Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн Ази, Номхон далайн хэлтсийн Монголыг хариуцсан захирал Жин Пак Тураныг 2025.09.11-ний өдөр хүлээн авч уулзлаа.
Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сан Монгол Улсын зургаан аймгийн 18 суманд хөдөөгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, амьжиргааг тогтвортой дээшлүүлэх зорилгоор “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийг хэрэгжүүлсэн.
Энэ талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр “Бид НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сантай олон жил амжилттай хамтран ажиллаж ирсний баталгаа нь “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төсөл. Мал аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, байгаль цаг уурын эрсдэлийг даван туулах, бичил, жижиг бизнес эрхлэгчдийн орлогыг сайжруулах, хөрөнгө оруулалтын ажлуудыг төслийн хүрээнд орон нутгийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан зохион байгуулахад 6 аймагт 22 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийснээс 16 тэрбум төгрөгийг төслийн зээлийн эх үүсвэрээс, 6.6 тэрбум төгрөгийг орон нутгаас санхүүжүүлсэн гэдгээрээ энэ төсөл онцлогтой. Ийнхүү зөвхөн төслийн санхүүжилтээр бус орон нутгийн хөрөнгө оруулалт, оролцоог хангаж, хүлээх үүрэг хариуцлагыг нэмэгдүүлсэн нь төслийн хэрэгжилт, үр дүн сайн гарч, сайн туршлагыг бий болгосон төсөл болсон гэж үзэж байна. Монгол Улсын бодлогын баримт бичгүүдэд заасан зорилтот хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд улсын төсөв хязгаарлагдмал учир гадаадын зээл, тусламж мөн чухал үүрэг гүйцэтгэнэ. Үүнтэй холбогдуулан Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн нэмэлт зээлийн эх үүсвэрээр “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил төсөл”-ийн II үе шатыг хэрэгжүүлэхийг бүрэн дэмжиж байгааг илэрхийлсэн албан тоотыг Сангийн сайд болон Эдийн засаг, хөгжлийн сайдад манай яамны зүгээс хүргүүлсэн. ХХААХҮЯ-ны зүгээс уг төслийн II үе шатыг хэрэгжүүлэхэд бүх талаар дэмжин ажиллана” гэлээ.
НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн Ази, Номхон далайн хэлтсийн Монголыг хариуцсан захирал Жин Пак Туран “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн II үе шатыг энэ онд багтан батлахаар ажиллаж байгаа гэдгийг дуулгалаа. Талууд төслийн II үе шатын хамрах хүрээ, хамтран ажиллах үйл ажиллагааны чиглэлийн талаар санал солилцов.