Монгол Улс болон Оросын Холбооны Улсын хамтарсан цэргийн археологийн хайгуулын экспедиц Дорнод аймгийн Халх гол сумын Халхын голын байлдаан болсон газар оронд өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр хоёр дахь удаагийн малтлагын ажлаа эхлүүлээд байна.
2025 оны есдүгээр сарын 5-9-ний өдрүүдэд эхний шатны хайгуулын явцад Монгол Улcын төлөөх ариун дайнд нэгдэн амь эрсэдсэн Зөвлөлтийн цэргийн шарилууд, тэсэрч дэлбэрэх зэвсэг, цаасан суурьтай баримтууд болон тухайн үеийн орос офицеруудын хэрэглэж байсан энгэрийн цаг, зоосон мөнгө зэрэг үнэт олдворуудыг илрүүлэн гаргаад байна. Энэ удаагийн малтлагаар ОХУ-ын шинжээчид хээрийн нөхцөлд байгуулсан түр лабораторид олдворуудыг нарийвчлан шинжилж, тэдгээрийн хэн болох, ямар зориулалттай эд зүйлс болохыг тогтоон баримтжуулах судалгааг явуулж байна. Монголын талаас тус малтлагыг Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Ц.Буяндэлгэр удирдан ажиллаж байгаа бол ХХЕГ-ын Хил судлалын хүрээлэнгийн хурандаа Н.Басангийн удирдлага дор дөрвөн албан хаагчийн бүрэлдэхүүнтэй баг Шалын толгой болон “Мөнхийн дархан хил хөшөө сүндэрлэх өндөрлөгт хоёр бүлэг болон ажиллаж байна. Одоогийн байдлаар нийт 42 цэргийн шарилыг илрүүлэн, 217 ширхэг тэсэрч дэлбэрэх зэвсгийг аюулгүй болгосон байна.
Энэ удаагийн малтлага нь Халхын голын байлдаанд амь биеэ үл хайрлан тэмцсэн эх оронч Монгол-Зөвлөлтийн цэргүүдийн, тэр дундаа хилчдийн ариун цус шингэсэн газарт өрнөж буйгаараа онцгой юм. Энэ нь зөвхөн өнгөрсөн үеийн гавьяаг хүндэтгэн дурсаад өнгөрөх биш, харин тэдний баатарлаг үйлсийг мөнхжүүлэн Монголын түүхийн хуудсанд шинээр Халхын голын археологи хэмээх шинэ хуудас нээж, ирээдүйд үлдэх үнэт эх сурвалж юм.