг хугацааны асуудал бөгөөд дийлэнх эрдэмтэн ийм хувилбар намар гарна хэмээн тооцоолжээ. Иймд ирэх намраас 60 наснаас дээш хүн амаа КОВИД-19 халдварын эсрэг нэмэлт тунд хамруулах шийдвэрийг дэлхийн олон оронд гаргасан байна.

Дэлхий даяар бүртгэгдээд буй коронавирусийн тохиолдол

Европын холбооноос гишүүн орнууддаа намрын давлагаанд зориулсан зөвлөмж хүргүүлсэн байна. Зөвлөмжид вакцины нэмэлт тунг эрчимжүүлэх, тандалт өргөжүүлэх, цар тахлын дараа эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хөрөнгө оруулалтаа нэмэх, иргэдийг зөв мэдээллээр хангах, эмийн хангамж, нөөцийг нэмэх, шинэ эм, вакцины хөгжүүлэлтийг эрчимжүүлэх талаар тусгажээ.

Манай улс дараагийн давлагаанд бэлтгэн, хариу арга хэмжээ авч байгаа талаар албаныхан мэдээлсэн юм.

Нийтлэлийн эх сурвалж: Cnbc, Nature, Pfizer, https://www.health.gov.au/, FDA