Өмнөговь аймгийн Ханбогд сумын ИТХ-ын тэргүүлэгч Ц.Сайхандэлгэрийг хуулийн байгууллагаас баривчлан, шалгаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ.
Тодруулбал, Ц.Сайхандэлгэр нь тус суманд 30 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр баригдсан "Дулааны цахилгаан станц"-ын тендер сонгон шалгаруулалтын ажлын хэсэгт ажиллахдаа сонгон шалгаруулалтад хууль бусаар нөлөөлж, хахууль авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон аж. Тиймээс цагдаагийн байгууллагаас өнөөдөр /2025.09.11/ тус суманд шалгалтын ажиллагаа явуулж, Ханбогд сумын ИТХ-ын тэргүүлэгч Ц.Сайхандэлгэрийг баривчилсан байна. Тэрбээр хахуулийн мөнгөөрөө “Lexus 600” маркийн машин худалдан авсан байсныг хураагаад байгаа гэдгийг эх сурвалж мэдээллээ. Мөн уг хэрэгт Эрчим хүчний яамны албан тушаалтнууд, ДЦС-3, 4 ТӨХК-уудын инженерүүд холбогдсон байж магадгүй юм байна.
Ташрамд өгүүлэхэд, Өмнөговь аймгийн Ханбогд сумын ИТХ-ын тэргүүлэгч Ц.Сайхандэлгэр нь Өмнөговь аймгийн ИТХ-ийн тэргүүлэгч, ЗДТГ-т хэлтсийн дарга зэрэг олон албан тушаал хашиж байсан бөгөөд төрийн албаар хөлжсөн нэгэн гэгддэг байна.