Манай улстай хиллэдэг гол боомтын нэг болох БНХАУ-ын Эрээн хотод коронавирус илэрсэн тул өчигдрөөс /2022.06.02/-өөс эхлэн хатуу хөл хорио тогтоож, авто болон төмөр замын хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаанд зогсоосон байна.
-ЦАГААНДЭЛ-УУЛ БООМТЫГ НЭЭХ АЖЛЫГ ТҮР ТҮДГЭЛЗҮҮЛСЭН НЬ БНХАУ-ЫН ТАЛЫГ БУХИМДУУЛЖЭЭ-
Тус хилийг хэзээ нээх нь одоогоор тодорхойгүй байна. Ингэснээр Эрээний хилээр дамждаг манай улсын экспорт, импортод сөрөг нөлөө үзүүлэх нь тодорхой юм. Тэгвэл тус боомтыг хаасан нь Цагаандэл-Уул боомтыг нээх асуудалд хойрго хандсан Засгийн газрын шийдвэрт өгч буй БНХАУ-ын хариу юу гэх хардлага байна.
Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өмнөговь аймагт ажиллах үеэрээ удаан гацсан уртын тээврийг эхлүүлж, Шивээхүрэн зэрэг хэд, хэдэн боомтоор нүүрс гарч эхэлснийг зарласан. Энэ үеэр тэрбээр Цагаандэл-Уул боомтыг нээхийг ЭСЭРГҮҮЦЭЖ буй нутгийн иргэдтэй уулзсан юм.
Нутгийн иргэд тус боомтыг нээхийг эсэргүүцэж өнгөрсөн жилээс тэмцэж буй бөгөөд хамгийн сүүлд Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэхээр очсон төрийн албан хаагчид руу чулуу шидэж хөөсөн байдаг. Ерөнхий сайдаас өмнө Хууль зүйн сайд Х.Нямбаатар очоод иргэдтэй учраа олж чадахгүй бууж өгөөд буцсан гэх. Энэ уур амьсгал Ерөнхий сайдыг өнгөрсөн долоо хоногт очиход ч үргэлжилж иргэд дийлсэн гэж хэлж болно.
Өөрөөр хэлбэл, өнөө маргаашгүй бүтээн байгуулалтын ажлаа хийх шаардлагатай боомт нээх асуудлаар "судалж үзье" гэх хариуг Ерөнхий сайд Л.Оюу-Эрдэнэ нутгийн иргэдэд өгснийхөө дараа хотод ирээд Засгийн газрын хурлаараа "боомт нээхийг түр хойшлуулах" гэсэн шийдвэрийг гаргасан. Тэгвэл энэ нь нутгийн иргэдэд баяр хөөр, БНХАУ-ын талд уур уцаар болсон талаар албаны эх сурвалж мэдээллээ. Учир нь Цагаандэл-Уул боомт нээхийг БНХАУ-ын талаас хүлээж өөрийн хил дээр бүтээн байгуулалтын ажлаа хийсэн байгаа. Харин манайх концессоор замаа тавих гээд иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч гацаанд ороод буй.
БНХАУ-ын талаас боомт нээх үйл ажиллагааг хурдлуулж, шуурхай ажилласангүй, хэлсэндээ хүрсэнгүй гэдэг байр, суурийг илэрхийлж манай Засгийн газрыг буруутгаж ихээхэн бухимдалтай байгаа аж. Энэ нь Эрээний хилийг хаахад хүргэсэн үү гэдэг хардлага ч төрүүлж байгаа юм. Засгийн газрын танхимаас Зам тээврийн сайд Л.Халтар, Сангийн сайд Б.Жавхлан, Уул уурхайн сайд Г.Ёндон нар тус боомтын бүтээн байгуулалтыг явуулах ёстой гэсэн байр, суурьтай байгаа гэх.